“Тоттенхэм” Аваргуудын лигийн эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

“Тоттенхэм” Аваргуудын лигийн эрхээ авлаа

Петр Крауч тоглолтын төгсгөлд ялалтын гоолыг оруулснаар “Тоттенхэм” 1:0 харьцаагаар “Манчестер Сити”-г талбай дээр нь буулган авч, ирэх улиралд Аваргуудын лигт өрсөлдөх эрх бүхий Премьер лигийн дөрөвдүгээр байраа хамгаалж чадлаа. Ингэснээр Лондонгийн ууган клубууын нэг “Тоттенхэм” Аваргуудын лигийн хэсгийн шатанд өрсөлдөж, зар сурталчилгаа, телевизийн гэрээнээс 75 сая ам.долларын ашиг олох боломжтой болж байгаа юм.
Харри Реднэппийн удирдаж буй тус клуб хамгийн сүүлд 1961 онд Европын тэргүүн цомын төлөөх тулаанд өрсөлдсөн бөгөөд бараг 40 жилийн дараа дахин өрсөлдөх эрхтэй болж байна.
Өнгөрсөн шөнийн тоглолтод “Тоттенхэм” ялалт байгуулснаар 70 оноотой болж, тавдугаарт бичигдсэн “Ман Сити”-гээс дөрвөн онооны давуу болсон юм. Ингэснээр 2009/10 оны улирал өндөрлөхөд ганц тоглолт үлдсэн энэ үед чухал ялалт байгуулж, дөрөвдүгээр байраа хамгаалж чадсан. Тэдэнд мөн хотын өрсөлдөгч “Арсенал”-ыг гүйцэж, гуравдугаар байр руу ахих боломж ч нээлттэй хэвээр байгаа.
“Ман Сити”-г буулган авсны дараа дасгалжуулагч Харри Реднэпп “Үнэхээр гайхалтай. Бидний хувьд амжилттай улирал байлаа. Бид сайн тоглож, үр дүнг нь ч харлаа” гэжээ.
Харин “Ман Сити”-г удирдаж буй Роберто Манчини “Би энд дөрөв, таван сар л ажиллалаа. Байшинг барихдаа дээврээс нь биш, сууриас нь эхэлж барьдгийн адилаар бид сайн тоглосон ч дээвэртээ хүрэх арай л болоогүй байна. Би шидтэн биш, надад шидэт дохиур байхгүй. Бид дөрөвдүгээр байрын төлөө тэмцсэн. Яг л Ливерпуль, Тоттенхэм, Астон Вилла нарын адилаар хичээсэн. Гэхдээ бид чамлахааргүй амжилт гаргасан гэж бодож байгаа, учир нь бид ирэх жил Европын лигт өрсөлдөнө. Хэдийгээр үр дүнд сэтгэл хангалуун биш байгаа ч өмнөхөөсөө илүү сайжирсан, тэгээд ч энэ бол хөлбөмбөг” гэжээ.
Мөн өчигдөр “Фулхэм” Премьер лигийн 37 дахь тойргийн тоглолтоо “Стоук сити”-гийн эсрэг хийж, талбайдаа 1:0 харьцаатай ялагдал хүлээжээ. Тоглолтын цорын ганц гоолыг 89 дахь минутад Мэттью Этерингтон оруулсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж