Хэвлэх машин ”ө, ү” үсгийг танихгүй байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Хэвлэх машин ”ө, ү” үсгийг танихгүй байгаа гэв

УИХ-ын 2012 оны сонгуу­лийг цахим хэлбэрээр явуулах болсонтой холбогдуулан иргэ­дийн үнэмлэхийг цахим­жуу­лахаар болсон. Цахим үнэм­лэх хэвлэхтэй холбоотой асууд­лыг өчигдөр УИХ дахь Нэгдсэн бүртгэл мэдээллийн түр хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Энэ хуралдаанаар тус ажлын хэсгийн гишүүдэд Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Улсын бүртгэлийн газрын дарга Л.Амарсанаа нар мэдээлэл өгсөн юм.

Цахим үнэмлэхийг өнөөдрөөс хэвлэж эхэлнэ

Улсын бүртгэлийн газрын захиалгаар  цахим үнэмлэхний эхний ээлж болох 60 мянган ширхэг бэлдэц өнөөдөр ирж байгаа бөгөөд ирсэн өд­рөөс эхлэн хэвлэж эхлэхээр болсон байна. Иргэний цахим үнэм­лэх­ний бэлдцийг Франц улсын “Жамельто” компанийн Фин­лянд улс дахь салбарт бэлтгэж байгаа. Ингэснээр цахим үнэмлэх албан ёсоор хэвлэгдэж эхэлнэ. Бэлдэц нийлүүлэх компанитай долоо хоног бүр тодорхой тооны бэлдэц нийлүүлэхээр тохирсон бөгөөд хамгийн сүүлчийн хэсэг болох 439 495 ширхэг бэлдцийг зургадугаар сарын 1-нд хүлээн авснаар нэг сая 999 мянга 995 үнэмлэх тараагдах учиртай. Цахим үнэмлэх хэвлэх үйлдвэр нь өдөрт 20 цагаар ажиллаж, гурван секунд тутамд нэг үнэмлэх үйлдвэрлэх аж. Энэ нь өдөрт 48 мянган ширхэг үнэмлэх хэвлэж гаргах хүчин чадалтай гэсэн үг юм.

Үнэмлэх тараах ажилд 2,3 тэрбумыг зарцуулна

Цахим үнэмлэх тараах ажлын хэсэг байгуулсан бөгөөд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар төсөв мөнгийг нь шийдвэрлүүлэхээр бэлтгээд байгаа юм байна. Цахим үнэмлэх тараалтад 2,3 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан аж. Цахим үнэмлэхний бэлдэц зөөвөрлөх, хадгалах газруудыг тогтоосон бөгөөд гурван давхар хамгаалалттайгаар Эд хөрөнгийн бүртгэлийн газар хадгалуулахаар болсон гэдгийг албаныхан хэлж байлаа.  Цахим үнэмлэх хэвлэхийн тулд 500 ширхэг бэлдэц урьдчилан авчирч туршсан байна. Иргэний цахим үнэмлэхийг зургадугаар сарын 11-нд хэвлэж дуусаад мөн сарын 15-н гэхэд орон нутгийн, 16 гэхэд нийслэлийн иргэдийн цахим үнэмлэхийг тарааж дуусна гэв. Ц.Нямдорж “Гэхдээ энэ судалгааг хамгийн гол нь ажлаа эхлээгүй байхад хийсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Үйлдвэрлээд эхэлсний дараа хоёр машин нь яаж ажиллах нь оньсого мэт байгаа. Үнэмлэхээ хэвлээд хамгийн түрүүн Дорнод аймгаас эхэлж тараахаар төлөвлөсөн. Үүний дараа баруун таван аймагт үнэмлэхээ тарааж, дараа нь нийслэлийн иргэд бусад аймгийн иргэдийн цахим үнэмлэхийг хоёр машинд зэрэг үйлдвэрлээд явахаар төлөвлөж байна” гэлээ. Хэрэв цахим үнэмлэх тарааж амжихгүй юм уу, машинд ямар нэг саатал гарвал хуучин үнэмлэхээрээ сонгууль өгч, саналыг гараар тоолж магадгүй гэдгийг Хууль зүйн сайд Ц.Нямдорж дуулгаж байсан юм.

Сонгуулиас өмнө цахим үнэмлэхээ гээвэл дахин олгохгүй

Цахим үнэмлэх тараасны дараа иргэд ямар нэг байдлаар гээсэн, үрэгдүүлсэн тохиол­долд сонгуулиас өмнө дахин үнэм­лэх авах боломжгүй юм байна. Тиймээс иргэд үнэм­лэхээ үрэгдүүлэхгүй байх ёстой гэдгийг албаныхан хэллээ. Харин УИХ-ын сон­гу­у­лийн дараа УБЕГ-ын дэр­гэд цахим үнэмлэх хэвлэх үйлд­вэр байгуулж, олголт хийх аж. Цахим үнэмлэхээр сон­гууль өгөх насны нэг сая 900 мянган хүн байгаа гэсэн ч шинэчилсэн бүртгэлээр 1.829.879 хүн сонгууль өгнө гэсэн тоо гараад байгаа. Гэхдээ иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг тоолох ажиллагаа үргэлжилж байгаа юм байна. Цахим үнэмлэх дэлхийн өндөр зэрэглэлтэй сүүлийн үеийн нууцлал бүхий чиптэй. Чип нь дотроо тухайн иргэний цахим мэдээлэл бүгд багтах юм. Тухайлбал, банкнаас зээл авахад тухай иргэний нэр дээр байр нь бий эсэхийг мэдэхийн тулд тусгай карт уншигч машинд цахим үнэмлэхийг уншуулна. Ингэснээр өмнө нь тодорхойлолт авч цаг үрдэг байсан ажлыг хөнгөвчилөх зэрэг давуу талуудтай аж.

Саналаа  цахим уу эсвэл хуучин үнэмлэхээрээ өгөх үү

Нэгдсэн бүртгэлийн түр хорооны гишүүд цахим үнэм­лэх хэвлэх, тараах хугацаа давцуу байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Батж.Батбаяр “Энэ цахим үнэмлэх тараалт ер юу болоод байгааг би ч ойлгохгүй байна. Cонгуулиа цахим үнэмлэхээр хийх гээд байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Дөрвөн жилийн өмнө цахим үнэмлэхээр шударга сонгууль явуулна гэж байсан одоо ч ярьсаар нь байна. УИХ-ын сонгууль зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын өдөр болно. Гэтэл үнэмлэх нь 16-нд тараагдана гэж байдаг. Хэрэв сонгууль будлиантвал хариуцлагыг хэн хүлээх вэ. Хэрэв би сонгуульд өрсөлдөөд ялагдвал цахим үнэмлэхнээс болсон гээд заргалдана” гэлээ. Ганц Б.Батбаяр ч бус ер нь ялагдсан хүн болгон ийм маргаан үүсгэнэ гэдгийг түр хорооны гишүүд онцолж байлаа. Хэдийгээр албаныхан цахим үнэмлэхийг цагтаа тарааж дуусахаар ажиллаж байгаа ч техникт найдалгүйгээр бүх талын арга хэмжээг авах ёстойг түр хорооны гишүүд онцолж байлаа. Тиймээс цахим үнэмлэхний талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ч мөн танилцуулсан байгаа юм байна. Харин хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж  2012 оны нэгдүгээр сарын 27-нд УИХ-аар хууль гаргаж УБЕГ-ыг миний харьяанд шилжүүлсэн. Үүнээс хойшхи хугацаанд гарсан шийдвэр, тогтоолын бие­лэл­т­ийн хариуцлагыг би үүрнэ” гэж хариуцлагаас мултрах нүхээ малтсан. Цахим үнэмлэх хэвлэхэд бас нэг асуудал үүсээд байгаа нь “ Ө, Ү” үсэг нь хэвлэх машинд нь байхгүй байгаа юм байна. Тиймээс хэвлэх үйлд­вэртэй үүнийг хэрхэн зохи­цуулах талаар ажлын хэсгийнхэн ярилцаж байгаа гэлээ. Хэрэв эдгээр үсгийн фондыг таниулах боломжгүй бол цахим үнэмлэх хэвлэнэ гэдэг мөрөөдөл болон хоцроно.

Ямартай ч цаг хугацаандаа дуусна гэсэн битүү таамгаас өөр хүлээлтгүй болсон цахим үнэмлэх өнөөдрөөс хэвлэгдэж эхлэх учиртай. Харин цаг хугацаандаа тараагдах уу, эсвэл хуучин үнэмлэхээрээ сонгууль өгч, гараар тоолох уу гэдэг нь асуулт хэвээр үлдлээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж