“Эрүүл хүүхэд” аян жилийн турш үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

“Эрүүл хүүхэд” аян жилийн турш үргэлжилнэ

Монгол Улсын 18 хүртэлх насны бүх хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажил “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” уриатайгаар орон даяар эхлээд байгаа. Судалгаанаас харахад, өсвөр насны хүүхдүүдийн дунд амьсгалын зам, хоол боловсруулах эрхтэн, шээс бэлгийн тогтолцооны өвчин эмгэг дийлэнх тохиолдож байна. Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмонгоос уг аяны талаар тодруулахад, “Өмнө нь хэрэгжсэн “Эрүүл монгол хүн” хөтөлбөрт бяцхан иргэд маань хамрагдалгүй үлдсэн. Үзлэгт хамрагдсан хүүхдүүдийг харж байхад, биеийн ерөнхий өсөлт сайн ч, хөдөлгөөний дутагдалтайгаас таргалах хандлагатай, булчингийн хөгжил муу байна. Мөн зурагт компьютероос болоод, хараа муудах нь их байна. Бас дотор эрхтний үйл ажиллагаа, хоол боловсруулах систем бүхэлдээ амны хөндийн эрүүл мэндтэй шууд холбоотой. Хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчин их байгаа нь олон төрлийн өвчин үүсэх үндсэн шалтгаан болж байна. Наад зах нь шүдээ зөв угааж, өвчилсөн даруйд эмчилгээ хийлгэх нь эрүүл байхын үндэс. Тиймээс энэ ажил өөрөө хүүхдүүдэд эрүүл мэндийн анхан шатны боловсрол олгож, цаашид эрүүл саруул иргэн болоход нь хувь нэмэр оруулж байгаа том хөрөнгө оруулалт юм” гэлээ.

“Эрүүл хүүхэд” аян хоёр үе шаттай хэрэгжих юм байна. Нэгдүгээр шат ирэх тавдугаар сарын 30-ныг хүртэл, хоёрдугаар шат нь зургадугаар сарын 1-нд эхлэн энэ оныг дуустал үргэлжлэх ажээ. Эмч нар сургууль цэцэрлэг, өрхийн эмнэлгүүдэд багаар ажиллаж, 0-5, 5-11, 11-18 насны ангиллаар хүүхдүүдэд үзлэг хийж байна. Манай улсын хүн амын 36 хувийг 18 хүртэлх насны хүүхдүүд эзэлдэг. Эхний шатанд хүүхдүүдийн эрүүл мэндийн байдал, өсөлт хөгжилтийг үнэлж дүгнээд, хоёр дахь шатанд хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн дагуу үзлэг оношилгоо, эрүүлжүүлэх арга хэмжээ авах юм байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж