“Иссык-кулын эрэгт Их хуралдай зарлаж байсан түүхтэй”

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

“Иссык-кулын эрэгт Их хуралдай зарлаж байсан түүхтэй”

Айлчлалын эхний өдрийн үдээс хойш Бүгд Найрамдах Киргиз улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид тус улсын Ерөнхий сайд Омурбек Бабанов бараалхав. Киргизийн ерөнхий сайд хэлэхдээ, “Чингис хааны ууган хүү Зүчийн хүүн Батхаан Их хуралдайгаа Иссык-куль буюу Монголчуудын нэрлэдгээр “Ишгэн хөл” нуурын эрэг дээр зарлаж байсан түүхтэй. Эрт үеэсээ улбаатай Монгол Киргизийн харилцаа өдгөө ч ийнхүү өрнөн хөгжиж байгаад бид баяртай байна. Та бол эх орондоо ардчиллыг эхлүүлэгчдийн нэг төдийгүй авлигын эсрэг тууштай тэмцэж ирсэн хүн. Тиймээс манай улс танай улсын хэрэгжүүлж байгаа шүүхийн шинэтгэл хийгээд шударга ёсыг тогтоох, авлига, хээл хахуултай тэмцэх туршлагагаас суралцах хүсэлтэй байна. Бид ашигт малтмалын хуулиа шинэчлэн батлахаар хэлэлцэж байгаа. Тиймээс та бүхэн өөрийн орны мэргэжилтнүүдээ ирүүлж дэмжлэг үзүүлэхийг хүсье” гэв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ, “Бид хоёр арванаар өртөөлсөн ардчиллын туршлагаасаа та бүхэнтэй хуваалцахад бэлэн байна. Монгол Улс ардчилал, шинэчлэлийн замаар замнаж буй улс орнуудыг дэмжих тусгайлсан санг санаачлан байгуулж байгаа. Энэ сангийн хүрээнд Киргиз Улсыг бид цаашид ч дэмжих болно” гэлээ.

Ганцаарчилсан уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч түүнийг дагалдан яваа албаны хүмүүсийнхээ хамтаар Киргизийн засгийн газрын бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн уулзалт хийв.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч “Биднийг халуун дотноор хүлээн авсан Киргиз нөхөддөө баярлалаа. Дипломат харилцаа тогтоосны 20 жилийн босгон дээр болж буй энэ айлчлалын үеэр хоёр орны харилцааг хөгжүүлэх нь эрх зүйн бүтэц, засгийн газрын бүтцээс ихээхэн хамаарах юм. Бид Засгийн газар хоорондын комиссийн хурлыг Монгол Улсад хийх сонирхолтой байна. Айлчлалын өмнөхөн Монгол Улсын Ерөнхий сайд надаар дамжуулан таныг Засгийн газар хоорондын хуралдааныг ахалж Монголд зочилохыг урьсан. Бид өнөөдөр нэмж тодорхой гэрээнүүдэд гарын үсэг зурлаа. Үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн бид боловсролын салбарт идэвхитэй хамтран ажиллах, энэ чиглэлд түлхүү анхаарах хэрэгтэй болов уу. Мөн бизнесийн харилцааг идэвхитэй хөгжүүлэх нь хоёр орны иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх чухал түлхэц болох юм” гэв.

Дараа нь Киргизийн Ерөнхий сайд энэ жил жил Засгийн газар хоорондын хуралдааныг  хийхээр Монгол Улсад айлчлах асуудлыг судлан хариу мэдэгдэнэ гээд Монгол Улсад зочилохдоо баяртай байгаагаа илэрхийлэв. 

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж