Харин Засгийн газар болоод МАН-ын зүгээс “Ардчилсан нам энэ асуудлын хүрээнд зөвшилцөөгүй” гэсэн мэдэгдлийг хийгээд байгаа нь жинхэнэ олон нийтийг эргэлзээнд оруулсан үйл явдал болоод байна. Цаашдаа ч энэ асуудал нэлээд яригдах бололтой. Өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “УИХ-ын гишүүн Х.Баттулга нь Хятад, Солонгосын хамтарсан консерциумтай хамтран төмөр замын нууц гэрээ байгуулсан байсан” гэдэг мэдэгдэл хийж, УИХ-ын гишүүн Х.Баттулга нь “УИХ-аас өгсөн тогтоолыг биелүүлэх хүрээнд ажилласан. Төмөр замын нууц гэрээ байгуулаагүй” гэж мэдэгдсэн төдийгүй сайд Ц.Нямдоржийг нэр төр гутаасан гэдэг үндэслэлээр нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд өгөөд байгаа билээ. Өөрөөр хэлбэл, эл хэрэг явдал эцэслэгдэх яагаа ч үгүй байтал хоёр улстөрийн намын дарга нарын дунд бас нэгэн “Албан бичиг хүргүүлсэн, ирээгүй” гэх “сенсааци” дэгдлээ.
Ерөнхий сайдад албан тоот явуулжээ
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нар Тавантолгойн хувьцаатай холбоотой асуудлаар олон нийтэд хамтарсан мэдээлэл хийнэ гэсэн мэдээлэл өчигдрөөс эхлэн цацагдсан ч үүнийг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба болон МАН-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс няцаасан билээ. Тухайлбал, Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас “Ерөнхий сайд ийм арга хэмжээ төлөвлөөгүй, яг одоо Засгийн газрын хуралдааныг удирдаж байна” гэсэн бол МАН-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс “МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдод энэ асуудлын талаар урьдчилан хэлж зөвшилцөөгүй. Ийм байтал хамтарсан мэдээлэл хийнэ” гэсэн нь ойлгомжгүй байдал үүсгэлээ. Тиймээс Ардчилсан намын Хэвлэл мэдээллийн албаныхан энэ мэт үйлдлээ зогсоох ёстой” гэж мэдэгдсэн юм. Харин бидэнд олдсон мэдээллээр бол Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг гуравдугаар сарын 30-нд Ерөнхий сайд С.Батболдод хандан албан тоот явуулжээ. Түүнд “Монгол Улсын иргэдэд нэг сая төгрөг/хувьцаа/ олгох асуудлаар УИХ-аас гаргасан шийдвэрүүд хэрэгжихгүй удаж байгаа тул дөрөвдүгээр сарын 2-4-ний аль нэг өдөр олон нийтэд хамтран мэдээлэл хийхийг урьж байна” гэжээ. Ямартай ч, гүйцэтгэх засаглалын тэргүүнд хаягласан энэхүү албан тоот бичиг хэргээр нь дамжаад Ерөнхий сайдын ажлын албанд очсон” гэдэг тайлбарыг Ардчилсан нам талаас өгч байна.
Г.ДАРЬ