“ТТ-н хувьцааг үнэгүйдэхээс сэргийлэх ёстой”

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

“ТТ-н хувьцааг үнэгүйдэхээс сэргийлэх ёстой”

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ өдрийн хуралдаанаар Үнэт цаасны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Хөрөнгийн зах зээл хөгжсөн нөхцөлд гадаад зах зээлээс урт хугацаатай, бага хүүтэй зээл босгох боломжтой, тиймээс Монгол Улсын хувьд уул уурхайн томоохон ордуудыг түшиглэн IPO хийх зүй ёсны шаардлага гарч ирж буй билээ. Тиймээс хөрөнгийн зах зээлтэй холбогдох хууль эрх зүйн орчинг сайжруулахаар зорьж буй нь энэ аж. Төслийн хувьд гадны компаниуд Монголд орж ирээд хувьцаа худалдаж авах, эсвэл Монголын хөрөнгийн зах зээлд өөрийнхөө компанийн хувьцааг зарах. Бүр монголчууд өөрсдөө гадаадын бусад оронд компаниудынхаа хувьцааг зарах,  иргэд ч хувьцаа худалдаж авахтай холбоотой харилцаануудыг энгийн болгосны зэрэгцээ сайжруулсан юм байна. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн хоёр дахь хуулийн төсөл нь Иргэний нийгмийн байгууллагын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг аж. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын тайлбарласнаар энэхүү баримт бичиг нь Монгол Улсад ардчиллыг улам гүнзгийрүүлэх, төр, нийгмийн харилцааг хариуцлагатай байх талд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж тодотгож байна. Бүр тодруулбал, ач холбогдлоороо малчдад малыг нь хувьчилж, иргэдэд газрыг нь өмчлүүлсэнтэй нэгэн адил хэмжээнд адилтган авч үзэж болохуйц чухал бодлого гэдгийг онцоллоо.

Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн гурав дахь чухал шийдвэр нь нийслэлийг орон нутагтай авто замаар холбох, Улаанбаатар хотын  авто замын түгжрэлийг багасгах зорилгоор гол гол чиглэлийн зам засварын ажлыг хавар цагт цаг алдалгүй эхлүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоолыг нэмж гаргажээ. Энэхүү мэдээллийг хийсний дараа сэтгүүлчид түүнээс дараах асуултад хариулт авсан юм.

-Үнэт цаасны тухай хуульд өөрчлөлт оруулахаар “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааны нэгж үнэ өсөх боломжтой юу?

-“Эрдэнэс тавантолгой”-н хувьцааг гаргахад нэгж хувьцааны үнэ багаар тогтох магадлалтай байгаа. Яагаад гэвэл дэд бүтцийн асуудал нь шийдэгдээгүй байгаа учраас. Нөгөө талаасаа тухайн төсөл эргэлзээтэй бол хувьцааны үнэ унана. Одоо явагдаж байгаа улстөрийн хэрүүл, мөн дээр нь Тавантолгойн ордыг барьцаалаад энд тэнд гарын үсэг зурчихсан тохиолдолд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг гаргах нь үнэгүйдэлд хүргэнэ. Өөрөөр хэлбэл, Монголынхоо хамгийн үнэтэй баялгийн хувьцааг хамгийн тохиромжгүй үед бага үнээр бусдын өмч болгохоос Засгийн газар сэргийлэх ёстой. Тийм учраас асуудал цэгцрээд дэд бүтцийн асуудал шийдэгдээд өндөр үнэ хүрэх нөхцөл бүрдсэн үед хувьцааг гаргах ёстой гэж үзэж байгаа.

-Ардчилсан намын дарга өнөөдөр мэдэгдэл хийлээ. Гэхдээ иргэн бүрт олгохоор төлөвлөсөн хувьцааг Засгийн газар хоёрдугаар сарын 1-н гэхэд хүн бүрийн дансанд хийх ёстой байсан гэж мэдэгдэж байна. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох сая төгрөгийг гурав хувааж олгох нь учир дутагдалтай гэлээ?

-Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн мэдээллийг интернэтээс авсан, Ерөнхий сайдыг бас хэвлэлийнхээ хуралд ирээгүй гэж хэлсэн байна лээ. Үүнд бас би тайлбар хийх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Долоо хоног бүрийн лхагва гаригт Засгийн газрын хуралдаан болдгийг маш сайн мэдэх ёстой. Засгийн газрын хуралдааныг Ерөнхий сайд ахалдаг, Ерөнхий сайд эзгүй тохиолдолд Тэргүүн шадар сайд, эсвэл Шадар сайд хуралдааныг удирддаг. Гэтэл Тэргүүн шадар сайдын орон тоог цомхотгосон, Шадар сайд гадаадад томилолтоор ажиллаж байгаа учраас Ерөнхий сайд өөрөө Засгийн газрын хуралдаанд сууж хурлыг удирдаж явахаас өөр гарц байхгүй байгаа. Үүнтэй давхцуулж Ардчилсан намын дарга мэдэгдэл хийдэг нь цагаа олоогүй зүйл болов уу. Нэг сая төгрөгийн тухайд, үүнийг эхлээд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ гурав хувааж олгоно гэдгээ Засгийн газраас гаргачихсан. Дөрөв, тав, зургаан сард 333000, 333000, 334000 төгрөгөөр тус бүр олгоно гэсэн. Хоёрдугаар сард олгосонгүй гэдэг тайлбарыг хийсэн байна лээ. УИХ-аар Монгол Улсын нэгдсэн төсвийг хэлэлцэх үед төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг цагаан сарын үед нэмэхээр бараа, бүтээгдэхүүний үнэ хөөрөгддөг. Энэхүү хөөрөгдсөн үнэ эргээд буудаагүй учраас цагаан сарын дараа цалин, тэтгэврийг нэмэх ёстой гэдэг байр суурь баримталж байсан.  Яг үүнтэй нэгэн адил гуравдугаар сар гарсны дараагаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийг гурав хувааж олгох нь зөв юм аа гэж шийдсэн. Нэг сая төгрөгийг нэг дор олгох боломжгүй. Яагаад гэвэл бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөнө. Хоёрдугаарт, санхүү эдийн засгийнхаа бодит байдлыг тооцсон. Энэхүү 334 тэрбум төгрөгийг гурван үе шаттай олгохын тулд хөрөнгийг төвлөрүүлэх талд Засгийн газар ажиллаж байгаа. Оны эхний улиралд улсын төсөвт хамгийн бага хөрөнгө төвлөрдөг, ид ажил буцалдаг хоёр, гуравдугаар улиралд хөрөнгө ихээр орж ирдэг. Тэгэхээр Засгийн газар өөрийнхөө нөөц бололцоог тооцоолж төвлөрч байгаа хөрөнгөтэйгээ уялдуулж эдийн засагт үзүүлэх нөлөөгөө бодоод гурав хуваахаар шийдвэр гаргасан.

Нэг зүйл хэлмээр байна. Засгийн газарт Ардчилсан нам хамтарч байхдаа бол олон ажил хийсэн. Хамтдаа хийсэн, бүтээсэн зүйлээ одоо сонгууль болоход хоёрхон сар дутуу байгаа үед хэтэрхий сонгуульд очков авах гэж нэг нэгнийгээ хараар будаж хамгийн муу муухайгаар харуулах гэж оролдож байгаа нь эргэж улстөрд зөвшилцөл ойлголцол гэдэг зүйлийг дахин сэргээхгүйгээр хааж болохгүй шүү гэдгийг л хэлмээр байна.  Сонгууль болох гэж байна уу, сонгуулийн дараа ч байна уу, ямар ч үед хаана ч зөвшилцөл, ойлголцол байх ёстой гэж үздэг. Түүнээс биш нэг улстөрч нь нөгөөхөө хамгийн байж болохгүй үгээр харааж хэлдэг, хамтарч ажиллаж байсан атлаа хоёрхон сарын дараа огт танихгүй хүн шиг аашилж болохгүй. Сонгууль болдгоороо болно, ард түмэн санал өгдгөөрөө өгнө. Түүний дараа амьдрал үргэлжилнэ, хоёрын хооронд юм хийгээд хэрэггүй шүү дээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж