-Монголын сагсан бөмбөгийн холбоо үүсч байгуулагдаад 50 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ салбарт таны оруулсан хувь нэмэр нэлээн их бий?
-Холбоо үүсч хөгжөөд 50 жил болжээ. Харин сагсан бөмбөгийн спорт 70 манай улсад дэлгэрээд 70 орчим жил болж байна. Дэлхийн хэмжээнд ч тэр сагсан бөмбөгийн спорт 1960-аад оны эхэн үед хүчээ авсан байдаг. Жишээ нь хурдан довтолгоо, комбинац гэдэг чинь энэ үед л дэлгэрч байлаа. Одоо бол зөвхөн дэлхийд бус манайд ч харьцангуй илүү дэвшилтэй хөгжиж байна. Миний оруулсан хувь нэмэр гэхээсээ илүүтэй энэ спорт үүсч хөгжсөн үндэс суурь нь маш чухал сэдэв байх. Манай улсад яг сагсан бөмбөгийн сургалттай анги танхим ховор байхад хамгийн олон хичээллэгсэдтэй нийтийн хүртээл болж чадсанд нь баяртай явдаг.
-Таныг боксчин байсан гэдэг юм билээ?
-Боксчин нь ч юу юм бэ. Бага байхад манай байранд Зоригоо гэж боксоор хичээллэдэг залуу байсан юм. Мөн Дүгэрээ гэж боксын спортын мастер байсан. Энэ хоёрыг дагаж бэлтгэл хийдэг байлаа. Бие биенээ дагаж суралцаж байсан минь л тэр байх. Зөвхөн бокс гэлтгүй бүх спортоор тэгш хичээллэж тоглодог байсан. Бас тэр үед чинь өглөө байрны дарга бүрээ дуугаргаж аав, ээжтэйгээ гарч гимнастикаа хийнэ. Тэгээд орой болохоор байрныхаа гадаа волейбол, теннис тоглодог ийм л үе байсан. Бас сагсан бөмбөгийн нэг шийдтэй. Тэр үедээ 13 төгрөгийн үнэтэй резинэн бөмбөг олж аваад л тоглож өгнө шүү дээ.
-Боксын хөлний ажиллагаа сагсныхтай их адилхан гэдэг байх аа?
-Тэгэлгүй яаха вэ. Сагсан бөмбөгийн онол номд хүртэл боксын зогсолт гээд байдаг. Яагаад гэхээр хөл дээр зөв ажиллаж байж гар нь зөв хөдөлдөг юм. Боксоор бага зэрэг хичээллэж байсан минь сагсан бөмбөгийн спортод нөлөөлсөн гэж боддог.
-Тэгвэл сагсан бөмбөгтэй холбогдсон түүхээ сөхвөл?
-Би амьдралдаа ганцхан багштай байсан хүн. Бүхий л мэдлэгийг Аюурзана багшаасаа сурч авсан. 1972 онд Анх 15 насандаа “Алдар” нийгэмлэгээс тамирчин болох гараагаа эхэлж 1983 он хүртэл тоглосон. Энэ хооронд л их зүйл сурсан. Гэхдээ одоо бодоход аав минь намайг “Энэ хүүхэд зүгээр сууж чадахгүй нь. Спортын хүн л болох шинжтэй” гээд сагсан бөмбөгийн спортоор хичээллүүлсэн юм. Анх очиход самбарт үсрүүлж, анхан шатны техник их заана. Гэтэл миний хувьд зүгээр л гэрийнхээ гадаа тоглодог мэтээр төсөөлж байсан. Дасгалаас халширч бэлтгэлээ хүртэл тасалчихдаг. Тэгсэн мөртлөө л сэтгэл дуудаад заал руугаа гүйчихдэг байсан. Ингэж явсаар эргэлт буцалтгүй энэ спортод татагдсан. Анх идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож түрүүлж байсан юм. Одоо бодоход сайн тоглосон уу, үгүй юу бүү мэд.
-“Алдар” нийгэмлэг тэр үедээ л маш сайн байсан. Түрүүгээ алдаж үзээгүй гэдэг юм билээ?
-Тийм ээ. Энэ нийгэмлэгээс сагсан бөмбөг түлхүү хөгжсөн ч гэж ярьдаг. Би тоглож эхлэхдээ Монголд болдог бүхий л түрүүг хүртэж байсан. Гэхдээ миний тэр үеийн бодол байсан юм. “Алдар” сайн гэхээр тамирчдын нэр хүнд дарагдаад, бусад муу багийн сайн тоглогчид мандаад л байдаг. Тэр үед өөрийгөө нотлохын тулд “Алдар”-аас сул багт очиж, амжилт гаргах юм сан гэсэн бодолдоо хөтлөгдсөн юм. Тэгээд л “Октябрь”-т очсон. Үүнээс хойш маш олон багтай тоглож чадах чинээгээрээ амжилтад хөтөлсөн гэж боддог. Харин дасгалжуулагч болох гараагаа 1984 онд 13 дугаар сургуулиас эхэлж байлаа. Түүний дараа шүүгчийн зөвлөлийн дарга Пүрэв багшийн санаачилгаар “Алтан Од” клубыг үүсгэн байгуулж байлаа. Үүний дараагаас сагсан бөмбөгт элэгтэй, сэтгэлтэй хүмүүстэй нийлж дээд лигийн тэмцээн ерөнхийдөө эхэлж байсан. Лигийн хамгийн анхны багийн батламж одоо хүртэл надад байдаг л юм.
-Ямар баг байсан юм бэ?
-“Азийн чоно”. Түүний дараа “1-11”, “Монсоник”, “Алтайн бүргэдүүд” “Цөөврийн чоно” гээд л нэлээн олон багтай ажилласан.
-Тамирчин бэлтгэх, түрүүлэх хоёр тэс өөр зүйл гэж та хэлээд байдаг. Яагаад түрүүлэхийг нэн түрүүнд тавьдаггүй юм бэ?
-Энэ спортод авьяастай, сэтгэл зүрхтэй хүүхэд маш олон байна. Тиймээс тэдгээр хүүхдүүдийг сайн бэлтгэж, чадвартай тамирчин болгохыг л хүсдэг. Яах вэ, нэг үе тэмцээнд түрүүлэхийн тулд л ордог байлаа. Одоо бол тэр бодол маань өөр болсон. Ямартай ч нэн түрүүнд хүүхдүүдийнхээ ур чадварыг дээшлүүлж хаана ч өрсөлдөхүйц тамирчин бэлтгэх нь миний зорилго.
-Энэ жилээс “Баянзүрх Буллс” багийг дасгалжуулж эхэллээ. Бас л нэг байгууллагын нэрийн өмнөөс цалинжаад бэлтгэл сургуулилт хийж тэмцээнд орж байна. Тэгэхээр түрүүлэх нь гол зорилго байгаа байлгүй дээ?
-Одоо тэгэхийн тулд л тэмцээнд орж байна. Манай багийн хувьд дээд лигийн тэмцээн эхлэхээс өмнөхөн нэгдсэн. Баг болж бүрэлдэх л хэрэгтэй байна.
-“Ёлууд”-ын бүрэлдэхүүнд байсан шилдэг гэсэн тамирчид одоо хэр нь дээд лигийн өнгө төрхийг тодорхойлж үзэгчдэд хүндлэгдсээр байна. Гэтэл тэд өөр багт, өөр дасгалжуулагчийн нэрийн дор тоглох юм. Бэлтгэсэн тамирчдаа ингээд л алдаад байх уу?
-Миний бэлдсэн хүүхдүүд сургуультай, орох оронтой цалинтай болчихвол надад хаана тоглох нь хамаагүй. Гадаадад бол өөр асуудал. Би тэр хүүхдэд мөнгө төгрөг, байр сав өгч чадахгүйгээс хойш цалин амлаж байгаа газарт нь явахуулах л ёстой. Зөвхөн Цэврээгийн удирдлагаар тэд тоглоно гэж байхгүй. Надаас сэтгэл нь хөрчихсөн тамирчин ч байж болно шүү дээ. Тиймээс би шантаажлаад байлгаад, дараад байхыг хүсэхгүй байна.
-Монголын сагсан бөмбөгийн холбоо, “TLG 13” гээд л хоёр хуваагддаг боллоо. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна?
-Харин хоёр хуваагдаж тэмцээн уралдаан зохион байгуулж байгаа нь байдаг л асуудал. Манай холбоонд алдаа дутагдал байдаг. Ер нь өөгүй хүн гэж ховор. Цагийн аясаар хийж, шийдэгдэх байх гэж боддог. Тамирчдыг тэмцээн уралдаанд оролцуулахгүй гэх мэтээр хааж боогоод шантаажлаад байвал буруу. Тэрнээс ямар ч спорт байсан өрсөлдөөн дунд байж л өсдөг жамтай. Би нэг юм хийчихлээ. Танайх муу гээд л өрсөлдөөд байвал утгагүй л дээ. Яваа яваандаа хоорондын зөрчил нь арилчихна. Гэхдээ цэвэр өрсөлдөөн байх хэрэгтэй.
-Дээд лигт легионер тоглогчид хүч түрэн орж ирж байна. Эдгээр тоглогчид тэмцээнд оролцож байгаа нь зөв үү?
-Хамгийн их хэрэгтэй шүү. Манай тамирчдыг ажиглаад байхад юм хэлээд ховорхон ойлгодог. Гэтэл яг тоглоод дотор нь ороод ирэхээр их зүйл сурдаг юм шиг санагддаг. Манайхан гадаад тамирчдаас их зүйл сурч байгаа. Нөгөө талаараа олон гадаад байлгаж болохгүй. Ингээд ирвэл өнөөх монгол тамирчид хаанаа тоглохоо мэдэхээ байна биз дээ. Энэ бодлогыг холбоо маш сайн барих хэрэгтэй. Түүнээс биш эдгээр тамирчид ирсэн нь үр дүнтэй. Тоглолтод хэрхэн ханддаг. Сэтгэл зүйгээр хэрхэн бэлтгэгддэг гээд л. Амьдралын хэв маяг ч гэсэн маш чухал.
-Тамирчид өөр өөрийн онцлогтой. Зан ааш, бие бялдар гээд л. Нэг баг болгон бүрдүүлэх гэж их асуудал гардаг байх даа?
-Тийм ээ. 10-аад хүнийг нэг хүн шиг болгон зангидах хэрэгтэй. Мал бол хашаанд нь тууж оруулаад гаргаад байвал болно доо. Гэтэл энэ чинь баярладаг гомддог адилхан л хүн. Тиймээс ямар үед хэнтэй, яаж харьцах уу, ямар бэлтгэл өгвөл энэ хүн даах уу, яаж тоглуулах уу гээд бүх зүйлийг мэдэрч тооцоолж л ажилладаг даа.
-Баг хожигдсон л бол дасгалжуулагчийн буруу гээд хэлчихэж болох уу?
-Болно. Багийнхаа учрыг олж чадаагүй бол миний л буруу. Мөн эсрэг багийнхаа тамирчид, дасгалжуулагчийг мэдэрч чадахгүй бол бидний л хохь.
-Тамирчдаа загнаж байсан удаа байгаа юу?
-Байдаг л байлгүй дээ. Хэний эсрэг яаж тоглохоо мэддэг хүн л сагс сайн тоглодог юм. Яг үнэндээ алдарт Жордангаас илүү үсэрдэг, тоглодог хүн байдаг юм. Тэгсэн хэрнээ тэр тамирчин ухаан гаргаж чаддаггүй. Өөрийн чадварыг хаана, хэрхэн үзүүлэх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Хамгийн гол нь Жордан тэрийг мэдэрч урлаг болгосон хүн.
-Таны хүү дээд лигийн урдаа барьдаг тамирчдын нэг. “Хүлгүүд” багтай хийсэн тоглолтод хүү тань оноо авалтаар тэргүүлж байсан ч, гуравдугаар үеэс танай баг тоглолтыг эргүүлсэн. Аав, хүү хоёрын дуэл тоглолтын талаар ярих уу?
-Би хүүтэйгээ өрсөлдөх гээд байгаа юм биш. Үзэгчдийн л бодол байх. Эсрэг багт хүү минь тоглож, миний хувьд өөр баг дасгалжуулж байгаа ч гэсэн хожил авахыг бодно биз дээ. “Хүлгүүд”-тэй тоглоход хүүгээ яаж дийлэх вэ гэх бодол төрөхгүй л дээ. Би хүүгээ сагсны хүн болгохыг хүсээгүй. Гэсэн ч яалт ч үгүй гэр бүлийн уур амьсгал нөлөөлөөд энэ спортын хүн болчихсон. Ер нь хүүгийнхээ тоглолтод зааж, зааварлаад нэг их ороод байхыг хүсдэггүй.
-Таныг тоглолтын үеэр харахаар их ууртай юм шиг санагддаг. Энгийн амьдрал дээрээ хэр ууртай хүн бэ?
-Яагаад ууртай харагдаж байгааг мэдэхгүй юм. Гэхдээ надад нэг их муухай уур байхгүй. Мэдээж тамирчдаа загнах үе байна. Энэ нь хааяа нэг бэлтгэлийн үеэр гардаг байх.