-Та МАХН-д элссэн юм уу, ийм мэдээлэл гараад байна?
-Зарим хэвлэлд намайг МАХН-д элссэн гэж бичсэн талаар сонслоо. Тэр мэдээлэл гарсан сонинг бас олж уншлаа. Үндэслэлгүй мэдээлэл байна лээ. Би МАХН-д элсээгүй. Ер нь энэ асуудлыг нэг их дэвэргээд яах вэ. Хүн болгон намайг цэргийн мөрдэстэй гэдгийг мэднэ. Цэргийн хүн аль нэг намд элсэх нь утгагүй. Үүнийг хүмүүс зөвөөр ойлгоосой гэж хүсч байна. Цэргийн байгууллагын мөрдэстэй хүмүүс улс төржих ёсгүй.
-Энэ жил олимп болно. Өнгөрсөн сард болсон тэмцээнээс чөлөөт бөхийн тамирчид эрх авч чадсангүй буцлаа?.
-Сая олимпийн эрх авах эхний тэмцээн боллоо. Ахиад хоёр тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байна. Боломжуудыг аль болох ашиглахыг хичээх хэрэгтэй. Сая бүтэн багаараа явсан ч олимпийн эрхгүй ирлээ.
-Та тамирчдаа хэр дэмжиж байгаа вэ?
-Би Чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлд ажилладаг. Бөхчүүд маань тодорхой амжилтуудыг гаргадаг. Аливаа тэмцээнээс ганзага хоосон ирсэн гэж хэлж болохгүй. Сүүлийн хоёр гурван тэмцээнд оролцож ДАШТ- ээс хэд хэдэн медальтай ирсэн. Эрэгтэй багт жаахан анхаарах асуудал бий. Эмэгтэйчүүд маань сайн барилдаж байгаа.
-Чөлөөт бөхийн тамирчид гэлтгүй бусад тамирчдаас хэр их амжилт гарна гэж хүлээж байгаа вэ?
-С.Бадар-Ууган аварга бэртлийн улмаас олимпод оролцож чадахгүй хэмээн уучлалт гуйсан байсан. Ер нь тамирчин хүн гэмтэж бэртэх маш осолтой. Ганц хуруу өвдөж байсан ч хэцүү байдаг. Гэхдээ Лондонгийн олимпод манай тамирчид амжилттай оролцох байх гэж найдаж байна. Бээжингийн олимпод оролцоод асар өндөр амжилт гаргасан. Гэхдээ ард түмэн Бээжингийн олимпод гаргасан амжилтийг давтаасай хэмээн хүлээж байгаа болов уу. Спорт гэдэг их хэцүү. Дэлхийн таван тивийн шилэгдмэл хүмүүс очиж байгаа. Тэр өдрийн тэнгэр мэдэх биз. Аз хийморь нь байвал Монголчууд амжилттай оролцох байх.
-Төр засгийн зүгээс тамирчдаа анхаардаг болсон. Тэр утгаараа чөлөөт бөхийн тамирчдын бэлтгэл сургуулилтаа хангах орчин нөхцөл хэр байгаа вэ?
-Сүүлийн үед төрөөс их анхаарч байгаа. Тэр хэрээрээ спортын амжилт дээшээ ахиж байна. Биднийг бөх барилдаж эхэлсэн 1990 оны эхэн үед их хэцүү байсан. Тэмцээн уралдаанд явах болж зардал мөнгө хайдаг байсан. Ер нь тэр үед тамирчид гэлтгүй монголчууд ч их хүнд байсан. Улс орны хөгжлөө дагаад төр засаг нь спортоо дэмждэг болсон байна.
-Манай чөлөөтийн тамирчид хаана бэлтгэл хийж байгаа вэ. Та эргэж тойрч байна уу?
-Тамирчид гадаад, дотоодод янз бүрийн байдлаар бэлтгэл хийж байгаа байх. Манай чөлөөтийнхөн эх орондоо бэлтгэлээ хийж байгаа. Ер нь манай алдарт спорт хорооныхон Лондонгийн олимпод оролцох гурван эрх авсан. Буудлагын төрөлд Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, Урт бууны төрөлд Баяраа маань эрх авсан. Байт харвааны н.Жавзмаа олимпийн эрх авсан. Эдгээр хүмүүс гадаадад бэлтгэлээ хийж байна. Буудлагынхан Германд хамтарсан бэлтгэл хийж байна. Байт харвааныхан Тайваньд байгаа.