Монголчуудын хүлээлт- “Монгол 999”

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Монголчуудын хүлээлт- “Монгол 999”

2010.04.27. Монголын
үндэсний компаниуд нэгдэж “Монгол 999” нэгдэл байгуулж буйгаа зарлав.
Тэд хэвлэлийн бага хурлаараа Тавантолгойн орд газрын ашиглалтад оролцох
зорилготой буйгаа илэрхийлж, энэхүү нэгдэлд 700 гаруй компани нэгдээд
байгаа гэлээ.
2010.05.05. Үндэсний компаниудын “Монгол 999” нэгдэл
анхдугаар хурлаа зарлан зохион байгуулав. Өчигдрийн байдлаар нэгдэлд
1206 компани нэгдээд байгаа гэлээ.
10.00 цаг. Улсын Драмын эрдмийн театрын гадна талд машин
багширчээ. Энд “Монгол-999” үндэсний компанийн нэгдэл үүсэн
байгуулагдсаны анхдугаар хуралдаан болж буй юм. Театр дүүрчээ. Суудал
олдохгүй, дээд тавцан хүртэл пиг. Цугларагсдын  дийлэнх нь залуучууд.
Тэд Тавантолгойн орд газрын ашиглалтад оролцохоор зорилго нэгдээд байгаа
юм. Нэгдэл байгуулах ажил санаачлагчдын төсөөлж байснаас илүү үр дүнтэй
байж 12-хон хоногийн дотор 1283 компанийг бүртгэжээ. Оролцогчдын эрх
тэгш байдлыг хангах үүднээс компани тус бүрээс эхний удаад нэг сая
төгрөг цуглуулж байгаа юм. Үүгээр анхны хөрөнгө оруулалтаа хийж, олон
улсын хөрөнгийн биржүүдээс хөрөнгө босгон Тавантолгойн орд газрын
ашиглалтад оролцоно гэж үүсгэн байгуулагчид төлөвлөж байгаа аж.
Хурал эхэлсэн өдрийн өглөөний байдлаар 1206 нь албан ёсоор бүртгүүлж,
нэг сая төгрөгөө нэгдлийн дансанд хийгээд байна гэж ажлын хэсгийн ахлагч
Л.Ариунбаяр өгүүлж байлаа. Тэрбээр “Монголчууд бид тооны билэгдэлтэй
ард түмэн. Эзэн Чингис хааны Их Монгол улсаа төвхнүүлсэн он 1206 байсан
бол эв нэгдлээ илэрхийлж нэгдсэн компанийн тоо ч 1206 байна. Түүнчлэн
тавдугаар сарын 5-ны өдөр бид Тавантолгойн төсөлд хамтран оролцохоор
санаа шулуудан анхны хурлаа хийж байна. Бидний үйлс эх орныхоо хөгжилд
дэвшил авчирч Монгол Улсын нэр хүнд таван тивд дэлгэрэн түгэхийн
билэгдэл биз ээ” хэмээн өгүүлсэн. Компанийг санаачлагчдын нэг “Сентоза”
компанийн захирал С.Одонтуяа “Төр маань энэ удаа биднийг дэмжихгүй гэхэд
саад бололгүй, асуудалд нэг хөзрийг нөгөөгөөр дарж байгаа юм шиг
хандалгүй, зөв ажиллах орчныг бүрдүүлж өгөөсэй. Манай төр бидний
мөнгөтэй амьдрах, эрх чөлөөтэй, аз жаргалаа бий болгох эрхийг хамгаалх
ёстой. Бурхны хишгийг бусдад өгөөд биднийг хусмаар хууралгүй манайхныг
дэмжээрэй” хэмээн өгүүлсэн.
Монгол Улс том  жижиг нийлсэн 150 орчим мянган компанитай. Тэд тус
тусдаа бол Тавантолгойд өрсөлдөх боломж хомс. Гэвч тэд эхний удаад
“Монголчууд эвтэй бол хүчтэй” гэсэн уриаг шүтэж, нэгдэж хамтарч ажиллах
нь чухал хэмээж буй. Энд Алунгоо эхийн багцалсан сумны домгийг сануулах
хүн ч олон байлаа. Тэд багцалсан сум шиг  баттай санхүүтэй бол монгол
хүний тархи оюун хаанахын хэн гуайгаас ч дутахгүй гэдгийг олон арван
жишээгээр баталж болно гэж байгаа юм.
Ийнхүү “Монгол 999” нэгдэл байгуулагдсанаараа Тавантолгойн ашиглалтын
гортигны гадна монгол компаниуд үлдэх вий гэсэн болгоомжлолыг бага ч
гэсэн халж байна. Гэвч тэд үнэхээр өнөөдөр ярьж хэлж байгаа шигээ
эвлэлдэн нэгдэж, нэгдсэн зохион байгуулалттайгаар ажиллаж чадах уу,
энэхүү нэгдэл Тавантолгойн тендерт торохгүйгээр шалгарч чадах уу, хууль
тогтоогчид болон гүйцэтгэх засаглалынхан тэднийг дэмжих болов уу гэсэн
асуултууд бас бий.  Нөгөөтэйгүүр 1000 гаруй компанийг нэгтгэн удирдах,
гэгээн сайхан зорилгоо ажил хэрэг болгож чадах уу гэсэн тээнэгэлзэл
дагуулсан  хүлээлт ч бас бий. Үүнийг цаг хугацаа харуулна биз.
Харин үүсгэн байгуулагчид гадаадын хөрөнгө оруулалтад шүтсээр
дотоодынхноо үл тоон урмыг нь хугалсан он жилүүдийг энэ удаагийн
“Монгол-999” нэгдэл халах болно гэж байна. Тэднийг хэн ч хүчлээгүй,
албадаагүй боловч эх орныхоо баялагт өөрсдөө эзэн суух чин хүслээр ийн
нэгэн зорилго доор нэгджээ. Компани том ч бай, жижиг ч бай улсад татвар
төлж байдаг.  Төрийг тэжээгчид нь хувийн хэвшлийнхэн атал манай улсын
хууль эрхзүйн орчноос шалтгаалан Хязгаарлагдмал хариуцлагатай компани
буюу ХХК-ийнхан төрийн албаныхны буулган доор аж төрж байгааг ч хурлын
үеэр хөндөн өгүүлж байсан. Энэхүү дарамт шахалтаас залхсан зарим нь
улстөрчдийн “халаас” руу үсрээд орчихдогийг ч зогсоох цаг болсон
гэдэгтэй захирлууд санал нэг байсан юм. Ямартай ч хувийн хэвшлийнхэн
хэний ч захиалгагүйгээр эвлэлдэн нэгдлээ.
Тэдний хуралдааны нээлт дэглэлт, жүжиглэлгүйгээр өрнөсөн бөгөөд өнөөдөр
Соёлын төв өргөөнд үргэлжлэхээр болсон.Тэд өнөөдөр “Монгол  999 үндэсний
нэгдэл” ХК-ийн дүрмийн төсөл, ТУЗ-ийн үйл ажиллагааны журмыг хэлэлцэж,
компанийн Хяналтын зөвлөл болон ТУЗ-ийн гишүүдээ нэр дэвшүүлэн сонгох
юм. Олон компаниудын нэгдэл болохоор хурал ч халуухан болох биз. Тэдний
зохион байгуулалтын эхний энэ алхмаас бас хэр ирээдүйтэй байх эхний шинж
тэмдэг харагдах буй за. Ямартаа ч олон нийт энэхүү нэгдлийн талаарх
мэдээллийг анхааралтай ажиллаж байна. Дээр дурдсанчлан монголчууд
эвлэлдэн нэгдэж хамтран ажиллаж чадах эсэхийг харах гэсэн сонжоо,
Тавантолгойн ашиглалтад монголчууд өөрсдөө гар нийлэн ажиллаасай гэсэн
хүлээлт хэдийнэ төрөөд байгаа билээ.
Ингээд хуралд оролцогсдын үгнээс товчлон хүргэе.

Монголын ажил олгогч эздийн холбооны тэргүүн Ц.Нямсамбуу:

-Би хувийн хэвшилд ажиллаад 20 гаруй жил болж байна. Ажил олгогч эздийн
холбоо байгуулагдаад мөн 20 жил болжээ. Энэ хугацаанд Монголд бизнес
эрхлэхэд хичнээн хүнд болохыг, ажил олгогчдод ямар бэрхшээл
тохиолддогийг андахгүй сайн мэднэ. Ажил олгогч эзэд, компанийн захирлууд
нэгэн сэтгэлээр нэгдэн нийлсэн анхны тохолдол энэ буй заа. Монголын
компаниуд хамтран нэгдсэнээр Тавантолгойн төслийг хэрэгжүүлэх хэмжээний
тамир суужээ. Энэ нэгдэл амжилт олж хөгжин дэвжинэ гэдэгт би эргэлзэхгүй
байна. Харин ахмад хүний хувьд анхааруулж хэлэх хэдэн зүйл байна.
Нэгдүгээрт энэхүү нэгдэл цаг хугацааны хувьд  яг зөв үед нь ажлаа
эхлүүлж байна. Хоёрдугаарт, Засгийн газар үндэсний компаниудаа дэмжих
магадлал тун өндөр байна. Мөн олон нийтийн зүгээс ч “Одоо л нэг өөрийн
хүмүүс өөрсдийнхөө төлөө ажилладаг болох нь” гэсэн итгэл төрж байна.
Дөрөвдүгээрт монголчууд бидэнд нэг муухай зан байдгийг мартаж болохгүй.
“Тамын тогооны үлгэр” гэж нэрлэдэг дээ. Үүнд орчихолгүй энэхүү нэгдлээ
улам дэвжүүлэхийг хүсье.

Монголын хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү:

-500 жилийн тэртээ хөрөнгийн бирж үүсэн байгуулагдсан түүх яг энэ
удаагийн компаниудын нэгдэлтэй адилхан байдаг. Монголчууд бид банкны
хүүтэй зээлээр бус өөрсдийн хөрөнгөөр, итгэлцэл дээр хөгжих эхлэл
тавигдаж байгаад баяртай байна. Энэхүү үндэсний компаниудын нэгдлийн
хувьцааны арилжааг маргаашаас эхлүүлсэн ч бид бэлэн байна.
“Монгол-999”-ийнхөн маань зөвхөн Тавантолгойд төдийгүй зуд болохоор
зутарчихдаг малчдынхаа төлөө, монгол гурилаар ард олноо тэжээх
тариаланчдын төлөө хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөрөө зориулдаг өргөн
хүрээтэй томоохон корпораци болно гэдэгт эргэлзэхгүй байна.  Өнөөдөр уул
уурхайн салбарын хөгжлөөр нь улс орнуудыг хоёр хуваадаг. Эхнийх нь
хөрөнгө нь баялаг нь байгаа ч хөгжүүлж ашиглаж чаддаггүй бол удаах нь
хөрөнгө баялаггүй ч бусдын баялагаар хөрөнгө босгогчид юм. Бид эхний
зэрэглэлд нь багтана. Өнөөдөр дэлхийн томоохон биржүүд дээр Монголын
баялгаар хөрөнгө босгодог 27 гадаадын компани бий. Тэднээс дутахааргүй
хөрөнгө босгох чадамжтай үндэсний компани байгуулагдсанд маш их баярлаж
байна.

Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар:

-Өнөөдрийн энэ үйл явц гадаадын зөвлөх нэрээр орж ирдэг эдийн засгийн
алуурчдад маш том цохилт өглөө. Гадаадынхан төдийгүй саарал ордонд ч
шоконд орсон хүн  цөөнгүй байгаа. Барьцаа улам чангатгаж зорилгодоо
хүрэх хэрэгтэй. Тавантолгойг 100 хувь төрийн өмчит компани байна гэж
Засгийн газар зарлалаа. Энэ бол том дэвшил. Төрийн өмч гэдэг бол угтаа
ард түмний өмч. Төр бол өмчгүй, ард түмний өмчийг ашигтай зарцуулах л
үүрэгтэй байгууллага. Төрийн өмчийн хороог ч Ард түмний өмчийн хороо
болгох хэрэгтэй гэсэн юм.  

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж