Хуулиа хүндэтгэх үү, хүнээ өрөвдөх үү?

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Хуулиа хүндэтгэх үү, хүнээ өрөвдөх үү?

МАХН-ын толгой хуульч хэмээн өөртөө итгэдэг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-д анх удаа нэр дэвшиж шинээр сонгогдсон, намынх нь залуу халаа болох Ж.Сүхбаатар гишүүнийг барьж авч гарынхаа шүүсийг амсуулснаас хойш нэг долоо хоног өнгөрлөө. Хэрэг явдал УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, гишүүн Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин нарыг Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлаж, хамтарсан мэдэгдэл хийсний дараа болсноороо шуугиан тарив. Гурван гишүүн УИХ дотор Авлигын эсрэг бүлэг байгуулан парламентын төвшинд авлигын эсрэг тэмцэлд дуу хоолойгоо нэгтгэх, өөрсдөө ч ёсзүйн хувьд үлгэрлэж ажиллахаа мэдэгдсэн юм.
Үүнийгээ ажил хэрэг болгохын тулд хамгийн түрүүнд Авлигатай тэмцэх газар дээр дарагдаад өнгөрдөг төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгэд дүн шинжилгээ хийх, Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтээр УИХ дээр нээлттэй сонсгол хийхээр зарласан. Харин үүний дараа УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Ж.Сүхбаатар гишүүнийг өрөөндөө дуудаж аваачаад “Чи Х.Тэмүүжингийн бие хамгаалагч болоо юу. Чам шиг юм надтай хүний эрх ярьж, Хууль зүйн сайдыг шүүдэггүй юм” гэх мэтчилэн загнаж, Ж.Сүхбаатар гишүүнийг заамдаж аваад зангиагаар нь боож унагасан гэдэг. Хууль зүй, дотоод хэргийн сайдтай хийсэн “халуухан” уулзалтын дараа хүзүү нь улаан эрээн болсон Ж.Сүхбаатар гишүүн гишүүний тэмдэг ч үгүй өрөөнөөс нь гарахыг харсан нөхөд нь “Жижиг биетэй юм болохоор нь Ж.Сүхбаатарыг боож энэ тэр. Тийм л юм бол тэр Б.Бат-Эрдэнийгээ барьж аваад боохгүй яасан юм” хэмээн өмөөрсөн. Ядахад тэр өглөө телевиз “Өнөөдөр дэлхий нийтээр хүүхэд зоддоггүй өдөр өө” гэж ярьсныг хэлэх үү.
Гэвч Хууль зүй, дотоод хэргийн сайд болоод Ж.Сүхбаатар гишүүний хооронд болсон энэхүү “үл ойлголцол” эхнийх нь биш бөгөөд эцсийнх нь ч бас биш байж магад. Учир юун гэвэл өмнө нь ч бас нэг удаа Ц.Нямдорж сайд Ж.Сүхбаатар гишүүнийг хатуу хавтастай номоор нүүлгэж байсан тухай намынхан нь баталдаг.  
Үүнээс хойш бүтэн долоо хоног өнгөрөөд байхад УИХ-ын Ёс зүйн дэд хороо болоод МАХН-ын Ёс зүйн хорооноос хоёр гишүүнд тохиолдсон хэрэг явдлын талаар ямар ч байр суурь илэрхийлээгүй л байна. УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайхан “Манай хороонд Ж.Сүхбаатар гишүүнээс ямар нэг өргөдөл гомдол ирүүлээгүй, энэ тохиолдолд дэд хороо асуудлыг хэлэлцэх боломжгүй. Бид хэвлэлээр гарсан мэдээллээр ажлаа явуулдаг газар биш” гэсэн бол МАХН-ын Ёс зүйн хорооны дарга ч “Намын дүрмийн дагуу хоёр гишүүн болсон хэрэг явдал, хэвлэлээр гарсан мэдээллийн талаар өөрсдөө тайлбараа гаргаж өгөх ёстой. Хэн хэн нь энэ асуудлаар ямар нэг тайлбар хийгээгүй байхад бид дүгнэлт гаргах боломжгүй” хэмээв. Нэн ялангуяа хүний хувь заяатай холбоотой эмзэг асуудал яригдаж байгаа учир намынх нь зүгээс их л хүлээцтэй хандаж байгаа юм байх.
Хэрвээ Ж.Сүхбаатар гишүүн Хууль зүй дотоод хэргийн сайдыг өөрийнх нь эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр цагдаад гомдол гаргах ч юм уу, УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдлаа гэж үзвэл УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, Ёс зүйн дэд хороонд гомдол гаргах, эсхүл намаас томилогдсон албан тушаалтных нь хувьд Ц.Нямдорж гишүүний асуудлаар МАХН-ын Ёс зүйн хороонд гомдол гаргаж байж асуудал үүсэх юм байна. Харин Ж.Сүхбаатар гишүүн Хууль зүй дотоод хэргийн сайдын гаргасан энэ авирыг хувь хүний ёс зүйтэй холбоотой асуудал гэж үзээд үүнийг нэг их дэвэргэж, асуудал үүсгэхгүй гэдгээ хэвлэлээр дамжуулан хэлсэн нь эр хүний хүний хувьд ихээхэн нүнжигтэй зан гаргасан хэрэг биз. УИХ-ын гишүүд дотор ч гэсэн “Үүнд нэг их ач холбогдол өгөөд яах юм бэ. Эр улсын хооронд байдаг л зүйл шүү дээ” гэсэн тайлбарыг зарим нэг нь хийж байгаа.
Үгүй, яах вэ. Эр улс эхнэрээ булаалдаад ч юм уу хоорондоо үзэлцсэн бол үүнийг “эр улсын яриа” гээд орхиж болох л доо. Гэвч энэ удаад хоёр хүний хоорондын харьцааны асуудал биш, зарчмын огт өөр асуудал хөндөгдөөд байна. УИХ-ын гишүүн болоод Засгийн газрын гишүүний эрх үүрэгтэй холбоотой том асуудал. Тодруулбал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд нь өөрийг нь харьяалдаг УИХ-ын байнгын хорооны гишүүнийг гаргасан шийдвэр, тавьсан шаардлагатай нь холбогдуулан дарамталсан явдал. Өнгөрөгч арванхоёрдугаар сард УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос долдугаар сарын 1-ний асуудлаар нээлттэй сонсгол хийхэд МАХН-аас Ж.Энхбаяр, Ж.Сүхбаатар нарын гишүүд Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувиар Х.Тэмүүжин гишүүнтэй хамтарч ажилласан. Одоо шинээр байгуулагдаад байгаа УИХ дахь Авлигын эсрэг бүлгийнхэн ч мөн энэ удаагийн сонсголыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар Ж.Сүхбаатар гишүүнийг тавьсан юм байна. Үүнээс л МАХН-ын толгой хуульчийн бачимдах шалтгаан гарсан бололтой юм.
Уг нь авлигатай тэмцэх болоод хүний эрхийг хамгаалах асуудал нь Хууль зүй дотоод хэргийн сайдын бодлогод хамаарах асуудал. Гэвч дээрх асуудлуудаар сайдын зүгээс оновчтой бодлого харагдахгүй байгаа учраас УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд Засгийн газарт энэ асуудлаар шаардлага шахалтуудыг тавьж эхлээд байгаа. Засаглалын хуваариар бол УИХ буюу хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх байгууллага буюу Засгийн газрынхаа дээр байдаг. Дээр нь УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Хууль зүй, дотоод хэргийн яамыг шууд харьяалдаг. Энэ тохиолдолд байнгын хорооны гишүүд нь сайдаа айлгадаг болохоос биш сайд нь гишүүдээ боож унагаад явж байдаг жишиг манайхаас өөр оронд лав байхгүй. Тэр тусмаа Ц.Нямдоржийн зангараг хийгээд Ж.Сүхбаатар гишүүний туршлагатай туршлагагүй нь огтхон ч падгүй асуудал. Харин манайд бүх юм эсрэгээрээ байдаг хойно.  

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж