МАН-аас нэр дэвших хөрөнгөтнүүд ба ’’нялх сэнгүм’’

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

МАН-аас нэр дэвших хөрөнгөтнүүд ба ’’нялх сэнгүм’’

УИХ-ын 2012 оны сонгууль болоход гурван сарын хугацаа үлдлээ. Улс төрийн нам хүчнүүд нэр дэвшигчидээ битүүхэн тодруулж эхэлсэн байна. МАН-аас ирэх сонгуульд анх удаа шинээр өрсөлдөх залуус эхнээсээ тодорхой болжээ. Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, НХХЯ-ны дэд сайд Н.Номтойбаяр, “Сод Монгол”группын Ц.Анандбазар, НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ, Ш.Отгонбилэгийн хүү Содбилэг, Т.Ням-Осорын Учрал нар ирэх сонгуульд “тоосоо өргөхөөр” мандатаа аваад байгаа гэх мэдээлэл байна.

Сонгуульд хүч үзэх залуусын олонх нь баян айлын “эрх танхил хөвгүүн”, хөрөнгө чинээтэй залуус эзэлж буй юм. МАК-ийн эзэн Нямтайширийн хүү Н.Номтойбаяр, “Сод Монгол”группын Ц.Анандбазар, Ш.Отгонбилэгийн хүү Содбилэг, Т.Ням-Осорын Учрал нар баян айлын эрх танхил, тэрбумтангууд гэдгээрээ адил төстэй. Харин Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг нарыг намын боловсрол мэдлэгтэй залуучуудын тоонд оруулж болох.

Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар

Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар. Эрүүл мэндийн салбараа сайн мэддэг хэмээн түүнийг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд үнэлдэг. Нидерланд, БНСУ, Япон, Англи зэрэг оронд мэргэжил дээшлүүлсэн, боловсролын хувьд хэнд гологдохгүй нэгэн. Тиймдээ ч ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаас сайдын суудалд томилогдсон. Энэ нь нэг талаасаа салбараа мэддэг гэх үнэлэлттэй холбоотой ч МАН-аас сонгуульд нэр дэвшихэд нь сайдын суудал нь хэрэг болно гэдгийг намын удирдлагууд нь харж томилсон хэрэг.

Олон нийтэд танигдаагүй шинэ улс төрч. Тэрээр одоогоор УИХ-д нэр дэвших талаар эх сурвалжийн мэдээлэл байгаагаас өөрөөр хаанаас хүч үзэх нь тодорхой болоогүй байна. Засгийн газрын тэргүүн С.Батболдын хүн гэдэг мэдээлэл бий.

Байгаль орчны сайд Д.Цогтбаатар

Түүнийг төрийн ажлын арвин туршлагатай, дипломатч, хэл ус сайтай, боловсрол өндөртэй гээд намынхан нь магтдаг л юм билээ. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан тэрээр энэ оны нэгдүгээр сарын 1-нээс өөрийн хүсэлтээрээ ажлаа өгсөн. Мэдээж УИХ-ын сонгуульд өрсөлдөхийн тулд ийм шийдвэр гаргасан байх. Гэвч удалгүй Байгаль орчны сайдаар томилогдсон юм. МАН-аас түүнд итгэл хүлээлгэж аль тойрогт нэр дэвшүүлэх эрх өгөх үү, 28-ийн жагсаалтад оруулах уу гэдэг нь одоогоор тодорхой биш байна. Ямартаа ч намынхаа нэрээр сонгуульд оролцвол 1 суудал аваад ирэх “шанс”-тай хүмүүсийн тоонд түүнийг багтааж байгаа бололтой.

“Хас”-ын Ч.Ганхуяг

“Хас” банкны үүсгэн байгуулагч, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг. Түүнийг Сангийн дэд сайд гэхээсээ илүүтэй “Хас” банкны Ч.Ганхуяг гэдгээрээ нь олон нийт илүү танина. Ч.Ганхуягийн санхүү эдийн засгийн салбар дахь хувь хувьсгалын ажил нь амжилт дүүрэн яваа. Анх 26 настайдаа банк байгуулалцаж явсан, эдийн засгийн мэдлэгтэй, боловсролтой гэдэг сайн үнэлгээг эдийн засгийн салбарынхан тавьдаг байв.

Харин тэрээр төрд ажиллаж эхэлсэнээсээ хойш оноо тааруу цуглуулж буй тал бий. Телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо талхны үнэ мэдэхгүй байсан нь олны дургүйцлийг хүргэсэн. Түүнээс хойш “Талх Ч.Ганхуяг” гэж егөөдөх болоод байна.

Монголын оюутны холбооны ерөнхийлөгчөөс өөр сонгуульт ажилгүй түүнийг Засгийн газрын тэргүүн Сангийн дэд сайдаар томилж байв. Ч.Ганхуяг нь Ерөнхий сайд С.Батболдын фракцид багтдаг. Ирэх сонгуульд нэр дэвших залуусын тэргүүн эгнээнд багтаж байна. МАН-ын залуучууд дотроо боловсрол, мэдлэгтэй гэдгээрээ ялгардаг нэгэн.

“Баян айлын тэнэг хөвүүн” Н.Номтойбаяр

МАК-ийн эзэн Нямтайширийн хүү Н.Номтойбаяр гэх залуу МАН-аас Дорнод аймагт нэр дэвшинэ гэх мэдээлэл тархаад буй. Энэ мэдээлэл ч үнэний ортой байж мэдэх.

Учир нь МАН шинэ Засгийн газарт ирэх сонгуулиар нэр дэвших залуусаа сайд, дэд сайдын суудалд томилсон нь улс төрийн томоохон шалтгаантай. Түүний нэг нь Н.Номтойбаяр юм. Намтарт нь Тагнуулын байгууллагад хэдэн жил ажилласан гэх мэдээлэлээс өөр төрийн ажил хийж үзээгүй “түүхий” нэгэн гэж байгаа. Гэвч Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны дэд сайдаар томилогдсон нь олныг гайхшруулсан.

МАН-д нэг тэрбум төгрөгийн хандив өгсөн нь дэд сайдын суудалд тухлуулсан гэж хардах нь бий. Аавынхаа хөрөнгөн дээр туйлж өссөн “хал үзэж хат суугаагүй” энэ залууг Дорнод аймгийнхан сонгож УИХ-д суулгана гэдэг юу л бол.

“Сод Монгол”-ын Ц.Анандбазар

Шатахууны бизнесээр тэрбумтан болтлоо баяжсан түүнийг “Сод Монгол” группын Ц.Анандбазар гэдэг. Газрын маргаан, төрийн өмчийг хувьдаа авчихдаг гэмтэй нэгэн. Шатахууны бизнес, барилгын салбарт бизнес нь төрийн оролцоотойгоор амжилттай ажиллаж байгаа гэж дүгнэж болно.

Улс төрд анх МАХН-ын дарга Н.Энхбаяр хөтлөн оруулсан гэдэг. Н.Энхбаярын туслахаар ажиллаж улс төрийн дөр суусан тэрээр УИХ-ын сонгуульд хүч үзэхээр аль хэдийн бэлтгэлээ базааж эхлээд байна. Дорноговь аймагаас нэр дэвших сураг нь дуулдаж буй ч намаасаа мандат өвөртлөх нь эргэлцээтэй. Учир нь Дорноговийн нэг мандатын төлөө МАН-аас хүч сорих сонирхолтонгууд олон байгаа гэнэ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчийн сонгуульт ажил эрхэлдэг. Дүүргийн иргэдийн итгэлийг хүлээж ажиллаж чадсан уу гэдэг асуудал тодорхой биш. МАН-ын мөнгөтэй бэлтэй эрчүүдийн нэгд зүй ёсоор тооцогдоно.

“Утсан хүүхэлдэй” Л.Оюун-Эрдэнэ

Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг. Намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн нөлөөгөөр залуучуудын байгууллагаа толгойлж улс төрд танигдаж яваа залуусын нэг. Генсек У.Хүрэлсүх намдаа бүхэл бүтэн залуусын нэг үеэр хүрээгээ тэлсний тэргүүн эгнээнд явж, өдгөө эхнийх нь их улс төрд хүч үзэх хэмжээнд хүрсний нэг нь Л.Оюун-Эрдэнэ юм. Хэн ч мэддэгүй байсан нэгэн залууг улс төрд сайн муугаар таньдаг болтол, хэлд хөлд ортол нь чирж авчирсан хүн бол мэдээж намын генсек. НАМЗХ-ны ерөнхийлөгчийн суудлын төлөө УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай өрсөлдөж олонхийн санал авч ялалт байгуулж байсныг харвал нам дотроо оноо өндөртэй байх магадлалтай.

Харин Л.Оюун-Эрдэнийг хувь улс төрчийнх нь хувьд тийм ч өндөр оноо тавих хэцүү. Нэг үе МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үед нь “Number one” хөдөлгөөнийг зохион байгуулж, зүтгэж явсан. Харин өдгөө экс намынхаа даргатай хонь, чоно болоод буй юм.

Мөн МАН-ын дарга удирдлагуудаа шүүмжилж намынх нь УИХ-ын нэр бүхий гишүүд шаардлага хүргүүлсний төлөө У.Хүрэлсүхийн дохиураар оюутан залуучуудыг хөдөлгөж, төв талбайд эсэргүүцэл нэртэй “жүжиг” тоглосон нь түүнийг хэн болохыг харуулсан. Энэ бүхнээс үзэхэд үзэл бодолдоо тийм ч үнэнч нэгэн биш. Улс төрч гэхээсээ илүүтэй, “утсан хүүхэлдэй” болохоо харуулсан.

Улс төрийн хувьд намтар нимгэнтэй тэрээр ирэх сонгуульд өөрийн төрөлх нутаг Хэнтий аймгаас өрсөлдөнө гэх шуум бий.

Ш.Отгонбилэгийн Содбилэг

Уулын Баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ш.Отгонбилэг агсныг Монголын ард түмэн андахгүй. Мөн гэргий Д.Туяаг нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсныг нь мэдэх хүн цөөнгүй. Эл улс төрчийн гэр бүлээс хүү О.Содбилэг нь ирэх УИХ-ын сонгуульд хүч үзэх гэж байна.

Тэрээр “Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхээр улс төрд орж ирлээ” хэмээн тайлбарлаж байна. Аав Ш.Отгонбилэг, ээж Д.Туяа нар Орхон аймагаас УИХ-д сонгогдон ажиллаж байв. Түүний гэр бүл Эрдэнэт хот, “ГОК”-той салшгүй холбоотой. Энэ утгаараа МАН-ын удирдлагууд түүнийг Эрдэнэт хотоос нэрийг нь дэвшүүлэх магадлал өндөр байгаа юм. О.Содбилэг ч ирэх сонгуульд Орхон аймагаас нэр дэвшихээр бэлтгэлээ базааж эхлээд байна. Аавынхаа нэр хүндийг сонгуулийн “Пиар”-таа ашиглаж эхлээд буй юм.

Темон Учрал

Их Засаг их сургуулийн захирал Т.Ням-Осорын хүү Учрал. Нэг хэсэг хип хоп дуу дуулж, Темон гэх нэрээр залуусын дунд танигдсан. Харин тэрээр урлагийн салбараас сургуулийн ректор,сургуулийн ректороос улс төрийн амьдрал руу хөл тавихаар зориг шулуудаад байгаа гэнэ.

Түүнийг МАН-аас нэр дэвших магадлалтай залуусын тоонд оруулаад байна. Сонгуулийнхаа PR, сурталчилгаа хийхээр “Royal HD” телевиз хүртэл байгуулан ажиллаж эхлээд буй юм. Тэрээр хөрөнгө мөнгө бэл бэлчингээрээ хэнээс ч дутахааргүй нэгэн. Түүнийг Хэнтий аймгаас нэр дэвшинэ гэх мэдээлэл бий.

Т.АМУР, Л.ТАМИР

Эх сурвалж: www.olloo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж