Цаазын гүйцэтгэл нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Цаазын гүйцэтгэл нэмэгджээ

Өнгөрсөн жилийн дотор цаазлах үйлдэл эрс нэмэгдсэнийг Amnesty International (AI) байгууллагын хүний эрхийн төлөө тэмцэгчид  тэмдэглэв. Хүний эрхийн төлөө тэмцэгчид Иран, Ирак ба Саудын Арабт цаазаар авах ял оноож гүйцэтгэсэн нь ихэссэн учраас ийм үзүүлэлт гарлаа гэж үзэв. Цаазлагдсан хүмүүсийн тоогоор Хятад хамгийн их байж магадгүй ч тус улс энэ тоогоо нууцалдаг.

Өнгөрсөн жилд дэлхийн цаазлагдсан хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн гэж “Amnesty International”-ийн хүний эрхийн төлөө тэмцэгчид тогтоожээ. Тус байгууллагын албан ёсны мэдээгээр өнгөрсөн жил дэлхийн 20 оронд 676 хүн цаазлуулсан нь өмнөх жилийнхээс нь 149 хүнээр нэмэгдсэн байна. Энэ тухай тус байгууллагын өнгөрсөн долоо хоногт нийтлүүлсэн жил тутмын илтгэлд тэмдэглэжээ.

Ирак, Иран, Саудын Араб, Йемен, Хятад, Хойд Солонгос, Сомали ба АНУ цаазаар авах ял гүйцэтгэснээрээ дэлхийн хэмжээнд “тэргүүлж” байгааг хүний эрхийн төлөө тэмцэгчдийн судалгаанаас харж болно. Өнгөрсөн жилд “Арабын хавар” хэмээх ард түмний цуврал бослого гарсны дараа Ойрхи Дорнодод цаазын ял 50 хувиар нэмэгджээ. Албан ёсны баталгаат мэдээллийн дагуу өнгөрсөн оны цаазаар авах ялны 99 хувийг Ойрхи Дорнод, Хойд Африкийн орнууд гаргажээ.

Хятадад бусад орнуудын үзүүлэлтийн нийлбэрээс илүү хүн цаазалсан байх гэж AI үзэж байгаа гэнэ. Гэхдээ цаазаар авах ялыг гүйцэтгэж байгаа тухай мэдээллийг БНХАУ улсын нууц гэдэг учир тодорхой мэдээлэл байдаггүй.

Иранд  гэр бүлийн хосуудыг бие биеэ хуурах, гомосексуализм ба итгэл үнэмшлэлийн эсрэг гэмт хэрэг зэрэгт цаазаар авах ял оноодог. Хүний эрхийн төлөө тэмцэгсэдэд тус оронд нууцаар цаазын ял гүйцэтгэдэгтухай мэдээлэл олсон. Ийнхүү нууцаар цаазлуулсанхүмүүсийн тоо албан ёсны гүйцэтгэлээс нь хоёр дахин их байж магадгүй ажээ. Тус улсад шашны эсрэг гэмт хэрэг хийсэн хүнийг хороодог бол Саудын Арабт “хар дом ба хараал хийх” зэрэгт цаазаар авдаг. Хүний ясны наймаа хийсэн хүнийг Конго улсад цаазын ялаар шийтгэдэг гэнэ. Дэлхийн 10 гаруй оронд хар тамхи, мансууруулах бодистой холбогдсон гэмт хэрэгт цаазын ял оноодог. Иранд олон улсын эрхийг зөрчин 18 нас хүрээгүй гурван залууг цаазалсан байжээ.

Цаазаар авах ял оноон ялыг гүйцэтгэсэн ихэнх орнуудад шүүхийн үйл ажиллагаа нь шударга шүүхийн олон улсын стандартад нийцээгүй байсан гэж илтгэлд тэмдэглэсэн байна. Зарим орнуудад тамлан байцаах зэргээр хэргийг нь хүлээлгэсэн байжээ. Ийм зүйл Белорусь, Ирак, Иран, Хятад, Саудын Араб ба Хойд Солонгост гарч байсан гэнэ. Малайз, Саудын Араб, Сингапур, Тайландад гадаадын иргэдэд хэтэрхий ихээр цаазын ял сонсгож байна гэж AI сануулжээ.

Дээд хэмжээний ялын гүйцэтгэлд улс орнууд өөр өөрөөр ханддаг. Белорусь, Вьетнамд бол ял гүйцэтгэх хугацааны талаар мэдээллийг ялтан, түүний өмгөөлөгч, хамаатан саданд нь дуулгадаггүй аж. Харин Иран, Саудын Араб, Хойд Солонгос, Сомали зэрэг орнуудад олон нийтийн өмнө цаазаар авах практик байдаг.

Ерөнхийдөө цаазаар авах ялыг гүйцэтгэгч орнуудын тоо буурах хандлагатай байгаа нь илтгэлээс харагдаж байна. Сүүлийн 10 жилийн дотор алах ялтай орнуудын тоо гурав дахин буурсан байна. 2002 онд 31 орон цаазаар авах ялтай байсан бол 2011 онд 20 болон буурсан байна. Дэлхийн 140 оронд цаазаар авах ялыг хэрэглэхгүй буюу практик дээр гүйцэтгэхгүй болжээ. Мөн 33 оронд дээд хэмжээний шийтгэлийг өөр ялаар солих эсвэл өршөөл үзүүлэх замаар арай хөнгөн ялаар солих болсон байна. Ийн ялыг хөнгөлдөг орнуудын тоо нэг жилийн дотор хоёр дахин нэмэгджээ. 2011 онд цаазаар авах ялын гүйцэтгэлд Сьерра-Леон улс болон Америкийн Ореган мужид хориг тавьсан бөгөөд Нигери өмнөх хоригоо сунгасан. Харин АНУ-ын Иллинойс муж, мөн Латви улсад цаазаар авах ялыг бүрэн цуцалсан байна.  Цаазыг Тайванийн цэргийн ёс зүй хуулиасаа хаслаа. Тус улсад хүн хулгайлах, зэвсгийн хууль бус наймаа, мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэх зэрэгт цаазын ял сонсгож байжээ. Хятад гол төлөв албан тушаалын хэрэгтэй холбоотой 13 төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг хэрэглэхгүй байхаар шийдэв. Гэхдээ хоёр төрлийн хэрэгт цаазын ял өгч байхаар нэмжээ.

Иллинойс мужийг оруулснаар АНУ-ын 16 муж цаазаар авах ялгүй боллоо. Гэсэн ч өнгөрсөн жилд тус орны хэмжээнд 78 хүнд цаазын ял оноожээ. Энэ нь 1980-1990-ээд онд 280 хүнд цаазын ял оноож байсан. Гэхдээ л ийм догшин ялтай Америк тивийн цорын ганц орон нь АНУ гэж илтгэлд өгүүлжээ. Дээд хэмжээний ялын гүйцэтгэл АНУ-д буурч байгаа. 2002 онд 71, 2010 онд 46, 2011 онд 43 хүний цаазаар авах ялыг гүйцэтгэсэн. Тус улсад 1973 оноос хойш АНУ-д цаазаар авах ял авсан 140 хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Ази, Номхон далайн бүсийн Номхон далайн хэсгийн улс орнууд цаазаар авах ялыг хэрэглэдэгүй. Ганцхан Папуа-Шинэ Гвинейд өнгөрсөн жилд таван удаа цаазаар авах ял ноогдуулсан байна. Японд өнгөрсөн жилд 19 жилийн дотор анх удаагаа дээд хэмжээний ялын гүйцэтгэлгүй байлаа. Мөн Сингапур ч өнгөрсөн жилийг цаазын гүйцэтгэлгүй үджээ. Европ ба хуучин Зөвлөлтийн орнуудад ганцхан Белорусь л цаазаар авах ялыг гүйцэтгэсэн улс нь болов. Ерөнхийдөө дэлхийн хэмжээнд 2011 оны эцэс гэхэд гүйцэтгэхээр товлосон цаазын ялтай 18750 хүн байгаа гэсэн тоог “Amnesty International” байгууллага илтгэлдээ дурьдсан байна.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж