Дэд сайд Г.Тэнгэр Австралийн Элчин сайдтай уулзав

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Дэд сайд Г.Тэнгэр Австралийн Элчин сайдтай уулзав

Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр Австрали улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Сэм Геровичийг Гадаад харилцааны яаманд өнгөрөгч даваа гаригт хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Гадаад харилцааны дэд сайд болон Элчин сайд нар Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн салбарт сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж буйг онцлоод, цаашид хоёр орны яриа хэлэлцээ, харилцан ашигтай хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт өргөтгөсөн түншлэлийн зарчмаар гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байгаагаа харилцан нотлов.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны дэд сайд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны үр ашиг, зохицуулалтыг сайжруулах зорилгоор Засгийн газар хоорондын зөвлөлдөх бүтэц бий болгох санал тавив.

Австрали Улсын Засгийн газар өнгөрсөн онд Монгол Улсад Ерөнхий консулын газар нээх шийдвэр гаргасан бөгөөд Элчин сайд Ерөнхий консулын газрыг энэ оны 5 дугаар сард албан ёсоор нээхээр төлөвлөж байгааг мэдэгдэв. Энэ онд Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгаа бөгөөд Ерөнхий консулын газрыг ойн жилд нээж байгаад хоёр тал сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. Харилцааны 40 жилийн ойн хүрээнд өндөр түвшний төлөөлөгчид харилцан солилцох, мөн Монголын эртний урлагийн бүтээлийн анхны томоохон хэмжээний үзэсгэлэнг Сидней хотноо зохион байгуулах зэрэг асуудлыг мөн уулзалтын үеэр хөндөж ярилцав.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Австрали Улсад 2011 оны 2 дугаар сард хийсэн айлчлалын үеэр монголын оюутан залууст виз олгох нөхцлийг хөнгөвчлөх асуудлыг манай тал тавьсан бөгөөд австралийн тал асуудлыг нааштайгаар шийдвэрлэж байгаад Гадаад харилцааны дэд сайд талархал илэрхийлэв гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж