Ороо бусгаа отгон чуулган

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Ороо бусгаа отгон чуулган

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нээлт болох гэж байна. Энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхийн отгон чуулганы өнгө төрх ороо бусгаа байх төлөвтэй. Хамгийн эхний хэлэлцэх асуудлын нэг нь Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлт. Түүгээр УИХ-ын сонгуулийн тухай хуулиас мажоритар тойрогт оноосон мандатын төлөө өрсөлдсөн нэр дэвшигчдээс өвдөг шороодсон ч сонгогчдын 28 хувиас дээш санал авсан “бөхчүүд”  намын нэрийн жагсаалтаар нэр дэвших пропорциональ тал руу гулсан орж болох заалтыг хүчингүй болгочихсон. Мажоритар хэсэгт нэр дэвшин 48 суудлын төлөө өрсөлдөх гишүүд Цэцийн дүгнэлтийг мэдээж хүлээж авахгүй.

Санал хураахад зургаан сараас илүүгүй хугацаа үлдсэн тохиолдолд Сонгуулийн хуульд гар хүрч болдоггүй гэсэн шалтгааныг эхлээд бамбай болгоно. Тэгснээ парламентаас гадуурх жижиг намуудыг сонгогдоосой гэсэндээ ийм заалт оруулсан гэж үзнэ. Үндсэндээ Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэдэг дээр дийлэнх гишүүн санал нэгдэнэ. Гэвч Цэц их суудлын хуралдаанаараа дүгнэлтээ дахин батлах юм бол “гулсуур” заалт Сонгуулийн хуулиас хасагдана гэсэн үг. Энэ нь тойрогтоо явуур муутай ч пропорциналь руу “хөрвөөд” УИХ-ын суудалд суух төлөвлөгөөтэй эрхмүүдэд том саад болно.

Үүнтэй зэрэгцээд Орон нутгийн сонгуулийг хэзээ явуулах тал дээр УИХ дахь хоёр намын бүлэг маргаанаа үргэлжлүүлнэ. Одоо үйлчилж буй хуулиар УИХ, Орон нутгийн сонгуулийг нэг өдөр зэрэг явуулна. Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлгийнхэн намар салгаж хийе гэдэг байр сууриасаа ухрахгүй гэдгээ мэдэгдээд буй. АН-ын бүлгийн аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ынхтай хамтатгаад сум, хорооны Хурлын сонгуулийг намар болгоё гэсэн буултыг тийм ч амар хүлээж авахгүй гэдгээ олонх хэлчихээд байгаа.

Хариуд нь АН-ын бүлгийнхэн Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг улсын нууц задруулсан хэргээр албанаас нь мултална гэж үзнэ. Олонх сайдаа хамгаална. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд асан Х.Баттулга нарын хэвлэлээр өрнүүлж буй маргаан цааш өрнөнө. Үнэн худал яриа давс хужираар хачирлагдан цааш дэгдэнэ. Долдугаар сарын 1-ний хэрэг явдлын үеэр дөрвөн хүний амь насыг буудан хөнөөсөн хэргийн шүүх хурал хаврын чуулганы халуурал дээр бүлээрэл нэмж, С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарын гишүүдийг хуралд суулгалгүй “Ганц” руу дуудан жим татуулж ч мэднэ.

Олон хүүхэдтэй эхэд урамшуулал олгох гэх зэрэг халамжийн сэдэвтэй хуулиуд маргааны бай болж, хоёр намын бүлэг жинхэнээрээ сөрөг талууд гэдгээ отгон чуулганаар сонгогчдодоо харуулах гэж уралдана.

Чуулган цөөн хоног хуралдах ч гэлээ сонгууль товлон зарласны дараа ганц хоёр долоо хоногоор чуулганыг завсарлуулж тойрог тойрог руу гишүүдээ явуулж бие халаалт хийлгэж таарна.

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийг гурав хуваан олгох, хувьцаатай иргэнд мөнгө өгөхгүй, мөнгөтэйд нь хувьцаа хуваарилахгүй гэсэн МАН-ын бүлэг, Засгийн газрын байр суурийг АН-ын бүлэг эсэргүүцэж хаврын чуулган дээр “реакц үзүүлнэ” гэдэг нь өнөөдрөөс тодорхой болоод эхэллээ. Том мөнгөний амлалтаар гараагаа эхэлсэн энэ удаагийн УИХ амлалт дээрээ бүдэрснээр хаалтаа хийх гээд барцадтай байна. Бас долдугаар сарын 1-нд үрэгдсэн таван хүний амины нэхэл энэ удаагийн УИХ-ын нэрэнд зүүгдэн түүхэнд орох нь лавтай.

                            Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж