ГССҮТ-ийн онцгой газрыг Гавьяат эмч сүйрүүлэх нь

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

ГССҮТ-ийн онцгой газрыг Гавьяат эмч сүйрүүлэх нь

Монгол улсад ганцхан байдаг, Төрийн өмчийн гэх тодотголтой нэгэн газар шунхай эдгээдийн гарт орчихоод байна гэвэл дэндүү өвөрдөлтэй сонсогдож байгаа биз.

Төр өөрийнхөө эд хөрөнгөд эзэн нь болж чадахгүй байгаагийн томоос том жишээ нь энэ болж байна. Ер нь тэгээд мөнгө л бол Дархан цаазат газар, төрийн онцгой бүс юу ч биш гэдгийг ч давхар харуулаад авлаа. Гол зүйлээ дуулгая. Манайд цорын ганц байдаг яаралтай түргэн тусламжийн нисдэг тэрэг буудаг газар дээр барилга барихаар бүр хашаагаа хашаалаад авчихсан байна гэдэгт та итгэх үү.

Ганцхан байдаг энэ газар маань Гэмтэл согог судлалын үндэсний төвийн арын хашаанд байдаг. Онцгой тохиолдол гарсан үед өвчтөнүүдийг нисдэг тэргээр авчирах үед буулгаж яаралтай түргэн тусламж үзүүлдэг энэ газар уг нь төрийн мэдлийнх. Гэтэл тэнд хэд хоногийн өмнөөс барилга барина хэмээн хашаалсан байна. Энэхүү үйлдлийг эмнэлгийн эмч нар нь хичнээн эсэргүүцээд ч нэмэргүй байгаа. Бүр нүхээ ухахаар ирэхэд нь эмч нар нь газраа хамгаалж шороон дээр нь хэвтэж байж болиулсан гэнэ. Үүнийг аргаа барсан хүмүүсийн үйлдэл гэхээс өөр юу гэж тайлбарлах вэ.

Учир нь эмнэлгийн удирдлагууд энэ бол онцгой газар, төрийн мэдлийнх гэхээр бид бүх зөвшөөрлийг авчихсан гэдэг байна.

Бараг олон хүний амиар дэнчин тавьж байгаагаас өөрцгүй энэ барилга нь "Мон Мэс" гэх нэгэн хувийн эмнэлгийнх гэнэ. Хамгийн сонирхолтой нь түүний эзэн нь Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, Эрүүл мэндийн яамны газрын даргаар хоёр ч удаа томилогдон ажиллаж байсан, мөн Улсын төв клиникийн даргаар ажиллаж байсан Л.Жамбалжав гэнэ. Уг нь энэ хүн эрүүл мэндийн салбарт хийсэн юмтай, хэлэх үгтэй хүн.

Гэтэл яагаад олон хүний аврал болсон энэ газарт өөрийн эмнэлгээ барих гээд байгааг эмнэлгийг удирдлагууд ухаж ойлгохгүй гайхширан сууна. Л.Жамбалжав эмч өөрийн гэсэн эмнэлэггүй биш эмнэлэгтэй. Гэвч өөрийн ашиг орлогынхоо төлөө бусдыг амийг золионд гаргах нь эмч хүний чанар мөн үү. Монгол улс шагналаа буруу хүнд өгчихсөн юм биш үү. Уг нь түүнд хүний амийг аварсан гавьяаг нь үнэлж "Гавьяат" цолоо олгосон байлтай.

Ер нь тэгээд манайдаа ганцхан байдаг яаралтай түргэн тусламжийн нисдэг тэрэг буудаг газраа гавьяандаа гаарсан эмчийн гарт өгчихөөд юу бодож суух вэ?

Хамгийн ойрын жишээ татая. Та санаж байгаа бол хэдэн жилийн өмнө МИ8 нисдэг тэрэг осолдож олон хүн алтан амиа алдсан. Уг нь тэдгээр хүмүүсээс ч олон хүн амиа алдаж болох байсныг ганцхан энэ газар амийг нь аварсан гэхэд нэг их буруудахгүй. Амьд үлдсэн хүмүүсийг нисдэг тэргээр зөвхөн энэ газарт буулгаж байж л амь насыг нь аварсан шүү дээ. Түүний хүчээр өнөөдөр тэдгээр хүмүүс амьд мэнд биднийхээ дунд ажил амьдралаа залгуулж явна.

Энэ талаар тус эмнэлгийнхэн Нийслэлийн Газрын алба, Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газарт ханджээ. Одоогоор хариу ирээгүй байнаа гэнэ.

Хэрвээ энэ газарт барилга баригдаад ирвэл түргэн тусламжийн машин нь орж чадахааргүй байдал үүснэ хэмээн эмнэлгийн удирдлагууд санаа зовж сууна. Тус эмнэлгээр өдөрт 150-200 гаруй хүн үзүүлж яаралтай түргэн тусламж авдаг байна.

Эх сурвалж: WWW.CHUHAL.MN
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж