Өнөөдөр болсон аймгийн үнэлгээний хорооны хурал Өндөрхаан хотын гудамжны гэрэлтүүлэг тавих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах асуудал хэлэлцээд уг тендерийг хүчингүй болгон, дахин зарлахаар боллоо. Аймгийн үнэлгээний хороо энэ тендерийг 2 багц болгон зарлаж, Өндөрхаан хотод шинээр тавих хатуу хучилттай авто замын дагуу 900 метр газарт гоёлын гэрэлтүүлэг, хотын захын буюу 4-р багийн гэр хороолол руу 1,4 км-т гэрэлтүүлэг тавихаар тендер зарласан ч ганцхан “Алтан-Очирт түмт” компани гоёлын гэрэлтүүлгийн ажлын тендерт материалаа ирүүлжээ. Гэвч тус компани материал ирүүлэхдээ хариуцлагагүй хандаж битүүмжилсэн материал нь гаднаа хаяггүйгээс гадна хуудсуудаа баталгаажуулаагүй, тендерийн материалын гол шаардлага болох тендерийн баталгааны мөнгөө хуульд заасан 2%-д нь хүргэж банкинд байршуулаагүй гэсэн шалтгаанаар тендерээс хасагдаж уг ажил дахин нэг сараар хойшилж цаг хугацаа алдаж байна.
Түүнчлэн Өндөрхаан хотод шинэ цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын тендерт оролцох 3 компанийн ирүүлсэн материалууд тендерийн шаардлага хангаагүйгээс уг материалууд дээр ажиллах боломжгүй болсон байна. Тендерт оролцох компаниудын материалд, санхүүгийн болон үйл ажиллагааны ямарваа зөрчилгүйг нотолсон шүүхийн бичиггүй, санхүүгийн тайлангаа аудитаар баталгаажуулаагүй, ажлын төсөв нь тодорхойгүй, ажиллах хүчний судалгаа, санхүүгийн тайлан байхгүй зэрэг зөрчлүүд илэрч уг бүтээн байгуулалтын ажлын тендер зарлах хугацаа хойшлов. Ийнхүү төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах жишиг баримтын зааварчилгааг тендерт оролцогчид мөрдөхгүй тендерийн бичиг баримтаа дутуу бүрдүүлдэг нь тендер хүчингүй болж хугацаа алдахад хүргэж байна.
Харин Өндөрхаан хотын төвийн 1,8 км хатуу хучилттай автозамын тендерт аймгийн “Харгуй” ХХК уг ажлыг 801,6 сая төгрөгөөр гүйцэтгэхээр, Галшар сумын шинэ спорт заалны тендерт Улаанбаатар хотын “Тулга констракшн” ХХК 402,3 сая төгрөгөөр барихаар шалгараад байна.