Ер нь манайд баар, ресторан, кафед ажиллах боловсон хүчин бэлтгэнэ гэсэн ойлголт байхгүй. Гадаадад бол эсрэгээрээ. Хаана ч орж ходоодоо баярлуулсан бай хамаагүй боловсон, эелдэг, найрсаг бас дээрээс нь боловсролтой зөөгч, барменууд угтан авдаг. Ичсэн нүүрэндээ цайны мөнгө өгөхгүй гарах үнэхээр хэцүү. Танд таатай зоог барихын тулд хэрэгтэй байгаа бүгдийг хормын зуур өгнө. Зарим газарт зоог барихын хажуугаар намуухан ая хүртэл эгшиглэх нь бүр ч аятайхан. Гадны зөөгч нар зүгээр зогсдоггүй юм билээ. Байнга л халбага сэрээгээ зүлгэж байх жишээтэй. Харин манай зөөгч нарыг албадан ажил хийлгэх гээд аваад ирсэн юм шиг ярвайсан хүмүүс зогсох нь харамсалтай. Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэг шиг хүн болгон их дээд сургууль төгсөх албагүй. Тэр ч үүднээс өнөөдөр манайд нарийн мэргэжилтэй боловсон хүчин дутмаг байгаа. Олон залуусын тархинд “Бага ажиллаж их мөнгө олох юмсан” гэх бодол битүүхэн байдаг талаар багш нар шүүмжилдэг. Манайд сүүлийн хэдэн жилд аятайхан ресторанууд олноороо нээгдэх болсон. Тухайн газрын удирдлага ямар байна, ажилчид нь яг л тийм байдаг. Шаардлага өндөртэй бас цалин өндөртэй бол зөөгч, бармен хийх сонирхолтой хүн удаан тогтож ажиллаад байхгүй. Нөгөө л бэлэнчлэх арга руу шилжих сонирхол нь илэрдэг гэж тайлбарлаж болно. Цаг хугацаа өөрөө залхуу, бэлэнчлэх занг нь засах тохиолдол бий. Миний таньдаг нэг залуу ресторанд барменаар ажилд орсон юм. Гэвч тэрбээр хоёр сарын дараа ажлаасаа гарахаар шийдэв. Тухайн үед “Гадаад явахаар боллоо. Ажлаасаа гарах гэсэн юм” хэмээн тайлбарлаж байсан. Рестораны захирал ч “Залуу улсууд гадаад явбал өөрт нь л хэрэгтэй байх” гэж бодоод явуулсан удаатай. Гэхдээ миний танил шаардлага бага тавьдаг өөр нэгэн ресторанд ажилд орох гэсэндээ л ийм шийдвэр гаргасан юм байж. Төд удалгүй хуучин захиралдаа баригдсан юм.
Наад захын “Зочин бууз”, “Хаан хуушуур” мэтийн газарт зөөгч нар нь үйлчлүүлэгч орж ирэхийг анзаарах сөхөөгүй хов жив ярин зогсдог. Кассыг нь хариуцаж ажилладаг хүмүүс меню аваачихыг зөөгчид “тушаадаг”. За тэгээд л өнөөх үйлчилгээний газарт ажиллаж байгаагаа умартаж орхино доо. Солонгос хоолны газарт ч мөн адил. Гэхдээ арай дэвшилтэт аргатай. Өөрөөр хэлбэл, зөөгч дууддаг товчлууртай. Хааяа товчлуурын дууг сонсохгүй таг алга болно.
Хэрвээ та анзаарсан бол, зөөгч нарын ихэнх нь оюутнууд. Бас зарим нь нүүрээ угаагаагүй, хумсандаа хиртэй, хувцас нь толбо тогтсон байгаа нь гутамшигтай. Мөн үйлчлүүлэгч нартай ёс бус харьцах нь цөөнгүй тохиолддог. Хааяа нэг халамцуу нэгний тооцоон дээр будлиан гарах нь юу ч биш. Амьдарлын эрхээр дөрөв, таван жил энэ салбарт ажиллаж байгаа цөөн хэдэн хүн бий. Гагцхүү нэг газраа тогтож ажиллаж байгаа хүмүүс л үйлчлүүлэгчид хэрхэн таатай хандаж, хэрэгтэй гэсэн бүхнийг нь цаг алдалгүй өгөх вэ гэдгийг мэддэг. Дурын зар дээрээс “Соёлтой, боловсон, өндөр, царайлаг, тууштай, найдвартай, зөөгчөөр ажиллах сонирхолтой оюутан залуусыг ажилд урьж байна” гэсэн үгийг олж харна. Энэхүү зарыг “Соёлтой” гэх үгээр эхэлж байгааг та анзаарсан уу. Зөөгч нар л лав анзаардаггүй юм билээ.
Нэг хэсэг нь оюутан байх хугацаандаа зөөгч хийж төлбөрөө олдог бол нөгөө хэсэг нь зөөгч, бармен хийж олсон мөнгөөрөө буруу зам руу орох тохиолдол ч байдаг. Зочид буудлын хоол үйлчилгээний зохион байгуулагч. Энэ нэр томъёонд “зөөгч, бармен” гэсэн ойлголт багтдаг байх. Тодруулбал, аялал жуулчлалын салбарт хамаарагдах эсэх талаар зарим багш нар санал зөрөлддөг аж. “Үйлчилгээний газар ажиллах сонирхолтой залуус зөөгч, бармен заавал хийж үзсэн байх ёстой” гэх нэгэн ч байдаг юм билээ. Харин зун болохоор оюутан залуусын ихэнх нь хөдөө орон нутаг, амралт зугаалга гээд тун завгүй мэт алга болдог. Тэднээс тун цөөхөн нь зуны гурван сар зөөгч, бармен хийж багагүй мөнгө олдог байх жишээтэй. Тэдэнд өөр санал болгох ажил төдийлөн олддоггүй учраас тэр. Ер нь зөөгч нар бага цалин авдаг учраас үйлчлүүлэгчтэй “сэтгэлээсээ” ханддаггүй гэсэн яриа ч байдаг. Зөөгч бэлтгэдэг сургалт, дамжаа гээд байх газар үгүй. Угаасаа ажил олгогч нь дээр дурьдсан зарын дагуу шаардлага тавьдаг ч гайгүй харагдсан залуусыг ажилд авдаг. Адаглаад мэргэжлийн бус үйлчилгээний газарт хэрхэн ажиллах ёстой талаар ойлголттой болчих юм бол сайхан байхгүй юу. Наад зах нь үйлчилгээ үзүүлсэнийхээ төлөө “цайны мөнгө” авна гэдгийг ойлгодоггүй юм шиг байна лээ. Өдөрт сайн ажиллаад л байх юм бол аяндаа үйлчлүүлэгч нар цайны мөнгө өгдөг уламжлал гадны улсад тогтсон байдаг. Тиймээс үйлчлүүлэгч бүртэй соёлтой, боловсон, найрсаг харилцааг эрхэмлэх аваас бүгд сэтгэл хангалуун болох нь тэр.
"Улс төрийн тойм" сонин