Төв аймгаас газрын ховор элемент гаргана

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Төв аймгаас газрын ховор элемент гаргана

Төв аймагт газрын ховор элементийн төсөл хэрэгжүүлэх гэж буй Австралийн “Black Ridge Mining” (ASX: BRD)  энэ сарын эхээр хамтрагч компанитай байгуулсан гэрээний дагуу төслийн эрх зүй, санхүүгийн нөхцөлийг тогтоож эхэлжээ. Хайгуулын гол хэсэг шүлт, магмын чулуулгаас тогтсон 550 метр урт, 200 метр өргөн газрыг хамарчээ. Хайгуулын ажлын урьдчилсан дүнгээр газрын ховор, хүнд элементийн нэг саяд эзлэх хувь 300-400-тай гарчээ. Төслийн хайгуулын бүсэд лантан, скандий, иттрий, цери зэрэг газрын ховор элемент агуулагдаж буйг өнгөрсөн 2011 оны хайгуулын  урьдчилсан шинжилгээ харуулжээ. Хамгийн чухал нь дээрх газраас ванади, вольфрам, хром зэрэг элемент ч гарах магадлалтай гэнэ. Нөөцийг урьдчилан тогтоосны дараа өрөмдлөгийн ажлыг эхлэх юм байна.

Гадаадын хайгуулчдын хувьд байгалийн асар их баялагтай Монгол, газрын ховор элемент шиг халуухан сэдэв байхгүй болжээ. Гэвч газрын ховор элементийг олборлох, үйлдвэрлэх шиг хэцүү төсөл байдаггүй аж. Төсөл амжилттай болсон ч урт хугацааны дараа үр дүн нь гардаг гэнэ. Тухайлбал, Австралийн баруун хэсэгт 1970 онд анх нөөц нь илэрсэн газрын ховор элементийн “Mt Weld” төсөл одоо дөнгөж эхэлж байгаа аж. 1990 оноос хойш хэрэгжүүлж буй цирконийн The Dubbo төсөл одоо л хэрэгжиж байгаа гэнэ.

Газрын ховор элементийн 97 хувийг Хятад дангаараа нийлүүлдэг. Гэвч Хятад 2009 оноос хойш газрын ховор элементийн экспортод квот тогтоосноос болж түүхий эдийн зах зээлд энэ төрлийн элементийн үнэ 600 ам.доллар болж нэмэгдсэн юм. Газрын ховор элементийг компьютерийн дэлгэц, LCD телевизор, гар утас, салхин сэнс, нарны зай, хос хөдөлгүүрт болон цахилгаан машин зэрэг өндөр технологийн үйлдвэрлэлд ашигладаг. Газрын ховор элементийг импортлогч гол орнууд нь АНУ, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг зэрэг орнууд аж.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж