Эхлээд хүн, дараа нь машин

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Улсын клиникийн төв эмнэлэг элэг шилжүүлэн суулгах мэс заслын тоног төхөөрөмжөө “Хонда” группээс авсан, уг группынхэн Өмнөд Солонгосын анагаах ухааны төвөөр дамжуулан 200 гаруй сая вонын өртөгтэй тоног төхөөрөмж хандивлаад байгаа талаар саяхан хэвлэлүүд мэдээлж байсан билээ. Энэ групп нь техникийн нэлээд олон нэр төрлийн бүтээгдхүүнийг дэлхийн 150 гаруй оронд гаргадгийн нэг нь л энэхүү мэс заслын аппарат,  тоног төхөөрөмж. “Хонда”-гийн талаар ярина гэвэл түүнийг үүсгэн байгуулагчийг ярихаас л эхлэнэ. Иймд энэ бүхнийг хаанаас эхэлсэн тэр цэгт очицгооё. Сойчира Хонда. 

ХАЛТАР ЭРЭГ БООЛТ

"Хонда" корпорацийн эцэг-үндэслэн байгуулагч 1906 оны арваннэгдүгээр сарын 17-нд Сизуока мужийн Комио гэдэг жижигхэн тосгонд мэндэлжээ. Түүний эх нь оёдолчин байсан бөгөөд нэлээн ярвигтай хээ хуарыг хатгаж оёхын тулд өөрийн оёдлын машиныг бүтээсэн аж. Харин эцэг нь Орос-Японы дайнаас эргэж ирээд төмрийн дархан бүхий жижигхэн урлан нээгээд нутгийн оршин суугчдынхаа захиалгыг гүйцэтгэх болов. Захиалга маш цөөхөн ирдэг байсан тул тэрбээр хотынхныгоо унадаг дугуйнд дасгахаар шийдлээ. Энэ тээврийн хэрэгсэл тэр үедээ томоохон хотуудад нэлээн эрэлт хэрэгцээтэй байжээ. Том Хонда Токио хотоос эвдэрч яйжийсан унадаг дугуйнуудыг маш хямд үнээр худалдан аваад засварлан худалдаж эхлэв. Соичиро хүү аавдаа ухаан орох цагаасаа туслаж эхэлсэн бөгөөд хожим нь тэрбээр "Унадаг дугуйны эд ангиуд миний дуртай тоглоом байсан" гэж дурсаж байжээ. Үүнтэй ч холбоотойгоор сургуульд хамт суралцагсад нь Соичирог "халтар эрэг боолт" гэж хочилж байж. Дархны газар аавдаа туслаж байхдаа тэрбээр байнга л хөө болчихсон сууж байдаг байж. Гэхдээ түүний зохион бүтээх чадвар нь гайхалтай байв. Улирал болгоны эцэст бүх сурагчдад дүнгийн жагсаалт олгож байсан бөгөөд эцэг, эх нь түүн дээр гарын үсэг зурахынхаа оронд гэр бүлийн тамгаа дарах учиртай байжээ. Соичиро онц сурлагатан байгаагүй ч гэлээ эцэг, эхээ гомдоохыг хүссэнгүй.

Тийм учраас тэрбээр хуучин дугуйны резинэн дээр гэр бүлийнхээ тамганы ханзыг хайчлаад жагсаалтад "гарын үсэг"-ээ зуржээ. Дараа өдөр нь багш нь ханзнууд толины ойлт маягаар дарагдсан гэж инээмсэглэн хэлэв. Аав нь хүүдээ үдийн хоол өгөлгүй, бүтэн өдрийн туршид өвдөг сөхрүүлэн буланд зогсоосон аж. Гэхдээ хуурамч тамга хийснийх нь төлөө бус харин тамга, дардас хоёр хоорондоо яаж харилцан хамаардгийг ажиглаагүйнх нь төлөө ингэж шийтгэжээ.

ДИПЛОМ БИШ МЭДЛЭГ ХЭРЭГТЭЙ

1922 онд дунд сургуулийн наймдугаар ангийг төгсөөд байсан Соичиро "Токиогийн "Арт Сёкаи" автомашины засварын газарт туслах ажилчин шаардлагатай гэсэн зарыг сониноос уншсан аж. Тэгээд нийслэл хүртэлх 358 километрийг явганаар туулж очив. Засварын газрынхан үүнийг ажилд авсан боловч хамгийн бага настай гэдгээр нь далимдуулан цэвэрлэгээ хийлгэж, хоол бэлтгүүлэх болов.

Гэсэн хэдий ч эзэн нь орой болгон уралдааны автомашин бүтээж байсан хоёр дахь урландаа Соичирог хамт байлцахыг зөвшөөрсөн гэдэг. 1923 оны газар хөдлөлтөөр Токио хот бараг бүхэлдээ шатах үеэр Соичиро галд автсан гараашнаас гурван машиныг унаж гаргажээ. Гэтэл тэрбээр өмнө нь жолооны ард сууж үзээгүй байлаа. Үүнийх нь дараа эзэн нь түүнд автомашин дээр ажиллахыг зөвшөөрч урландаа ажиллуулав. "Кертис" гэж нэрлэгдсэн энэ анхны машин нь Цурумид болсон уралдаанд нэгдүгээр байрт оржээ. Энэ амжилтын дараа өөр бусад ялалтууд ч гэсэн шил шилээ дарав. "Арт Сёкаи" нь Токиогийн автомашины нэр хүндтэй засварын газруудын нэг болсон бөгөөд газар хөдлөлт болсноос хойш таван жил болоод л Юцо Сакакибара хөдөө орон нутагт хэд хэдэн салбар нээн ажлаа өргөжүүлсэн аж. Хамамацу хотод нээгдсэн нэг салбарыг нь дөнгөж 21 настай Соичиро толгойлжээ. Токио хотод болсон тэрхүү аймшигт газар хөдлөлтийн дараа Хонда автомашинуудад гал мэтийг ажралгүй тэсвэрлэх сэлбэг хэрэгслүүдийг бүтээхээр шийдсэн аж.

Тэрбээр дугуйны модон хигээснүүдийг төмрөн хигээсээр солихыг санал болгоод, тэр ч байтугай өөрөө бүтээлдээ патент авчээ. Пүүс нь цэцэглэн хөгжсөнөөр барахгүй овоо орлого олох болов. Гэвч энэ нь Соичирод бага санагдаж байлаа. Тэрбээр өөрийн бараг бүх мөнгөө судалгаа, шинжилгээний лаборатори нээхэд зориулаад поршений кольц хийхийг оролджээ. "Арт Сёкаи" компанийн захирлуудын нэг нь ч түүнийг дэмжээгүй аж. Үйлийн үртэй кольцоо хийхийн тулд Соичиро бараг л урландаа суурьшсан гэдэг. Үр дүн нь муу гарав. Аргаа барсан Хонда эхнэрийнхээ үнэт эдлэлийг хүртэл барьцаалжээ. Үүнийхээ дараа л тэрбээр төмөр, ган хайлуулах ажилд тохирохгvй гэдгээ хүлээн зөвшөөрөөд боловсрол, мэдлэгт хандах хандлагаа өөрчлөв. Тэр хүртэл мань хүн онолын шинжлэх ухааныг хэрэгцээгүй гэж боддог байлаа. "Хэрэв онол нь уран бүтээлд нөлөөлдөг гэж үзвэл сургуулийн бүх багш нар зохион бүтээгч болох байсан" гэж залуу бизнесмэн ярьдаг байв. Одоо бол тэрбээр шаардлагатай мэдлэгийг Хамамацугийн технологийн сургуульд суралцан олж авахаар шийджээ. Хонда бүх чөлөөт цагаа урьдын адил уралдааны автомашин зохион бүтээхэд зориулж байв. Хөдөлгүүрийг хөргөх өөрийн гэсэн аргачлалыг боловсруулаад тэрбээр тэр үеийн бүх спорт загварын машинуудын гол асуудлыг шийдвэрлэсэн юм. Түүний зохион бүтээсэн хөдөлгүүр уралдааны үед хэт халснаас болж дэлбэрдэггүй байжээ. Өөрийн бүтээлээ Соичиро томоохон уралдаануудын үеэр туршихаар шийдэв.1936 онд Хонда Токиогийн ойролцоо байх Тама голын дэргэд болсон хурдан автомашины уралдаанд оролцон золтой л амиа алдсангүй. Түүний хөлөглөсөн автомашин тэр үедээ л галзуу гэмээр хурдтай буюу цагт 120 километрийн хурдтай давхиж явсан гэдэг. Барианд орох үедээ жолооч нэг тойргоор хоцрон гэнэт зогссон автомашиныг мөргөжээ. Машин агаарт гурвантаа эргэлдэх үеэр “аварга” машинаасаа шидэгдсэн аж. Автомашин нь авах юмгүй болж, Хондагийн зүүн гар бяцарч, мөр нь мултран, нүүр нь гэмтэв. Тэрбээр гурван сарыг эмнэлэгт өнгөрөөжээ. Эмнэлэгт Соичиро дахин нэг гунигт мэдээ сонссон байна. Түүний сүүлд үйлдвэрлэсэн 30 мянган поршений кольцноос дөнгөж 50-ийг нь авч хэлэлцэхээр болсон бөгөөд тэдгээрээс дөнгөж гурав нь л сорилтыг давжээ. Тэгээд ч Хондаг шалгалтаа өгөхөөс татгалзсан тул коллежоос хөөсөн аж. Соичирод диплом бус эрдэм мэдлэг хэрэгтэй байлаа. Ийм тохиолдолд өөр ямар ч япон эр магадгүй хара-кири хийхийг бодох байсан биз. Гэтэл бэртлээ эдгээсэн Хонда Хамамацуд өөрийн бизнесииг эхлүүлэв. 1987 онд "Токай Сөйки" пүүсийг үүсгэн байгуулаад тэрбээр дахин поршений кольцоо хийхээр сэтгэл шулууджээ. Тэдгээрийг үйлдвэрлэх технологи төдөлгүй олдсон байна. Ажил хэрэг ч урагштай байв.

ӨНДӨР ЧАНАР БОЛОН ХАРЬЦАНГУЙ ХЯМД ҮНЭ

Хятад-Японы дайн, дараа нь Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Хондагийн үйлдвэр "Тойота”-г поршений кольцоор 40 хувь хангаж байсны дээр хөлөг онгоц болон нисэх онгоц үйлдвэрлэдэг компаниудад сэлбэг хэрэгсэл нийлүүлж байсан гэдэг. Гэхдээ Дэлхийн хоёрдугаар дайнд Япон улс ялагдал хүлээснээр "Токай Сейки"-ийн төгсгөл ирэв. 1945 онд Хамамацу хот Америкийн нисэх хүчний хvчтэй бөмбөгдөлтөд өртөв. Хонда улс орон нь ядуурал, сүйр
лийн үедээ орлоо гэдгийг мэдрээд үйлдвэрээ сэргээн босголгүйгээр "Тойота"-д 450 мянган иенээр худалдсан гэдэг. Энэ мөнгөний арван мянгыг нь бизнесмэн эр хүнсний спиртын цистерн худалдаж авахад зориулав. Түүнийгээ гэрийнхээ гадаа байрлуулаад тэрбээр ганц жил амрах бодолтой байгаагаа мэдэгджээ. Үнэхээр л Соичиро бүтэн жил гэртээ найз нөхдөө гар хийцийн вискигээр дайлан өнгөрөөсөн аж.1946 онд Хонда төрөлх тосгондоо "Хондагийн технологийн судалгааны хүрээлэн" гэсэн сүржин нэртэй хувийн "үйлдвэр" нээв.

Ингэж тэрбээр хөдөлгүүртэй унадаг дугуйг гар аргаар үйлдвэрлэж эхлэв. Тэрбээр унадаг дугуйндаа цэргийн радиостанцын генераторын жижигхэн хөдөлгөгч зоогоод, түлшний банкны оронд резинэн халаагуурыг модны тосоор дүүргэн ашиглажээ. Тэрхүү тос нь Японы тосгодод элбэг дэлбэг байв. Ингээд гаргадаг авиагаар нь "чух-чух" гэж нэрлэгдэх болсон 1.5 мянган ийм "моторт дугуй"-г борлуулсан аж. Дараа нь хөдөлгөгчийг өөрийн бүтээсэн хоёр хөдөлгөөнт хөдөлгүүрээр сольжээ. Энэ моторт дугуй нь л сая нэг юм уйгагүй бизнесмэний компанийн анхны оргинал бараа болсон байна. Ингээд хоёрхон жилийн дараа "хүрээлэн" нь "Хонда мотор компани" пүүс болон өөрчлөгдөв. 1949 онд бэлэн болсон хоёр хөдөлгөөнт хөдөлгүүртэй анхны мотоциклийн загвараа Соичиро "Мөрөөдөл" гэж нэрлэсэн юм. Хоёр жилийн дараа тэрбээр дөрвөн хөдөлгөөнт хөдөлгүүртэй загварыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн аж. Харин 1958 онд АНУ-д түүний "Супер Каб" загвар борлуулагдаж эхлэхэд Хонда Японы мотоцикль үйлдвэрлэдэг томоохон үйлдвэрлэгч болчихсон байлаа.Тэрбээр Японы 50, бусад орны 200 гаруй өрсөлдөгчөө хол хаячихсан байв. "Супер Каб" нь өвөрмөц хөл тогтоогчтой байсан нь эмэгтэйчүүд болон өсвөр үеийнхэнд ихэд таалагджээ. Гэхдээ уг загвар гайхалтай техникийн үзүүлэлт болон гоёмсог дизайнтай тулдаа бус харин амжилттай хийгдсэн зар сурталчилгааны кампанийнхаа туслалцаатайгаар нэрд гарсан аж. Кампанит ажил нь"Хамгийн шилдэг хүмүүс "Хонда" мотоциклийг хөлөглөдөг" гэсэн уриатай байв. Энэ нь ажил хэрэгч хүний халаасыг таван сая доллараар нимгэлжээ. "Дунд зэргийн орлоготой гэр бүлийн дүүжлэх унаа" гэх үр бүтээлтэй имижийнхээ ачаар, түүнчлэн өндөр чанар болон харьцангуй хямд үнэтэй Хондагийн мотоциклууд сая саяараа борлуулагджээ. "Хонда мотор" анхны мотоциклуудаа үйлдвэрлэж эхлэнгүүт компанийн бүтээгдэхүүнийг гадаадын пүүсүүд сонирхож эхэлсэн аж. Гэрээ байгуулахын тулд тэдгээрийн төлөөлөгчид Японд ирж байв. Энэ үед хожим Соичирогийн бүх намтарт бичигдэж орсон нэгэн явдал тохиолдсон бөгөөд бизнесмэн эр өөрөө тэр тvvхийг ярих дуртай байсан гэдэг. Нэг удаа Хонда ээлжит зочноо саке архиар дайлж байгаад хэтрүүлж орхижээ. Зочных нь дотор муухайрч, ариун цэврийн өрөөнд орохдоо хиймэл шүдээ унагааж орхисон аж. Гэрийн эзэн ч удаан тээнэгэлзэлгvйгээр муу усны нүхэнд ороод, хиймэл арааг нь тэмтчиж олоод гарч ирэн шууд л угаалгын өрөө рүү явж оджээ. Удалгүй тэрбээр тэндээс гарч ирэхдээ хиймэл шүдээ амандаа хийчихсэн инээсээр гарч ирэв. Тэрбээр тэр даруй үүссэн эвгүй байдлыг аргалснаар дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан гэрээ хэлцэл аврагдсан байна.

ХАМАМАИГИЙН ПЛЕЙБОЙ

Залуу насандаа тэрбээр нэлээн хөнгөн хийсвэр загнадаг байсан бөгөөд улаан хөлт урдуураа гаргах дургүй байсан аж. Тэр ч байтугай "Хамамаигийн плейбой" гэдэг нэр хүртэл авав. Түүний наргиан цэнгээн, амарлингуй байдалд дуртай зэрэг нь нэг удаа Соичирог хоёр дууч бүсгүйтэй хамт гүүрэн дээрээс машинтай унахад хүргэсэн байна. Соичиро хамт явсан хүүхнүүдээ аврав. Тэрбээр тэднийг машины цонхоор гарахад нь туслан, улмаар уснаас гаргажээ. Ажилчдынхаа дунд тэрбээр "Ноён аянга" гэдэг нэрээр алдартай байлаа. Ажилчид нь түүнийг хайрлаж хүндэтгэхийн зэрэгцээ уур хилэнгээс нь асар их айна. Удирдлагадаа буй хүмүүст болон эхнэр Саче, хоёр хүү, хоёр охиндоо тэрбээр шаргуу байдал, даруу төлөв, аятайхан байдал зэргийн жишээ болж байсан гэдэг.

ТӨГСӨӨГҮЙ ТӨГСГӨЛ

1973 онд "Хонда мотор" 25 насны ойгоо тэмдэглэн өнгөрүүлжээ. Үүнтэй холбогдуулж хийсэн Захирлуудын зөвлөлийн хурал дээр Соичиро "тэтгэвэртээ гарлаа" хэмээн зарласан аж. Шинэ ерөнхийлөгч ч таамаглаж байснаар ажилтнуудын дундаас сонгогдов. Удирдагч асан нь тэнд аль болох цөөхөн очиж байвал компани хөгжин дэвшдэг гэж үндэслэн байгуулагч ярих дуртай байжээ. Тийм учраас түүний ерөнхийлөгчийн албан тушаалаас буусан явдал нь эцсийн шийдвэр байсан юм. Гэвч Хонда хий дэмий суухыг хүссэнгүй. Түүнийг Токиогийн худалдааны танхим болон Японы автомашин үйлдвэрлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгожээ. Тэрбээр мөн Хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал хариуцсан олон улсын холбоо, Хондагийн сан гэдэг хоёр олон нийтийн байгууллага байгуулан шинжлэх ухаан, техник хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлж буйг судлан, экологийн хувьд аюулгүй технологиудыг боловсруулж байсан аж.

Домогт бизнесмэн 1991 оны наймдугаар сарын 5-нд таалал төгссөн билээ. Амьдралынхаа туршид тэрбээр 470 нээлт хийн, 150 патент авч, АНУ-ын Мичиганы техникийн их сургууль, Охайо мужийн их сургуулийн хүндэт докторын зэрэг хүртжээ. Мөн өөрийн улсын дээд шагнал болох Японы Хөх туузыг гардав. Бизнесээ 3.2 мянган ам.доллартай эхлүүлсэн тэрбээр жилийн орлого нь 30 тэрбум гаруй доллартай тэнцэхүйц томоохон компанийг байгуулсан аж. Нэгэнтээ Хонда "Олон хүн амжилтад хүрэхийг мөрөөддөг. Харин би бол амжилт нь зөвхөн давтагдсан бүтэлгүйтэл болон өөртөө хийх дүгнэлтийн дүнд ирдэг гэж үздэг. Амжилт бол таны ажлын дөнгөж ганцхан хувь нь, харин бусад нь бүтэлгүйтлийг зоригтойгоор даван туулах явдал. Хэрэв тэдгээрээс айхгүй бол амжилт өөрөө тань дээр ирнэ" гэж хэлжээ. Түүний амьдрал төгссөн ч түүнийг одоо ч бидний дунд оршсоор байгааг гэрчлэх олон зүйлс байсаар байна.

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж