Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 4-ний өдөр. Жил бүрийн хаврын энэ сард ханш нээж, ичигсдийн түрүүч ичээнээсээ гарна. Ханш нээх гэдэг нь хаврын их улирлын доторх зургаан бага улирлын тав дахь нь гэж зурхайн номд бичжээ. Энэ бага улирал билгийн тоолол буюу сарны зурхайн ёсны хаврын дунд үед эхэлдэг. Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай, энэ улирал эхэлмэгц огторгуйн тоос арилан цэлмэж, анхны солонго татаж, морин хараацай шувуу ирдэг гэнэ. Энэ өдөр амьд байгалийн алив амьдрал сэргэж хорхой шавьж хөдөлж, ичсэн тарвага зурам нvхнийхээ ам уруу харж хэвтэнэ. Дорно зүгийн ард тvмэн ханш нээх өдрийг гэгээн тунгалаг сайн өдөр хэмээн бэлгэшээн дээдэлж зул өргөж буян үйлддэг заншилтай. Харин өвөг дээдсийнхээ шарил онгоныг хvндэтгэн тахих нь Хятад зүгээс улбаатай.
Зул өргөх нь цаглашгүй их тустай хэмээн бурхны сударт өгүүлжээ. Зул нь гэрэл гэгээ, гал, хүч, дулаан гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд буддын шашны тахилын зан үйлд чухал байр суурь эзэлдэг. Зулыг билиг ухааны бэлгэ тэмдэг болгон тахилд өргөдөг, мунхаг муу сэтгэлийг арилган таслах гэрэл гэгээ хэмээн бэлгэдэн өргөдөг номтой. Буддын шашны тахилын зул өргөх сударт “Энэхүү зулыг өргөсний ач буянаар
Эх болсон хамаг амьтад бүгдээр
Эгнэгт мунхагийн харанхуйгаас гэтлээд
Эгүүрд билиг билгийн дээдийг олох болтугай” хэмээжээ.
Д.ОЮУН