Дундговийн тал нутгаар мянган бээр аяллаа. Аялал тун сонирхолтой, адал явдалтай. Учир нь их сонин хүнийг дагалдсан юм. Тэр хүн бол Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Архигүй Монгол” сүлжээний соён гэгэээрүүлэх ажлын хэсгийн ахлагч, ХЗДХЯ-ны харьяа Архидалт мансуурлын эсрэг үндэсний эвслийн удирдагч, ”Эрүүл, идэвхитэй амьдралын төлөө” төвийн гүйцэтгэх захирал, Монголын ард түмний гавьяат, 2011 оны шилдэг лектор, “Дундговь-Мөнхболор” сангийн захирал… гээд олон цол гуншинтай Жамбалын Цогтсугар. Утга зохиолын дээд шагнал “Алтан өд” хүртсэн яруу найрагч юм. Тэр хүний танхимыг эзэмдэх чадвар, илтгэх урлагийг сонсогчид хачин талархалтай хүлээн авлаа. Эрдэнэдалай, Говь-Угтаал, Гурвансайхан, Баянжаргалан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо сумын алинд ч гэлээ 150-320 хүн танхим дүүргэн бүтэн хоёр цагийн лекцийг ялаа ниссэн ч сонсдохоор нам жим чагнахыг яана. Бусад суманд амралтын өдөр таарсан, албан хаагчид амралтын өдрөө ямаагаа самнахаар хөдөөг зорьсон байсан ч гэлээ танхим дүүрэн байсныг тэмдэглүүштэй.
Адаацаг сумын өндөр настан Намхайжанцан, Говь-Угтаал сумын төвд түр аж төрж байгаа ахмад багш Х.Буджав нар амьдралдаа архи амсаагүйгээ эрт хөгшрөөгүй, өвчин эмгэггүй ануухан байгаагийн нууц болохыг энэ үеэр ярьж залууст сургамжилсан.
Цагаандэлгэр суманд нэрд гарсан урлагийн одод ирээд үзэгчид цуглаагүйгээс тоглолтоо хийж чадалгүй буцсан удаа цөөнгүй ч эндхийхэн эл лекцийн зар сонсмогц цуглан ирсэнд удирдлагууд нь хүртэл гайхаж байна лээ. Энэ нь Монголын нийгэм архинаас залхсан, архины эсрэг хөдөлгөөнд нэгдэх хүсэл эрмэлзэл, нийгмийн хүлээлт хаа сайгүй байгаагийн илрэл юм даа.
Ж.Цогтсугир нийгмээ архидалтаас цэвэрлэх ажилд арван жилийн хөдөлмөрөө зориулсны үр дүнд сэтгэл хангалуун явна. Тэр :
-Монгол Улсын Ерөнхийлөгч цагаан сүүгээ өргөж ард түмэндээ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Гурван мянган хүн архинаас гарч “Эрүүл, идэвхитэй амьдралын төлөө” төрийн бус байгууллагад нэгдлээ. Эрүүл, идэвхитэй амьдралд нэгдэгсэд үндэсний чуулганаа хийж архинаас гарсан гурван мянган нөхдөө төлөөлсөн хагас мянган залуу оролцлоо. Тэр чуулган дээр ямар сэтгэл хөдөлгөсөн үйл явдал болсон гэж санана. Тэнд есөн сайхан залуу тайзан дээр суусан ээждээ мөнгөн аягатай сүү, хадаг барьсан. Тэндээс хоёрхон жишээг энд хэлье. Наймдугаар ангийн боловсролтой нэг залуу: “Тогоруу буцаж навчис шаргалтлаа Томоогүй хүүгээ уучлаач, ээжээ” гэж дуулаад хадаг барихдаа “Би ээждээ алтан ээмэг, алтан бэлзэг бэлэглэж чадахгүй. Гэхдээ хүү нь ээжийнхээ амьдад архинаас гарах шиг том бэлэг байдаггүй юм байна, ээжээ” гэж хэлсэн. Үнэн үг шүү. Өөр нэг жишээ. Улаанбаатарын “Зуун айл”-ын нэг атмаан миний шавь л даа. Тэр энэ чуулган дээр хаанаас ч олсон юм, нэгэн модон бор тагшинд сүү дүүргэн ээждээ барихдаа: “Архинд живсэн хүүд нь мөнгөн аяга алгаа. Аяга нь бор тагш ч гэлээ хүүгийн чинь сэтгэл мөнгөн юм шүү, ээжээ” гээд мөргөж байсан. “Зуун айл”-ын цуутай атмаан, шуудайд муур дүүргээд шатааж байсан танхай эр архинаас гарчихаад миний менежер хийгээд явж байна. Тэр залуу аяны хөнжлөө үүрээд траншейд орж хоноглож байгаад тавин сайхан залууг тэр балчигаас дагуулж гарган эрүүл, идэвхитэй амьдралд хөл тавиулсан. Ингэж чадсан төрөөс цалин хангамж авч байгаа нийгмийн ажилтан хаа байна вэ. Долдугаар ангийн боловсролтой, миний шавь энэ ажлыг хийж чадаж байгаагаар би бахархдаг” гэж ярьж байна. Эндээс бодох юм их байгаа.
Архи уусан, архинд автсан хүнийг нийгэм гадуурхдаг, элдэв муу ёрын нэр, пайз зүүдэг нь сайн арга бишийг энэ аялал ойлгууллаа. Архинаас гаргадаг элдэв арга байдаг тухай, янз бүрийн үйлчилгээтэй эм тариа, ерөндөг, бөө, зайран, ид шидтэн байдаг тухай яриа бол ердөө л олз ашиг хайсан мунхруулга гэнэ. Архинд орсон хүний гэдсийг цоолж зөөлөн эдийг хямсаагаар түүн, түүнийг нь өт гэж итгүүлэн, “архинаас гаргачихлаа” гэж өндөр тарифаар мөнгө татдаг “ид шидтэн”, улайсгасан чулуу түмпэнд хийгээд дээр нь ус асган архинд орсон хүнийг битүү хучин улаан хоолой, ходоодыг түлэн дүвчигнэдэг бөө нар олширсноос сэрэмжлэхийг тэр зөвлөж байлаа. Зөвхөн оюун санааны эмчилгээ, сэтгэлийн хатан тэвчээр л архинаас гарах хамгийн шилдэг арга болохыг Ж.Цогтсугар амьдралаараа нотолсон, мянга мянган шавийнхаа үйл ажиллагаагаар баталсан эрхэм юм.
Говь-Угтаал суманд болсон лекцин дээр хоёр настай хүүгээ тэвэрсэн хөдөөх эрд сандал олдсонгүй. Мань эр хүүгээ тэвэрсэн чигтээ хоёр цаг зогссон. Хүү нь уйлж элдэвлээгүй ч хааяа эцгийнхээ мөрийг түшин “Давсанд явж” заримдаа сэрчихсэн шулганаж харагдсан. Лекцний төгсгөлд хүүгээ тэвэрсэн чигтээ микрофон дээр шууд очин “Би өнөөдрөөс эхлэн архи огоот амсахгүйгээр шийдлээ” гэсэн нь танхим дүүрэн хүмүүсийг уяраах шиг болсон. “Огоот” гэсэн нь “Огт” гэсэн утгатай энэ нутгийн хэллэг аж. Нутгийхан Жүүнээ гэж нэрлэсэн Д.Түвшинбаяр ийнхүү олон түмнийг уриалсан нь үнэнхүү сэтгэлийн үг байлаа. Гурван хүүхэдтэй энэ айлын хоёр том нь охин, бага нь хүү болохоор тийн эрхлүүлж газар тавьдаггүйг сумынхан ярьж байна лээ. Лекцний дараа “Жүүнээ архинаас гарсан нь залуучуудад сайхан дууриал боллоо” гэлцсэн шивэр авир яриа өрнөж байлаа.
Лекцний эхэнд сөргөх маягтай үг хэлж өөг төөг гэж байсан залуу сүүлд нь лекторын “Миний нутгархаж хэлэх нууц үг” гэсэн өгүүлэл бүхий сонинг тараачихсан гүйж явсан нь лекцинд автан урвасан хэрэг байж. Түүний нэр Ганболд.
“Би улс төрийн худал юм ярьдаг энд тэндхийн заримын хурал, цуглааныг “Тарааж” өгдөг юм. Тэгсэн та чинь тэс өөр юм ярьлаа. Би архи уудаг. Тэгэхдээ таны ярианаас их юм ойлголоо” гэсэн. Энд Агвааны Амарсайхан гэж залуу бий. Ажилтай, амьдралтай, авьяастай, гарын дүйтэй энэ залуу архинд ороод олон жилийг ардаа орхисон. Гэтэл архинаас гараад таван сар болохдоо өөрийн гэсэн газар сумнаасаа олгуулж одоо тэндээ үйлдвэрлэлийн байр барихаар болж байгаагаа ярьсан. Ц.Мөнхдалай даргатай “Эрэгтэйчүүдийн холбоо” архинд орсон хүмүүсийн дунд тодорхой ажил сэдэж санаачилж байна. Хэд хэдэн сэманд долоо хоногийн “Баасан” гаригийг “Архигүй өдөр” болгожээ. Энэ сайн эхлэл. Өлзийт суманд архи ууж байсан олон хүн энэ хорт зуршлыг таягдан хаясан тааралдлаа. Тус сум зочин угтах, үдэх, аливаа албан ёсны хүлээн авалтад архи хэрэглэхгүй шийдвэр гаргаад түүнийгээ яв цав хэрэгжүүлж байгаа гэж танилцуулсан. Эдний бренд ингэний хоормог архийг орлох болсон нь сайшаамаар санаачилга санагдсан. Тэнд сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Төмөртогтох /Үеийхэн нь түүнийг Тоодой гэж нэрлэдэг/ гэж залуу “Эрэгтэйчүүдийн холбоо байгуулсан, сумнаас ажил төрлөө явуулах, сурталчилгааны танхим байгуулах өрөө гаргаад өгснийг тохижуулж байна. Гурвансайхан суманд болсон лекцний төгсгөлд гагнуурчин Наранжав “Ер нь архинаас хүн гарч болдог юм байна гэдгийг ойлголоо. Хувь хүнээс л шалтгаалах юм байна” гэж сумыхандаа хандан хэлсэн. Ер нь архи уух, ууснаараа ид бах болгох, архигүй бол баяр тэмдэглэсэн болдоггүй урьдыг явдал хөдөөд “Моодноос гарч” байгаа бололтой. “Моод Монголоор дуусдаг” гэсэн үг ч үнэн шигээ. Дэлгэрхангай сум лекторын нутаг нь юм. Тэнд “Эрүүл идэвхитэй амьдралын төлөө” клуб аль хэдийн байгуулагдчихаж. Шижигнэсэн хориод залуу зохион байгуулаад сумандаа 150 хүнийг хамарсан чуулган хийж уриалга гарган хөдөлгөж өгсөн байна. Тэгсэн чинь 16 залуу Ж.Цогтсугар дээр очиж сэтгэл заслын эмчилгээнд ороод эрүүлжин нутгийнхнаа уруу татсаны нөлөө ийнхүү сум орны хөдөлгөөн болоход хүргэжээ.
Анх энэ нутгаас нэгэн эмээ “Миний хүү архинд ороод хэцүүдлээ. Хоёрхон сарын дотор хоёр сайхан тэмээгээ зараад архи уучихлаа” гэж уйлан утастсаныг Цогтсугар сонсоод өөр лүүгээ хүүгээ явуулахыг шууд зөвлөжээ. Хүү нь ирж эмчилгээнд ороод нутгаасаа дахин 15 залууг авчирснаас энэ хөдөлгөөн үүдсэн гэнэ. Тэр залуус багшийгаа ирэх сургаар байр, унд хоол бэлдчихсэн угтаж ёстой хөл газар хүргэхгүй хүндэлж байгааг харахад биширмээр. Тэд л багшийнхаа багийхны суманд байх хугацааны бүх ажлыг яв цав зохион байгуулна лээ. Энэ нутгийн уугуул, хилийн цэргийн бэлтгэл дэд хурандаа Аюушийн Батсайхан, аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын хөгжимчин Дэмбэрэлийн Эрдэнэбаяр нар лекторын багт бас явлаа. Тэд Цогтсугарын шавь нар бөгөөд архины сэтгэл заслын эмчилгээний мөн чанарыг өөрсдийн жишээн дээр ярихад хүмүүс талархан хүлээн авч байлаа. Лекцийн хөтлөгч, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва гэхэд нэг лекцний хугацаанд нэгээс хоёр шүлэг биччихэж амжина. Аян замын адал явдал, танхим дүүрэн хүний сэтгэл хөдлөл, үг яриа, үйл хөдлөл бүхэн яруу найрагчийн онгодыг дууддаг бололтой. Аяны хугацаанд яруу найргийн бараг нэг ном биччих шиг болсон. Ж.Цогтсугар өөрийн шавь Мөнхдэлгэр охины бичсэн “Маргааш орой эрүүл ирээрэй, ааваа” гэдэг шүлгийг лекцнийхээ төгсгөлд уншихад олон хүн нулимсаа барьж чаддаггүй юм билээ. “Марал нүдэн охин чинь мөргөж гүйя, ааваа
Маргааш орой эрүүл ирээрэй, ааваа” гэж төгсөх эл шүлгийг эдний Төрийн бус байгууллага 500 мянган төгрөгөөр үнэлэн худалдаж аваад сургалт, эмчилгээндээ ашиглаж буй нь их үр дүнгээ өгч байгаа юм.
Ж.Цогтсугар өөрөө “Дундговь-Мөнхболор” сангийн захирал. Боловсролыг дэмжих, цөлжилтийг сааруулах, тэмээг хамгаалах, архидалтыг эцэс болгох гэсэн дөрвөн үндсэн хөтөлбөрийг үйл ажиллагааныхаа чиглэл болгосон энэ сангаа ийнхүү нэрлэсний учрыг:
-Би Дундговийн уугуул хүн. Энд тэнд явахдаа “Дуа” гэсэн дугаартай машин хараад самсаа бохирдог нэгэн. Тэгээд “Дундговь” гэсэн. Үйл ажиллагаагаа Дундговь, тэндхийн хүн ардын сайн сайхны төлөө зориулна гэсэн утга. Намайг архины асуудалтай явахад нутгийн дүү Батбаярын Мөнхболор гэж залуу ”Нутгийн ах минь ээ. Та авьяаслаг яруу найрагч хүн. Ингэж явж болохгүй” гээд менсото загварын эмчилгээнд намайг өөрийн зардлаар оруулсан ачтан. Хожим Ж.Наранцацралт сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Нутгийнхан танина даа.
Энэ ач буянтай хүүгийн нээрээр “Мөнхболор” гэж нэрлэсэн. Би энэ сангнийнхаа гүйцэтгэх захирал нь. Сангийнхаа хөтөлбөрийн хүрээнд энэ “Өөрийгөө хөгжүүлэх, чинээлэг амьдрахын нууц” илтгэлээ нутгийнхандаа уншиж явна хэмээн ярьж байна. Энд олон зүйл ярьж болох авч Ж.Цогтсугарын лекцийн олон нууцыг өөрийн нь зөвшөөрөлгүй дэлгэхээс түвдлээ. Зохиогчийн эрхэнд хамаагүй халдаж болохгүй биз.
Холбоотой мэдээ