2008 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр Монголын Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, ОХУ–ын “Оросын төмөр замуудын нэгдэл” нийгэмлэг нь хамтын ажиллагааны Гэрээ үзэглэсэн юм. Гэрээ ёсоор “Дэд бүтцийн хөгжил” нэртэй хамтарсан компани байгуулах ажлыг цаг нартай нь нарийн хуваарь гарган зохицуулжээ. Эхний үед энэ компанийг оросууд “Совместное предприятие” буюу СП гэж өөр зуураа нэрлэж байсан. Оросын талаас 50 хувийн хөрөнгө оруулна. “Эрдэнэс МГЛ”, “Монголын төмөр зам” ТӨХК мөн тал хувийнх нь хөрөнгө оруулагч. Хоёр тал тус бүр 1.5 сая ам. долларыг эхлэлийн хөрөнгө болгон гаргахаар тохиролцож байлаа. Оросын зарим хэвлэл энэхүү дүнг 1.8 сая ам. доллар гэж бичсэн нь бий.
2008 он буюу дэлхийн эдийн засгийн хямралын оргил өдрүүдэд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг нь тээвэрлэх ачаагүй алдагдалд орсон үе. “Оросын төмөр замуудын нэгдэл” ч бас ихээхэн алдагдалтай ажиллаж, орон тоогоо цомхотгох, ажилчдадаа цалингүй чөлөө олгох зэргээр аргалж ирсэн цаг. Ийм хүнд үед “Оросын төмөр замуудын нэгдэл”-ийн Ерөнхийлөгч В.Якунин Монгол улсад байн байн хүрэлцэн ирж, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн ачаа эргэлтийг нэмэгдүүлэх бүх боломжийг дайчилна, хажуугаар нь шинэ хамтын ажиллагаагаа эхлүүлье хэмээн найр тавьж байсан юм. Ингээд СП буюу “Дэд бүтцийн хөгжил” нэртэй Монгол-Оросын 50,50 хувийн хөрөнгө оруулалттай шинэ компанийг 2009 оны хавар Монголын аж ахуйн нэгжээр бүртгүүлжээ. Мөн оны зун Засгийн газрын тэргүүн В.Путин Монголд айлчилж, “Дэд бүтцийн хөгжил”-ийн ирээдүйг баталгаажуулаад буцсан. Ерөнхий сайд С.Баярын үед иймэрхүү зарчмаар оросуудтай хамтарсан компани байгуулах тохиролцоо хоёронтоо хийгдсэн ба өмнөд говийн ашигт малтмалыг зөөх суурь бүтцээс гадна Монголын ураны салбарт мөн л 50, 50 хувийн оролцоотой хамтарсан компани байгуулахаар тохиролцжээ.
2009 он буюу Оюутолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээ хараахан батлагдаагүй байсан үед Оросын хэвлэлүүдэд ноён В.Якунин “Бид дэд бүтцийн хамтын ажиллагаагаараа дамжуулан Монголын Оюутолгой, Тавантолгой ордын ашиглалтын лицензийн тодорхой хувийг эзэмшинэ. Эдгээр нь нийт 7 тэрбум ам. долларын хэмжээний төслүүд юм” хэмээн мэдэгдэж байлаа.
“Дэд бүтцийн хөгжил” хамтарсан компанийн Гүйцэтгэх захирлаар Виталий Морозов буюу монголчуудын хэзээний танил махны Морозовыг томилжээ. “Бурятмясопром” компанийн захирал явсан энэ эр хожим А.Гордеев сайдын үед ОХУ-ын Хөдөө аж ахуйн яаманд нөлөө бүхий хүн гэгдэж, басхүү монголчуудын махны бизнесийг хулхидаж явсан түүхээрээ эргэлзээ төрүүлдэг нэгэн. (Одоо энэ хүн Тавантолгойн хэлэлцээрт Оросыг төлөөлөн ордог) В.Морозовын орлогчоор ОХУ-д Элчин сайд байсан Л.Хангай тохоон томилогдов. Энэ мэтээр эхэлсэн түүх нь сүртэй, Орос- Монголын томчуудын шууд дэмжлэгтэй “Дэд бүтцийн хөгжил” хамтарсан компани мэндэлсэн.
В.Якунин Засгийн газартаа хандан төмөр зам байгуулах 1.5 тэрбум ам. долларын төсөв баталж өгөхийг хүссэн. Харин яг төсөв батлах үед ДУМ дээр уг санхүүжилтийн хувь заяа гацсан гэсэн яриа байдаг. Түүнчлэн, Монголын Засгийн газар нь өөрийн талаас оруулах ёстой санхүүжилтийг гаргасан, гаргаагүй гэхчлэн эх сурвалжууд өөр өөрөөр тайлбарладаг. Юутай ч, Ерөнхий сайд С.Баяр солигдохтой зэрэгцэн “Дэд бүтцийн хөгжил” хамтарсан компани мартагдаж эхэлсэн. Товчхондоо, хамтарсан компанийг мартахыг монголчууд хүссэн юм. Тэр нь ч зөв байлаа.
Төмөр замын суурь бүтэц гэж юу вэ?
Энэ бол эрчим хүчний дамжуулах шугам гэсэн үг. Холбооны дамжуулах сүлжээ гэж ойлгож ч болно. Ямар ч улс орон эрчим хүч, холбоо харилцаа, дэд бүтцийн үндсэн шугамдаа төрийн мэдлийн хувь эзэмшиж, аюулгүй байдлаа хамгаалдаг. “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн суурь бүтцийн 50 хувь нь оросуудын мэдэлд байдаг учраас тэрхүү өнгөрсөн зууны техник, тоноглолтой аж ахуйд Америкийн Мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулалтаар шинэчлэл хийхийг ОХУ-ын тал зөвшөөрөөгүй. Ингэлээ гээд монголчууд эсэргүүцэж чадаагүй юм. Тиймээс монголчууд “Шинэ төмөр зам” төслийнхөө шугамуудыг дахин оросуудтай хамтран эзэмшихээс, тэр тусмаа дахин 50Х50 хувиар хуваалцахаас болгоомжлов.
Хэрэв “Дэд бүтцийн хөгжил” хамтарсан компанийг Монголын Засгийн газар үргэлжлүүлэн дэмжсэн бол Тавантолгойгоос Сайншанд, улмаар Чойбалсан хүртэл тавих 1100 км төмөр замдаа мөн л хяналтаа алдах байв. Чухамдаа “Дэд бүтцийн хөгжил” төсөл нь урагшаа явахгүй болсны учир, өмнийн говийн ордууд дээрээ Монголын тал өөрийнхөө ашиг сонирхлыг хүчтэй хамгаалж эхэлсэн тул оросууд бухимджээ. “Тавантолгой” төслийн олон улсын шалгаруулалт гацсан эхний шалтгаан ийм.
Засгийн газар гацаанаас гарах бүх боломжийг эрэлхийлснийг өнгөрсөн үйл явдал харуулдаг. Оросуудтай хамтарсан компани бий болсон хэдий ч цаг хугацааны хувьд зэрэгцээд “Монголын төмөр зам” ТӨХК-ийг байгуулсан юм. Өөрөөр хэлбэл суурь бүтцийг нь оросуудтай хуваалцах ярианыхаа зэрэгцээ төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, ачаа тээвэрлэлт, зам арчилгааг хариуцах оператор компаниа Монголын 100 хувийн хөрөнгө оруулалтаар байгуулахаар яаравчилж, “Монголын төмөр зам”-ыг үүсгэн байгуулжээ. Анхны дарга нь А.Батболд хэмээх мэргэжлийн хүн байсан. УИХ-ын гишүүн Р.Раш зэрэг төмөр замын мэргэжлийн хүмүүс энэхүү агентлагийг анх чадлын хэрээр дэмжиж ирсэн байдаг.
Суурь бүтэц гэдэг нь төмөр замын жинхэнэ эзэн хэн бэ гэдгийг хэлээд өгөх гол эзэмшил юм. Рельс төмрөө хэн авна, тэр нь хөгжмөө захиалах эзэн мөн. Тиймээс Тавантолгойгоос Сайншанд чиглэлийн рельсний эзэн байх нь туйлаас ашигтайг В.Якунин сайн ойлгож, уг бизнест тэмүүлж байлаа. “Дэд бүтцийн хөгжил” компани тендер зарлаж, төмөр зам байгуулах ажлын гүйцэтгэгчийг өөрөө шалгаруулах байсан. Ингэхдээ зам барих байгууллагын 25 хувийг “Дэд бүтцийн хөгжил” нь дахиад эзэмшинэ. Үлдэх 75 хувийг гүйцэтгэгч эзэмшинэ гэсэн бизнесийн зарчмыг ч ил тод ярьсан юм. Гэхдээ В. Якунинд “Дэд бүтцийн хөгжил” компанид хөрөнгө оруулах Оросын талын 50 хувь буюу 1.5 сая ам. доллар олдоогүй, монголчууд ч урьдынх шигээ уриалган байхаа больсныг тэрбээр төдөлгүй мэдэрсэн. Ингээд гурав дахь тал буюу хятадуудтай хөрөнгө оруулалтын асуудлаар ноён Якунин уулзаж эхэлсэн.
Яг энэ үед буюу 2009 оны хавар “Дэд бүтцийн хөгжил” Монголд идэвхтэй ажиллахаар чармайж байх үес Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга БНХАУ-ын Төмөр замын яамны Дэд сайд Лу Дунфутай уулзан, төмөр замын салбарт хамтран ажиллах талаар давхар ярилцаж байлаа. 2009 оны хавар В.Якунин олон улсын хөрөнгө оруулагчдын уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулж байхтай зэрэгцээд Монголын Зам тээврийн сайд Хятадын төмөр замын дарга нартай мөн л хамтын ажиллагаа эрэлхийлэн ярилцсан гэсэн үг. Хажуугаар нь БНСУ-ын 11 том компани, мөн төрийн байгууллага нь нэгдсэн консорциум Монголын шинэ төмөр замыг барих ажилд гүйцэтгэгчээр оролцох санаатай Улаанбаатарт бууж мордож байсан. Тэд ажлын төлөвлөгөөгөө бүр 2008 оны арваннэгдүгээр сард Ерөнхий сайд С.Баярт танилцуулсан юм. Монголоос Сөүлд зочид төлөөлөгч очих бүрийд Өмнөд Солонгосын эрх баригчид сонирхлоо илэрхийлж ирсэн. Төмөр замын судалгааны ажилд оролцох нэрээр БНСУ-аас лав 20 орчим компанийн төлөөлөл Монголд ирдэг болсныг санаж байна.
Энэ бүхэн юуг өгүүлдэг вэ?
Өмнөд Монголын ашигт малтмалыг зөөх төмөр замд нөлөөгөө тогтоохыг олон тал эрмэлзсэнийг гэрчилдэг. Тэдгээрээс хамгийн хачирхалтай нь хамгийн сүүлд Хонкогт байгуулагдсан Хятад, БНСУ-ын хамтарсан гэх компани. Нэр нь “Монголын төмөр замын дэд бүтэц”. Хөрөнгө оруулагчид нь Хятадын Дандонг Порт ХХК, БНСУ-ын Moric-Korea LLC.
Moric гэдэг үгийг нь задлахаар Mongolian Railway Infrastructure Company. Энэ үгэнд хүмүүс ямар их дуртай болсон юм бэ! Монголын төмөр замын суурь бүтцийг эзэмших компани Хонкогт гэнэт байгуулагдаж, түүнтэй манай “Монголын төмөр зам” ТӨХК-ийн шинэ захирал Б.Батзаяа хамтын ажиллагааны Санамж бичиг зурсан нь хамгаас хачирхалтай юм. Өөрөөр хэлбэл оросуудын “Дэд бүтцийн хөгжил“ шиг хятадуудын “Монголын Төмөр замын дэд бүтэц” компани гараад иржээ. Оросын “Дэд бүтцийн хөгжил”-ийг хоёр улсын Ерөнхий сайдуудын тохиролцоогоор байгуулсан бол Хятадын дэд бүтцийн компанитай Монголын агентлагийн дарга, Сайд хоёр тохиролцжээ. Энэ тухай Монголын Засгийн газраас мэдсэн хүн байгаагүй юм. Тавантолгой ордын олон улсын шалгаруулалтад оролцогч хоёр их гүрэн чухам суурь бүтцийн эзэн суух хүслээсээ болоод хоорондоо ойлголцож ядаж байх үед нь Х.Баттулга сайдын халаасны компани төмөр замын суурь бүтцэд нөлөөгөө тогтоох зорилгоор Хонкогт ийнхүү гэнэт тодорчээ. Халаасны гэсний учир нь Moric-Korea LLC-ийн захирал бүсгүй Сайд асан Баттулгын танил нь гэдгийг тус яамныхан ярьдаг. Харин “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Батзаяа нь Сайд асан Баттулгын туслахаар өмнө нь ажиллаж байв.
Оросуудад Ерөнхий сайд асан С.Баяр зуучилж байсан бол Хятад, БНСУ-ын компанид Зам тээврийн сайд асан Х.Баттулга ийнхүү идэвхтэй үйлчилсэн юм. Moric-Korea LLC нь БНСУ-ын гэх харъяалалтай боловч тодорхой эрхэлдэг бизнесгүй, солонгосууд өөрсдөө ч итгэдэггүй. Харин Хонкогт бол уул уурхайн хувьцааны арилжааны чиглэлээр ажилладаг. Ийм учир битүүлэг компанитай “Монголын төмөр зам”-ын дарга Санамж бичиг байгуулав. Тэрхүү цаасыг Х. Баттулга гишүүн телевизээр харуулж байгаад “Гэрээ биш, зүгээр л Санамж бичиг шүү” хэмээн тайлбарлав. “Зүгээр л Санамж бичгийг” тэрбээр “Хятадын Төмөр зам” хязгаарлагдмал компанийн Ерөнхий менежерийн орлогч Жоу Мэнботой бас байгуулж , зуржээ. Санамж бичгийн нэг буланд approved гэсэн үг харагдах ба тэр талаараа Х.Баттулга “танилцлаа л гэсэн утгатай гарын үсэг” хэмээв. Аpproved гэдэг нь “баталгаажууллаа” гэсэн утгийг илэрхийлдгийг уг нь дунд сургуулийн хүүхдүүд ч мэднэ дээ.
Аливаа олон улсын Гэрээ төдийгүй Санамж бичгийг ч ялгаагүй Засгийн газрын хуралдаанаар зөвшөөрч гэмээнэ Сайд үзэглэх эрхтэй болдог. Тэгэх тусмаа Хонкогт Монголын дэд бүтцийг мэддэг хятад эзэнтэй компани байгуулж, түүнтэйгээ Төмөр замын газрын даргыг гарын үсэг зуруулахаар явуулна гэдэг зөөлхөн хэлэхэд залилан юм. Мөн, Хятадын төмөр зам ХК-тай түүний “зүгээр л танилцаад зурсан” гэх Санамж бичигт олон ноцтой заалт орсон. Тухайлбал, Тавантолгойгоос Сайншанд, Чойбалсан хүрэх төмөр замыг Хятадын тал бүх санхүүжилтийг нь гарган байгуулах, хариуд нь Тавантолгой ордын лицензийг эзэмших, мөн Тавантолгой орчимд Хятадын уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж болох зэрэг заалт орсон. Уг Санамж бичгийн талаар Монголын Засгийн газарт мэдэх хүн мөн л байгаагүй юм.
Хөрөнгө оруулагчдад 10 хувь
Ийнхүү Тавантолгой ордын нүүрсийг зөөх замд эзэн суух сонирхлууд өрнөж байна. 2008 оноос хойш болж өнгөрсөн холион бантангуудын учрыг олохоор Засгийн газар хоёрдугаар сарын 27-ны хуралдаанаараа шинэ агентлаг байгуулав. “Үндэсний төмөр замын суурь бүтэц” гэж одоохондоо бичиг цаас дээр нэрлэжээ. Удирдах багийг хараахан томилоогүй. Гол нь Х.Баттулга гишүүний Хонкогт байгуулсан хятад компани нь Монголын төмөр замын суурь бүтцийн ажилд хүртээлгүй шүү гэдгийг нотлохоор төрийн шинэ агентлагийг яаравчлан байгуулжээ. Одоо Засгийн газар төмөр зам байгуулах шалгаруулалт хийнэ, магадгүй судалгаа, геодези зургийн ажлуудыг ч шинээр хийх бололтой. Засгийн газрын баталгаатай Хөгжлийн банкны бонд олон улсын зах дээр амжилттай арилжигдаж, муугүй хөрөнгө босч байгаа тул төмөр замын ажил саатах зүйлгүй биз. Гол зарчим нь төмөр замын суурь бүтцийг эзэмших компанийнхаа 51 хувийг төр өөртөө авна. Тавантолгой ордын хувьцааг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой”-д хязгаар тавихгүй хувь эзэмшүүлнэ. Харин Тавантолгой ордын олон улсын тендерт оролцогч талууд тус бүр Үндэсний төмөр замын суурь бүтцийн 10 хувиас дээшгүйг эзэмших эрхтэй. Ингээд Якунин ч , Лу Дунфу гуай нар ч адилхан арав арван хувь авах эрхтэй болов оо.
Тавантолгой ордыг эзэмших ажлыг гацаасан ийм шуналууд байсан. Гэсэн ч төмөр замын хоёр байгууллагынхаа хувьцааны 51 хувь тус бүрийг нь төр өөртөө авахаа бататган зарласнаар ажил аажмаар цэгцэрч байна.
“Үндэсний төмөр замын суурь бүтэц” компани рельс төмрийнхөө 51 хувийг, “Монголын төмөр зам” нь хөдлөх бүрэлдэхүүнээ 51 хувиар эзэмшинэ. Хувьцааны үлдэх хэсгийг олон улсын болон дотоодын бирж дээр гаргаж санхүүжилт босгоно. Хүсвэл Тавантолгой ордын хөрөнгө оруулагч нар худалдаж авна. Гэхдээ 10 хувиас дээшгүйг.
Тавантолгой орд газрыг эргэлтэд оруулах ажил гацсан үе байсан. Гацаагчид нь ингэж чанга хэлдэг. Харин одоо Монголын төр өөрийн зүгээс чадах бүх арга хэмжээгээ авч байна. Тун удахгүй, энэ сардаа багтан Баруун Цанхид “Эрдэнэс Тавантолгой” хөрс хуулж эхэлнэ. Зүүн Цанхийн уурхайгаа тэд амжилттай ажиллуулж буй туршлагатай. Мөн Тавантолгой ордод түшиглэн Германы Siemens компани 300 мгв цахилгаан станц барихаар Гэрээнд гарын үсэг зурлаа.
Open acсess
Тавантолгой ордын олон улсын шалгаруулалтыг явуулах зарчмаа Монголын Засгийн газар гурвантаа өөрчилсөн юм. Тавантолгой ордын 51 хувийг төр эзэмшиж, үлдэхийг нь хөрөнгө оруулагчид санал болгох хувилбар дээр анх хэлэлцээр эхэлсэн. 2010 оны хоёрдугаар сард Ерөнхий сайд С.Батболд Тавантолгой ордыг Монголын төр 100 хувь эзэмшинэ, харин гадаадын хөрөнгө оруулагчийг бүтээгдэхүүн хуваах зарчмаар гэрээт менежерээр ажиллуулна гэсэн юм. Ингэж байр сууриа эрс өөрчиллөө гээд хөрөнгө оруулагчид Монголоос гараад явчихаагүй.
Мөн оны дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт Засгийн газар дахиад л шинэ зарчим нэмж зарласан. Энэ удаа Тавантолгойд хөрөнгө оруулахыг хүсвэл угтуулан тавих зургаан нөхцөлийг биелүүлээрэй гэсэн юм. Тэдгээр нь урьдчилгаа төлбөр, транзит тээврийн таатай нөхцөл зэрэг байлаа.
Төдөлгүй 2010 оны наадмын өмнөхөн Монголын төр хөрөнгө оруулагчдыг нэгдсэн Консорциум болж тендерт орохыг санал болгосон тогтоол гаргасан. Зарчим өөрчлөгдөх болгонд Монголд ашигтай хувилбарт ойртсоор байгааг онцлон тэмдэглэе. Бас Засгийн газарт гадаад, дотоодын зүгээс шахалт улам бүр нэмэгдсээр байна. Сүүлийнх нь Х.Баттулга гишүүний шантааж. Энэ бол Ардчилсан намын байр суурь биш, зөвхөн Баттулга хэмээх хүний хувийн ашиг сонирхолтой холбоотой юм.
Open acсess буюу суурь бүтцийн 51 хувийг төр эзэмшиж, харин бүтээгдэхүүнээ зөөх оролцогч компани бүр тодорхой хувь эзэмших нээлттэй оролцоог зарлаж байна. Австралид туршигдсан зарчим аж. Лав оросуудын “Дэд бүтцийн хөгжил”-өөс, Х.Баттулга гишүүний Хонконг компаниас хамаагүй өөр, Монголын эрх ашигт нийцсэн хувилбар. Тавантолгой ордыг ашиглах ажил аажмаар урагшилж байна. УИХ-ын сонгуультай, сонгуульгүй энэ чухал ажил урагшилна. Ардын нам, Ардчилсан намын аль нь ч засагт байсан ялгаагүй, мэргэжлийн хүмүүс “Тавантолгой“ төслийн бэлтгэл ажлыг хангасаар ирсэн. Харин одоохондоо зориуд сонгуультай холбож, Тавантолгойгоор шороотой гутлаа арчих гэсэн хүмүүс өдөр болгон телевизээр гарч марзаганаж байна. Тэд бол төслийг гацаахыг санаархагчид юм.