102 автомашин шатаасан этгээдэд ял оноов

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

102 автомашин шатаасан этгээдэд ял оноов

Берлин хотын шүүхээс мягмар гаригт 102 автомашин галдан шатаасан этгээдэд найман жилийн хорих ял оноолоо. Прокуророос Берлин хотын 28 настай оршин суугчид автомашин галдан шатаасан үйлдэлд нь найман жилийн хорих ял оноосныг шүүх хэвээр үлдээсэн байна. Галдан шатаагч өнгөрсөн оны зун Audi, BMW болон Mercedes маркийн 102 машиныг шатаажээ. Машины эзэд маш их хохирол амссан байна.

Мөрдөн байцаалтын үеэр галдан шатаагч өөрийн энэ үйлдлээ нийгмийн давхаргад гаргасан дургүйцэл гэж тайлбарлажээ. Тэрбээр будагчин мэргэжилтэй бөгөөд удаан хугацаанд ажилгүй байсан гэнэ. Мөнгөгүй байсан учраас ээжийнхээ гэрт түр хугацаанд амьдарсан ажээ. Харин 2011 оны наймдугаар сард ажилд орсон бөгөөд энэ үеэсээ машин шатаахаа больсон байна.

Цагдаа нар мөрдөн байцаалтын үед түүнийг иймэрхүү үйлдэл хийдэг зүүний аль нэг бүлэглэлтэй холбоотой гэж сэжиглэж байсан юм. Харин мөрдөн байцаалтын дараа түүнийг хэн нэгэнтэй холбоогүй болохыг тогтоожээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж