Н.Алтанхуяг: Бид хийнэ гэвэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг: Бид хийнэ гэвэл хийнэ

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд “Иргэдэд олгох “Эрдэнэс тавантолгой”-н хувьцаатай холбоотойгоор МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдтой хамтран мэдээлэл хийх хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт албан ёсоор бичгээр хүргэсний зэрэгцээ утсаар холбогдож лхагва гаригийн 11.00 цагт хэвлэлийн хурал хийе гэдгээ илэрхийлсэн ч энэхүү хуралдаанд оролцсонгүй. Уг нь хамтарсан Засгийн газар ажиллаж байх үед Монгол Улсын иргэн бүрийн дансанд 2012 оны хоёрдугаар сарын 1-н гэхэд 1072 ширхэг хувьцаа орох байсан. Үүний дараа хувьцаагаа мөнгөжүүлэх хүсэлтэй иргэдийн хүсэлтийг Засгийн газар хүлээн авч, зохих дагуу нь компаниудад хувьцааг нь худалдаалаад асуудал нэг тийш болох байсан. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл энэ ажил биеллээ олсонгүй, яагаад энэ ажил биеллээ олохгүй байна вэ, шалтгаан нь юунд байна вэ гэдэг талаар хамтдаа сууж байгаад олон нийтэд бодит байдлыг хүргэх байлаа” гэсэн юм. Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гурав хуваан олгохоор төлөвлөөд байгаа нэг сая төгрөгийн тухайд “Заавал гурав хувааж өгөх албагүй” гэсэн байр суурийг илэрхийллээ. Мөн тэрбээр “Бие биенийхээ араар ард түмнээс нуугдахаа болих хэрэгтэй. Хэрэв Ерөнхий сайд С.Батболд миний хажууд сууж байсан бол нүүрэн дээр нь хэлэх байсан. Миний өөдөөс харж зүрхлэхээ больчихсон юм байна. Хамтарч ажиллаж байсан болохоор буруу санаад яах вэ гэж бодож байсан. Гэхдээ зарим хүмүүс итгэл алдаад байна. Сонгуулийн өнгө аяс оруулж шоу хийгээд байна" гэлээ. Үүний дараа сэтгүүлчид түүнээс дараах асуултад хариулт авсан юм.
 
-Зах зээлд бэлнээр их хэмжээний мөнгө гаргах нь инфляцийг улам гааруулж байгаа. Тэгэхээр иргэдэд бэлнээр нэг сая төгрөг өгөх нь бараа, бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөхөөс өөр үр дагавар дагуулахгүй юм биш үү. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ асуудлыг би дахиад Ерөнхий сайд С.Батболдоос асууна аа. Гурван жил бид хамтарсан Засгийн газарт ажиллахад хэзээ махны үнэ ингэж өсч байсан юм, хэзээ юмны үнэ ингэж өсч байсан юм. Ийм юм бол байгаагүй. Тиймээс энэ ажлыг зөв хийвэг, зөв сэтгэл зүрхтэй хүмүүсийнхээ төлөө гэсэн ажиллаж чаддаг тийм л хүмүүс хийдэг. Ардчилсан нам бол гурван жилийн хугацаанд янз бүрээр хэлүүлж байгаад хамтарсан Засгийн газарт ажиллаж байсан ч, түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Ардчилсан нам засгаас гарах сургаар шатахууны үнэ өссөн, одоо харин компаниудтай яриад буулгаад л байгаа биз дээ, болдог л байхгүй юу даа. Бид хийнэ гэвэл хийнэ, хэн бугай ч байсан хийнэ. Хийх хүн аргаа олно, хийхгүй хүн шалтаг олно.

-2008 оны УИХ-ын сонгуулиар МАН иргэддээ сая төгрөг амласан. Харин Ардчилсан нам хувьцаа амласан. Хувьцаа өгөх ёстой гэдэг шийдвэр УИХ-аас ч, Засгийн газар ч гаргасан. Гол нь мөнгөний амлалт биелээгүй байгаа. Өөрөөр хэлбэл, танай намын амлалт бол биелсэн, харин нөгөө намынх биелээгүй. Ийм байхад та өөр намын амлалтыг биелүүлэх гэж зүтгээд байх хэрэг байгаа юм уу?

-Байхгүй юм өгөх гэсэн юм биш. Хүний хөгжил сангаас олгохоор төлөвлөсөн мөнгөнөөс 500 мянган төгрөгийг сар тутамд олгосоор дуусах шатандаа явж байна. Нэг сая төгрөгийн асуудал байхгүй юм биш, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ороод хамтраад хэрэгжүүлье гэсэн ажил мөнөөс мөн бөлгөө. Тийм учраас ярж байгаа болохоос биш огт байхгүй юмыг өгье гээд хамтраад зүтгэсэн юм байхгүй. УИХ-ын шийдвэр гарсан. Одоо яагаад өгөгдөхгүй байгаа тухай асуудал бол дараачийн асуудал. Түүнийг мэдэж байгаа хүмүүсээс нь асуугаадах. Бид мэдэлцэж байгаа үедээ гарсан бүх УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлж чадсаан. Ийм л юм хэлэх байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж