Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр тээвэрчдийн ажлын ачаалал, хүнд нөхцөл зэргийг харгалзан үзэж, автобусны эцсийн буудлыг тохижуулах шийдвэр гаргасан. Энэ ажлын хүрээнд Шархад, Баянхошуу, Дэнжийн 1000, Улиастайн автобусны зогсоолуудыг тохижуулж, дууссан байна. Улиастайн эцсийн зогсоолын барилгыг улсын комисс хүлээн авсан бөгөөд “Автобус-3” компани хариуцан ажиллаж, тээвэрчдэд зориулсан цайны газар, бие засах газар, диспетчерийн бүртгэл явуулж байгаа ажээ. Шархадны автобусны эцсийн зогсоолын хоёр давхар барилгыг мөн улсын комисс үзэж, акт гарган, ашиглахыг зөвшөөрсөн бөгөөд Баянхошуу болон Шархадны эцсийн зогсоолын барилгуудыг “Автобус-1” компани хариуцан ажиллах болсон байна.
Дэнжийн 1000-ын автобусны эцсийн зогсоолын барилга байгууламжийг энэ оны нэгдүгээр сард барьж дууссан хэдий ч одоогоор улсын комиссын акт гараагүй байна.
Д.Жаргалсүрэн