Автомашины улсын үзлэг хангалтгүй байна

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Автомашины улсын үзлэг хангалтгүй байна

Гурвалжингийн гүүрний баруун талд байрлах “Хөсөг” трейд компанийн байранд машинууд ар араасаа дугаарлан зогсчээ. Баянгол дүүрэгт харьяалалтай машинууд энэ газар жил бүр ирдэг уламжлалтай. Хаврын хавсрагатай энэ өдөр хүмүүс үзлэгт машинаа оруулахаар ирсэн агаад, уртаас урт дарааллыг нь харж, урам нь хугарсан аятай ярвайн зогсоно. “Үзлэгийг арай боловсронгуй болгох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол өдрийн талыг үзлэгт хамрагдахад барж байна шүү дээ” гэж Баянгол дүүргийн иргэн Ж.Батбаяр ярилаа. Үнэхээр л урт дараалал үүсчээ. Бүртгэлийн касс гэх жижигхэн газарт үйлчлүүлэгчид нь багтахгүй, чихцэлдэж байлаа.

Баянзүрх дүүргийн тухайд авто вокзалд үзлэг, оношлогоо үргэлжилж байгаа юм. Тэнд маш олон машин ар, араасаа дугаарлан зогсчээ. Учир нь үзлэгийн ажилтнууд хоолондоо орохоор яваад уджээ. “Миний мэдэхийн л 30 минут хүлээж байна. Бид ч бас ажилтай хүмүүс шүү дээ. Энд удаан хүлээх хэцүү байна” гэж Баянзүрх дүүргийн иргэн Б.Ууган хэлэв. Тэндхийг харгалзаж, басхүү зохицуулж байгаа болтой нэг харуулаас тодруултал “Хэзээ ирэхийг нь мэдэхгүй, удахгүй биз дээ” гэж хариулна. Удаан хүлээлгэсний эцэст үзлэг хийх хүмүүс ирлээ. Гэсэн ч тэд ирсэн даруйдаа үзлэгээ хийж эхэлсэнгүй. Үүнд нь жолооч нар дургүйцэж дуут дохиогоо дуугаргана.

Сонгинохайрхан дүүргийн Сонсголонд байрлах “Автобус 3” компанийн хашаанд Сонгинохайрхан дүүргийн үзлэг үргэлжилнэ. Санасныг бодоход энд хүмүүсийг хүлээлгэх нь харьцангуй бага ч гэсэн хүн ам ихтэй учир хормын дотор дугаарлах машины тоо нэмэгдэж байв. Гэхдээ жолооч нар үйлчилгээ удаан байгааг ам уралдуулан ярих. “Жил болгон л бид ингэж хүлээдэг шүү дээ. Ингэж бүртгүүлж, үзлэгт оруулсанаар эргээд бид нарт ямар ашигтайг ер ойлгож өгөхгүй байгаа юм. Автомашин бүрээс хурааж байгаа албан татвар яг юунд зарцуулагдаж байгааг мэдээлж байгааг нь мэдэхгүй юм” гэж Сонгинохайрхан дүүргийн Б.Батжаргал ярьсан юм.

Эдгээр дүүргүүдэд нийтлэг нэгэн үзэгдэл бий. Гэхдээ автомашины дугаарлалтаас гадна. Энэ нь үзлэгт хамрагдах машин цөөрсөн явдал. Нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар 20 гаруй мянган машин үзлэг оношлогоонд хамрагдаад байна. Үзлэг оношлогоо дуусахад хоёр сарын дараа буюу зургадугаар сарын 20-нд дуусна. Гэтэл 2011 оны эцсийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэгдсэн 231 мянган машин бий. Хүмүүсийг нэг өдөрт олноор нь хамруулж, товлосон хугацаанд бүрэн хамруулах зорилгоор оношлогооны төвүүд болон татвар, банкныхны ажиллах хугацааг 09:00-21:00 цаг хүртэл сунган ажиллуулж байгаа юм.

Хэрвээ жолооч та автомашины үзлэг оношлогоонд хамрагдаагүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Татвараа бүрэн төлөөд, оношлогоондоо хамрагдсан, тээврийн хэрэгсэл нь бүрэн бүтэн жолооч нар л хөдөлгөөнд оролцох эрхийн гэрчилгээ болох “2012” наалтыг авна гэсэн үг. Энэ жилээс эхлэн замын хөдөлгөөнд оролцож байгаа машин бүрийг үзлэгтээ хамрагдсан эсэхийг камер ашиглан шалгахаас гадна, замын цагдаа нарын тоог нэмэн нарийн чанд шалгахаар болсоныг албаны хүмүүс хэлж байсан юм.

Авто машины үзлэг нь улсын хэмжээнд хичнээн тээврийн хэрэгсэл байна гэдгийг тогтоох зорилготой бөгөөд цаашид авах төрийн бодлогыг сайжруулахад оршдог ажээ. Мөн Замын цагдаагийн газар болоод бусад байгууллага нийлээд нэгдсэн мэдээллийн сантай болохын тулд энэхүү тооллогыг хийдэг юм байна. Гэвч жолооч нарын төлж байгаа албан татвар яг юунд, хэрхэн зарцуулагдаж байгааг одоогоор мэдэхэд бүрхэг. Албаны хүмүүс тодорхой мэдээлэл өгөхөөс цааргалаж, нэгдсэн мэдээллийг авах ямар ч боломж алга байна. Өнгөрсөн жилийн авто тээврийн улсын үзлэгээр Монгол Улсын төсөвт 8,3 тэрбум төгрөг төвлөрсөн гэх мэдээлэл бий. Гэхдээ яг хэдийг нь юунд зарцуулагдсаныг одоо ч мэдэхэд бэрх. Энэ жилийн тухайд нийт бүртгэлтэй машин, тээврийн хэрэгслээр нь тооцоод үзвэл 10 гаруй тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрөх тооцоотой байгаа юм.

Авто машины үзлэг эхлээд байгаа энэ мөчид нэгэн мэдээлэл гарлаа. Энэ нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа 370 гаруй машины дугаар давхардаж байгаа гэсэн тооцоо гарчээ. Ингэж давхцах болсон нь өмнө байсан бүртгэлийг хасуулахгүй байх тохиолдол нөлөөлсөн гэж албаны хүмүүс үзжээ. Тиймээс авто машиын улсын архиваас өөрийн бүртгэлийг хасуулахыг жолооч нарт зөвлөсөн юм.

Гуравдугаар сарын дундаас эхэлсэн автомашины улсын бүртгэл оношилгоо ирэх зургадугаар сарын 20-нд дуусна. Бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгэлдээ амжиж оролцохыг жолооч танд сануулъя.

Б.БОЛОРСҮХ



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж