“Голомт” банкны таван хувийг “Трафигура” авав

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

“Голомт” банкны таван хувийг “Трафигура” авав

Дэлхийн түүхий эдийн худалдааны гурав дахь томоохон байгууллага “Трафигура” компани “Голомт” банкны 5 хувийг худалдаж авсан байна. Тус компани Голомт банкны 5.02 хувийг 21.2 тэрбум төгрөгөөр авчээ. Энэ тухайгаа Голомт банк өнгөрсөн сарын 27-нд мэдээлжээ.

“Трафигура” компани нь Монголд нүүрс, төмрийн хүдрийн худалдааны чиглэлээр ажиллаж буй юм. Өөрөөр хэлбэл тээвэрлэлтийн компаниудад хөрөнгө оруулах зарчмаар Хятадын зах зээлд түүхий эд нийлүүлэхээр ажиллаж байна. Мөн Монголд үйл ажиллагаа эрхэлдэг “Ориго Партнерс”, “Гоби Коул энд Энержи” зэрэг компанитай хамтран ажиллах гэрээ байгуулаад буй юм. Тус компанийн эрхэлдэг түүхий эдийн худалдааны эргэлт өнгөрсөн жилийн байдлаар 122 тэрбум ам.долларт хүрчээ.

Харин гурав дахь томоохон хувьцаа эзэмшигчээрээ “Трафигура”-г сонгосон “Голомт” банк нь Монголын хоёр дахь томоохон банк юм. Өнгөрсөн жилийн байдлаар тус банкны нийт актив 35 хувиар өсч, 2 их наяд 131 тэрбум төгрөг болжээ. Одоогоор банкны 80 хувийг “Бодь Интернэшнл”, 10.7 хувийг  Швейцарийн “Swiss-MO AG” хөрөнгө оруулалтын байгууллага, 5.02 хувийг “Трафигура” эзэмшиж байна.

Монголын банкны салбар өнгөрсөн жилийн байдлаар 50 гаруй хувиар өсч, банкуудын нийт активын хэмжээ 6.7 тэрбум ам.доллар хүрчээ. Энэ нь 2011 оны дотоодын нийт бүтээгдэхүүний 86.5 хувьтай тэнцжээ. Харин банкуудын цэвэр ашиг өнгөрсөн онд 130 сая доллар болжээ.

Ийнхүү Монголын эдийн засаг хурдацтай өсөхийн хэрээр гадаадын хөрөнгө оруулагчид дотоодын банк санхүүгийн салбарыг анхааралдаа авч эхэлж байна. Үүнээс ердөө хоёр сар хүрэхгүй хугацааны өмнө АНУ-ын “Голдман Сакс” “Худалдаа хөгжлийн банк”-ны 4.8 хувийг худалдаж авсан юм. Гэхдээ тухайн үед хоёр тал чухам ямар үнээр худалдаа хийснээ мэдээлээгүй юм.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж