Азийн уул уурхайн чуулганаас шагнал хүртэв

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Азийн уул уурхайн чуулганаас шагнал хүртэв

Сингапур улсад “Asia Mining Congress-2012” найм дахь удаагийн чуулга уулзалт гуравдугаар 27-29-нд болж, Ази, Австрали, Африк, Латин Америкийн уул уурхайн салбарын томоохон төлөөлөгчид, хөрөнгө оруулалтын болон хэж-сангууд, банк, санхүүгийн байгууллагын 800 гаруй төлөөлөгчид оролцож, уул уурхайн салбарын хөгжил, сорил, хандлага болон хөрөнгө оруулалтын стратегийг хэлэлцэв.

Энэ удаагийн чуулганы онцлог нь дэлхийн уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх боломжийн тухай Кредит Свис (Credit Suisse), Банк оф Чайна Интернэшнл (BOCI), Банк оф Америка Мэрил Линч (Bank of America Merrill Lynch), Жи Пи Морган (JP Morgan) зэрэг байгууллагын санхүүгийн төлөөлөгчид саналаа илэрхийлж байсны дээр “нүүрсний халуурал” нь нүүрсний нийлүүлэлтийн ширүүн өрсөлдөөн өрнүүлж, улмаар Азийн эрэлтийн өсөлтийн глобаль үр дүнг хэрхэн зохицуулах, түлшний нүүрсний экспортын дэлхийн өсөлтөд тэргүүлэхэд нүүрс үйлдвэрлэгчдэд тулгарч буй сорил, боломжийн тухай асуудал анхаарлын төвд байлаа. Тиймээс ч тус Чуулганыг зохион байгуулагчид хөтөлбөртөө Монгол Улс дэлхийн уул уурхайн тавцанд шинээр өрсөлдөгч хэмээн тодорхойлж Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийх эрсдэл ба давуу тал, фронтиер зах зээлээс хөрөнгө оруулалтын зонхилох байр сууринд шилжсэн Монгол дахь хувьсал, өөрчлөлт зэрэг сэдвийг хөндсөн  хэлэлцүүлэг өрнөлөө. Энэхүү хэлэлцүүлэгт “Мон Атом” компанийн дэд дарга Г.Цогтсайхан, Квинтана Кэпитэл Груп Ази (Quintana Capital Group Asia) гүйцэтгэх Захирал Д.Роанна,Хэрбэрт Смит (Herbert Smith) хуулийн фирмийн партнер Р.Мэжор, Евроази Кэпитэл (Eurasia Capital) компаний  гүйцэтгэх захирал А.А.Жуманов зэрэг хүмүүс оролцов. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн Захирал Г.Хенкокийн “Таван толгойн төслийг шинэчлэх” сэдвээр тавьсан танилцуулга чуулганд оролцогсдын анхаарлыг татав.

2012 оны гуравдугаар сарын 28-ны үдэш болсон “Asia Mining Congress-2012” хүндэтгэлийн арга хэмжээнд 300 гаруй хүндэт зочид уригдан оролцсон бөгөөд энэ оройн арга хэмжээний онцлох үйл явдлын нэг нь “Уул уурхайг оновчтой хөгжүүлж буй орон” гэх шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа байлаа. Уг номинацид Австрали, Монгол, Филиппин, Вьетнам, Индонез, Папуа Шинэ Гвиней улс нэр дэвшин өрсөлдөж, энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр Монгол Улс шалгарсныг Элчин сайд Б.Дэлгэрмаа хүндэтгэлтэйгээр гардан авч хариу талархал илэрхийлэв. Мөн “Уул уурхайн тогтвортой хөгжлийн тэргүүний төсөл”-ийн шалгаруулалтад Монгол Улсын “Оюу Толгой” төсөл шалгарсан явдал нь энэ үдэш “Asia Mining Congress-2012” чуулганы нэгэн чухал үйл явдал боллоо гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж