Цахим “вакцин” буюу Аюулгүй интернэт Монголд

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Цахим “вакцин” буюу Аюулгүй интернэт Монголд

Та хамгаалагдсан уу? Энэ асуултыг бид өмнөх нийтлэлээрээ таниас асуусан. Харин та хариултыг нь олсон уу? Цахим ертөнцийн бидэнд өгч буй эерэг, сайн зүйлсийг дурдвал уртаас урт дараалал гарах ч өдгөө дэлхий нийтээр интернэтийн сөрөг мэдээллээс хамгаалах вакцин хүсэж эхэллээ. Харин энэ бүхнээс хамгаалах өнөө цагийн хамгийн шилдэг арга нь Аюулгүй интернэт болж, ОХУ, БНХАУ, АНУ болон Европын холбооны улсууд үүнд нэгдээд байна. Харин монголчууд Аюулгүй интернэтийн талаар хэр сайн мэдэх бол.

Харилцаа холбооны зохицуулах газрын мэргэжилтэн О.Энхмөнх:

-Монголд Аюулгүй интернэтийг нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлага бүрдсэн гэдэгтэй санал нийлнэ. Одоогоор манайд интернэт дэх хориотой мэдээллээс хамгаалах технологи байхгүй байна. Монголын интернэт хэрэглэгчдийн тоо өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа. Харин интернэтийн орчин хамгаалагдаагүй учраас хүүхэд, залуус цахим ертөнцөөр дамжуулан хүчирхийлэл, садар самуунтай холбоотой мэдээлэл хүртэх, улмаар энэ бүгдэд уруу татагдах, бусдын нөлөөнд автах тохиолдол ихсэж байна. Саяхан “Sky C&C” компани дэлхий нийтийн хэрэглээ болж буй Аюулгүй интернэтийг Монголд оруулж ирсэн тухай сонссон. Энэ бол маш зөв алхам бөгөөд манай байгууллага үүнийг бүх талаар нь дэмжихэд бэлэн. Би ч мөн адил хэрэглэгчийн хувьд Аюулгүй интернэтэд нэгдэхээр шийдсэн.

“Flora” ном уншлага, интернэт үйлчилгээний газрын ажилтан Т.Ундармаа:

-Манайхаар ихэнхдээ хүүхэд, залуучууд үйлчлүүлдэг учраас интернэт ашиглан хориотой мэдээлэл үзэх, бусдадаа дамжуулах, вирус татах тохиолдол их гардаг. Бид үүнийг сүлжээгээрээ дамжуулан хянах гэж үзсэн ч, хориотой мэдээллүүдийг цогцоор нь хааж чадаагүй. Харин одоо бид үйлчлүүлэгчдээ болон өөрсдийгөө интернэт дэх хориотой мэдээллүүдээс хамгаалах үүднээс Аюулгүй интернэтийг сонгож байна.

СБД-ийн XVI хорооны иргэн Б.Энхтуяа:

-Манайх бага насны гурван хүүтэй. Тэд маань хичээлээ тарж ирээд л интернэтийн ард суучихдаг болохоор үнэндээ ямар мэдээлэл хүртэж, тэр дэлгэцний цаанаас юу олж хардаг бол гэж айдаг. Аав бид хоёр нь орой л гэртээ ирдэг учраас интернэтээр ямар мэдээлэл авдагт нь тогтмол хяналт тавьж чаддаггүй. Саяхан бага насны хүүхдүүдийг интернэтээр хуурч танилцаад, хүний наймааны золиос болгодог хүмүүсийн тухай телевизийн нэвтрүүлэг үзээд айсан. Мэдээж интернэт ашиглан мэдээлэл авах, суралцахыг үгүйсгэхгүй ч аллага хүчирхийлэл, садар самуун, хар тамхи, хүний наймаатай холбоотой мэдээллүүдээс хамгаалахыг хүсэж байна.

МУИС-ийн МХСС-ийн төгсөх курсын оюутан Э.Даваадаш:

-Бидний үеийнхэн болоод өсвөр насны хүүхдүүд хичээлдээ явах болон унтахаас бусад ихэнх цагийг интернэт орчинд өнгөрүүлдэг. Энэ зуур хэрэгтэй мэдлэг, мэдээлэл авч, найзуудтайгаа чатлах нь хэвийн үзэгдэл ч энэ зуур буруу зүйлд уруу татагдах тохиолдол их байдаг. Жишээ нь, надад бөөнөөрөө амиа хорлох өдөрлөг, хар тамхичдын нууц уулзалтын урилга гэх мэтийн хүсээгүй мэдээллүүдийн линк санамсаргүй байдлаар ирдэг. Миний хувьд иймэрхүү мэдээлэлд автахгүй байж чаддаг ч өсвөр үеийнхэн, мөн зарим оюутан ийм зүйл уруу татагдах магадлал маш өндөр. Тиймээс энэ төрлийн мэдээлэл агуулсан цахим хуудсуудаас хамгаалах технологийг нэвтрүүлэх нь зөв гэж бодож байна.

Иргэд болон албаны хүмүүс Аюулгүй интернэтийн талаар өөрсдийн бодлоо ийн хуваалцлаа. Интернэт хэрэглэгчдийн тоо хэдийн хагас саяд хүрсэн манай улсад интернэтийн аюулгүй орчин бүрэн утгаараа бий болж чадаагүй байгааг ч тэдний ярианаас мэдэж болохоор байна. Тиймээс бид Монголд анх удаа “Аюулгүй интернэт”-ийг нэвтрүүлсэн “Sky С&C” мэдээлэл технологийн компанийн дэд захирал Ч.Даваажамцтай уулзаж, дараах тодруулгыг авлаа.

-Санаа төрсөн цэгээс яриагаа эхэлье. “Аюулгүй интернэт”-ийг нэвтрүүлэх болсон гол шалтгаан юу вэ?

-Интернэт ертөнцөд дамжуулагдаж буй нийт урсгалын багагүй хэсэг нь садар самуун, хүчирхийлэл, терроризм, хүний наймаа зэрэг сөрөг агуулгатай мэдээллүүд байгаа нь эрсдэл дагуулах боллоо. Жишээ нь, статистик тоо баримтаар интернэт дэх нийт мэдээллийн 35 хувийг дээр дурдсан зохимжгүй агуулга бүхий мэдээлэл эзэлдэг бол “Google”, “Yahoo”, “Microsoft” зэрэг томоохон хайлтын системүүдээр дамжиж буй нийт хайлтын 25 хувийг садар самуун агуулга эзэлж байдаг. Харин интернэт хэрэглэгчдийн 34 хувь нь санамсаргүй байдлаар дээрх зохимжгүй агуулга бүхий цахим хуудас руу нэвтэрдэг гэсэн судалгаа бий. Саяхан судлаачид хүүхэд дунджаар 11 настайдаа анх удаа зохимжгүй мэдээлэл бүхий цахим хуудас руу орж үздэг болохыг тогтоосон нь дэлхийн олон сая эцэг эхийг гайхашруулсан.

-Дэлхийн бусад оронд Аюулгүй интернэтийг ашиглаж байгаа туршлагаас судалсан уу?

-Тийм ээ, бид энэ талын судалгааг хамгийн түрүүнд хийсэн. Бусад оронд үүнийг улс төрийн бодлогынхоо нэг хэсэг болгон үзэж, төрийн бодлогыг хэрэгжүүлэгч агентлаг, эрх бүхий байгууллагууд нь интернэт мэдээлэлд цензур тогтоож, агуулгыг хянадаг жишиг бий. Ийм төрлийн хяналтыг ихэвчлэн авторитари дэглэм бүхий БНХАУ, БНАСАУ болон Арабын улсууд хэрэгжүүлдэг юм билээ. Энэ нь хувийн мэдээлэлд хэтэрхий халдсан байж болох талтай. Тэгвэл зарим газар тусгай зориулалтын фильтерийн программ компьютертээ суулгаж, хэрэглэгч өөрийгөө хамгаалах арга байдаг. Бид энэ аргыг санал болгож байгаа юм. Мөн ISP төвшний хамгаалалт хийдэг туршлага байна. Ийм төрлийн зохицуулалтыг Канад, Англи, Дани, Швед, Норвеги, Австрали зэрэг улсууд хэрэгжүүлдэг.

-“Аюулгүй интернэт”-д одоогоор хэчнээн айл өрх, албан байгууллага нэгдсэн бэ?

-Манай зорилтот зах зээлийн хэрэглэгчид үнэхээр тулгамдсан асуудал, хэрэгцээтэй үйлчилгээ хэмээн үнэлж, сэтгэл хангалуун байгаа. Бид “Аюулгүй интернэт” төслийг хэрэгжүүлээд удаагүй байгаа ч одоогоор 200 орчим хэрэглэгч уг үйлчилгээнд хамрагдаад байна.

-Монголын интернэт хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт өсөж байна. Тэгвэл интернэт орчин дахь сөрөг мэдээлэл, нөлөөлөөс Аюулгүй интернэт хэрхэн хамгаалах вэ. Үр дүнг та бүхэн хэрхэн тооцож байгаа бол?

-Энэ нь манай нэгэн нэмэлт үйлчилгээ. Уг үйлчилгээг ашиг олохоосоо илүү нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж байгаа нэг хэлбэр гэж үзэж байгаа. Үйлчилгээг сонгосон тохиолдолд компьютер “compromised” болох эсвэл аюултай веб хуудас руу хальтран орох тоог 80-90 хувь бууруулж чадаж байгаа гэсэн тооцоо байна.

-Би хэрэглэгчийн хувь “Аюулгүй интернэт” ашиглахыг хүсэж байна. Ингэхийн тулд надаас юу шаардагдах бол. Аюулгүй интернэтийг хэрхэн суурилуулах, хэрэглэх талаар хаанаас мэдээлэл авч болох вэ?

-Уг үйлчилгээг авахдаа “Скай Си энд Си” компаний дуудлагын төвийн утас 76768000-д холбогдох эсвэл www.skylink.mn, www.skycc.mn сайтууд руу хандан захиалахад л хангалттай. Манай компанийн санал болгож байгаа өндөр хурдны интернетийн үйлчилгээг сонгосон тохиолдолд үнэ төлбөргүй.

-Танай хамт олон Монголд анх удаа утасгүй интернэт буюу “Wireless”-ийг нэвтрүүлж байсныг санаж байна. Өдгөө Аюулгүй интернэтийн хувьд ч анхдагч нь болж байна. Цаашдаа ямар шинэ үйлчилгээ нэвтрүүлэхээр зэхэж байгаа вэ?

 
-Тиймээ, бид 2004 онд анх удаа Монголд Улаанбаатар хотыг бүрхсэн Wifi802.11a/b стандартын утасгүй IP сүлжээг ашиглалтад оруулсан. Мөн 2006 оноос “Өрх бүрт интернет” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэнээр интернетийн холболт, хүртээмж, өртгийг хөгжингүй орнуудын төвшинд хүрэхэд тодорхой түлхэц үзүүлсэн шинэлэг алхам хийсэн. Өнгөрсөн жил бид хөдөө орон нутгийн сүлжээгээ тэлэх, хамрах хүрээгээ өргөжүүлэх тодорхой ажлуудыг хийгээд байна.

Харин 2012 оны дундуур бид дүрслэлийн өндөр чанар бүхий IPTV, хэт өндөр хурдны шилэн кабелийн интернет, шинэ үеийн суурин утас хосолсон Гурвалсан үйлчилгээг Улаанбаатар хотын бүх орон сууцны хэрэглэгчдэд хүргэхээр ажиллаж байна. Манайх IPTV үйлчилгээний албан ёсны эрхийг авсан хоёр дахь компани бөгөөд уг үйлчилгээний хүрээнд IPTV-ийн технологийн хамгийн сүүлийн үеийн ололтуудыг шингээсэн үйлчилгээг нэвтрүүлэхээр салбарын нэр хүндтэй нийлүүлэгч компаниудтай хамтран бэлтгэл ажлуудыг гүйцэтгэж байгаа. 

-Сонирхолтой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Танай байгууллагын цаашдын ажилд амжилт хүсье.

-Баярлалаа.

Т.ЖИГҮҮР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж