Японы өмнөд муж Окинава дахь пуужингаас хамгаалах системийг бүрэн бэлэн байдалд оруулсан гэж Японы Батлан хамгаалахын яамны төлөөлөгч мэдэгдсэн байна. Пуужинг эсэргүүцэн хамгаалах системийг Окинава мужийн баруун өмнөдийн Нанзе, Мияко, Исигаки болон Наха гэдэг дөрвөн том хотод байрлуулсан ажээ. Хиймэл дагуулыг хөөргөх пуужин нь эдгээр хотуудын дээгүүр нисэх магадлалтай гэж үзэж байгаа юм.
Пуужинг эсэргүүцэн хамгаалах газрын системээс гадна холын тусгалтай харвах пуужин бүхий гурван шумбагч онгоцыг Японы болон Хятадын тэнгист байрлуулах гэнэ. Шумбагч онгоцууд дахь “Эс-эм-3” пуужин нь Хойд Солонгосын хиймэл дагуул хөөргөх пуужин чиглэлээсээ хазайх юм уу хурдаа алдсан тохиолдолд устгах аж.
Пхеньян энэ дөрөвдүгээр сарын 12-16-ны хооронд пуужин хөөргөхөө зарласан билээ. Хойд Солонгосын эцэг Ким Ир Сений 100 насны ойд зориулан энхийн зорилгоор пуужинг хөөргөнө гэж мэдэгдэж байгаа ч олон улс орнууд энэ нь баллистик пуужин байх магадлалтай гэж эсэргүүцэж байгаа юм.
Хиймэл дагуулыг хөөргөх Хойд Солонгосын пуужингийн эхний хэсэг Өмнөд Солонгосын баруун эрэг хавийн тэнгист унах бөгөөд пуужин Япон улсын нутаг дэвсгэр дээгүүр нисэх гэнэ. Пуужингийн хоёр дахь хэсэг Филиппиний Лусон арлын ойролцоо далайд унах аж.
Япон улсын нутаг дэвсгэрт пуужин эсвэл пуужингийн хэсэг ямар нэгэн аюул занал учруулах юм бол пуужинг устгах тушаалыг Японы Батлан хамгаалахын сайд Наоки Танака хэдийн өгсөн юм.