Нийтийн тээврийнхэн иргэдэд ажлаа танилцуулна

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийнхэн иргэдэд ажлаа танилцуулна

“Иргэдийн оролцоо-өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд Нийслэлийн Нийтийн тээврийн газраас санаачлан нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, үйлчилгээгээ танилцуулах, иргэд зорчигчдын санал бодлыг сонсох зорилгоор “ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ”-ийг нийслэлийн бүх дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулж  байна. Тус ажлын эхний дүн мэдээгээр гуравдугаар сарын 18-наас дөрөвдүгээр сарын 01-нийг хүртэлх хугацаанд 13 өдрийн хугацаанд 16 байршилд 42 аж ахуйн нэгж байгууллага өдөрлөг зохион байгуулж, нийт 2590 иргэнд нийтийн тээврийн үйлчилгээг танилцуулсан байна. 

Нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн чиглэлийн 10 аж ахуйн нэгж, туслах чиглэлийн 13, буухиа чиглэлийн 18, таксины нэг компани өдөрлөг зохион байгуулснаас хамгийн олон иргэдийг оролцуулсан үзүүлэлтээр Налайх дүүрэгт “Морь барьдаг”, “Ирээдүйн аяны зам”, “Хөлөг Налайх” компаниудын хамтран зохиосон өдөрлөгт 360 иргэн, Улиастайн эцсийн зогсоолд “Автобус-3”, “Эмсид”, “Алтан цөгц” компаниудын хийсэн өдөрлөгт 260 иргэн, Жанжин клубт “Мяралзаа”, “АДӨЗ” компаниудын зохион байгуулсан өдөрлөгт 280 хүн оролцсоноор байна.

Харин энэ сард их багтаамжийн автобус болон такси үйлчилгээ, туслах чиглэлийн бага оврын автобусны компаниуд үйлчилгээгээ иргэд, зорчигчдод танилцуулах аж.

Өдөрлөгөөр дамжуулан үйлчилгээ танилцуулахаас гадна нийтийн тээврийн үйлчилгээний сэтгэл ханамжийн судалгааг зорчигчдоос авч, цаашдын ажилдаа тусгахыг Нийтийн тээврийн газар зорьж байгаа ажээ.

Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж