Сибирийн осол Оросуудыг түгшээж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Сибирийн осол Оросуудыг түгшээж байна

Сибирьт онгоц осолдож, 31 хүн амиа алдав. Үүнээс үүдэж Оросын агаарын тээврийнхэн сандарч эхэл­лээ. Учир нь ийм олон хүний амь насыг авч одсон Сибирийн осол анхных биш. Бас сүүлчийнх нь ч биш байх вий гэдгээс оросууд болгоомжилж байна.

Уржигдар Сибирьт нислэг үйл­дэж байсан АТР-72 онгоц осолдож, зорчигчдынх нь дийлэнх нь нас барсан аймшигт осол гарлаа. Франц, Италийн хамтарсан компанийн үйлдвэрлэсэн энэхүү онгоцонд 43 зорчигч байжээ. Харин Оросын зор­чигч тээврийн “ЮТ-эйр” компанийн онгоц Сибирийн баруун хэсгийн Тюмэн хотын нисэх онгоцны бууд­лаас гурван километрийн зайд осолд­жээ. Тухайн үед гэмтэл гарс­ныг анзаарсан нисэгч ослын буулт хийх гэсэн боловч амжилттай болж чадаагүй аж. Гэрчүүдийн но­толж байгаагаар онгоц унах үед хөдөлгүүрээс нь утаа гарч, нисэгч нь залуураа эргүүлэхийг хичээж байгаа нь харагджээ. Түүнчлэн онгоцны сэнс нь эвдэрсэн байж. Гал гарсны дараа онгоцны их бие гурван бүхэл хэсэгт хуваагдсан байна. Одоогийн байдлаар амиа алдсан хүний тоо 31 байгаа. Гэхдээ энэ тоо цаашид өсөх магадлалтай. Учир нь ослын дараа эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн би­еийн байдал тун тааруухан байгаа юм.

“ЮТ-эйр” нь зорчигч тээврийн ху­вийн компани. Газрын тос, байгалийн хийгээр баялаг Сибирь, Уралын уулс руу хийдэг ихэнх нислэг “ЮТ-айр”-ээр дамждаг. Харин Сибирьт болсон ослын дараа тус компаниас мэдэгдэл гаргажээ. Түүнд дурьдсанаар бол осол болохоос өмнө нисэгч гэмтэл гарсан тухай мэдээллийг төв рүү өгсөн байжээ. Түүнчлэн хөөрөхөөсөө өмнө техникийн талаасаа ямар нэгэн гэмтэлгүй байсан гэх мэдээллийг өгсөн байна. Гэхдээ зөвхөн цаг агаар тогтуун, нартай байх үед нислэг хийхээр бэлтгэгдсэн нисэгч онгоцыг жолоодож байснаас үүдэж осол гарсан гэх тайлбар ч байгаа юм.

Энэхүү АТР-72 онгоц нь 1992 онд ашиглалтад оржээ. Түүнээс хойш 35 мянган цагийг нислэг үйлдсэн байна. Ихэвчлэн барууны компаниуд ашиглаж байжээ. Харин осолдсон онгоцны нисэгч нь 2500 цагийн нислэг үйлдсэн, дажгүй туршлагатай нэгэн гэнэ. Гэхдээ шинжээчдийн зарим нь онгоцны багийнхан туршлага дут­санаас болж энэ осол гарлаа хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. “Интерфакс” агентлагийн мэдээлс­нээр “Сургултнефтьгаз” газрын тос­ны компанийн төв байр руу чиг­лэн нисэж байсан уг онгоцонд “Сур­гултнефтьгаз”-ын удирдах зөвлөл, гишүүд болон ажилчид нь сууж явсан байна.

Одоогийн байдлаар шинжээчид ослын шалтгааныг тодорхойлохоор ажиллаж байна. ОХУ-ын Иргэний агаарын тээврийн агентлагийн тэр­гүүн Александр Нерадкогийн мэ­дээлснээр онгоцны багийн ажилчид хөөрөхөөс нь өмнө мөстөлтөөс сэр­гийлэх давсыг хангалттай хэм­жээгээр цацаагүй бололтой. Гэх­дээ энэ нь ослын шалтгааныг бү­рэн тодорхойлж чадахгүй байна. Урьдчилсан байдлаар гаргасан шин­жээчдийн дүгнэлтэд АТР-72 онгоц угаасаа техникийн доголдолтой байс­ныг онцолсон байна. Түүнээс гад­на нислэгийн багийнхны ур чад­вар муу, удирдлагын менежмент нь доголдолтой байгаатай холбон тайлбарлах хүмүүс ч байгаа юм. Оро­сын зорчигч тээврийн компаниуд аюулгүй байдлыг биш орлогыг чухалчилж эхэлснээс болж ийм явдал боллоо хэмээн “РИА Новосты” мэдээлжээ.

АТР-72 онгоц осолдож байгаа тохиолдол сүүлийн жилүүдэд нэ­мэгдэж байгаа. Кубад 2010 онд онгоцны осол болж байв. Тухайн үед 68 хүн нас барсан юм. Харин онгоц нь АТР-72 байжээ. Мөн Тайландын “Бангок Эйрвэйс” компанийн АТР-72 онгоц 2009 онд Самуй арлын буудал руу буух гэж байгаад осол­дож, нисэг нь нас барсан билээ. Гэхдээ ослын шалтгааныг АТР-72 гэхээс илүүтэйгээр Оросын агаарын тээврийн салбарын аюулгүй байдал алдагдсантай холбон тайлбарлаж болох юм.

Оросын агаарын тээврийн салбарт сүүлийн жилүүдэд осол гарах нь ихэссэн. Өнгөрсөн онд л гэхэд ОХУ-ын хоккейн лигийн “Локомотив” клубын тамирчдын сууж явсан Як-42 онгоц Ярославль хотын ойролцоо осолдож, 43 хүн амиа алдсан билээ. Ослоос хоёр хүн амьд үлдсэн ч маш хүнд гэмтсэн юм. Тухайн үед гэрчүүдийн мэдээлснээр нисэх бууд­лаас хөөрсөн даруй онгоцонд гал авалцсан. Онгоцонд сууж явсан хок­кейн багийнхан Беларуст улирлын эхний тоглолтод оролцохоор зорчиж явсан юм. Амиа алдагсдын зарим цогцсыг Туношна голоос олсон тухай эх сурвалж мэдээлэл ч бий. Амиа алдсан зорчигчдын дунд гадаадын  11 зорчигч байсны дотор Канадын хоккейн багийн дасгалжуулагч Брэд МакКриммон Шведийн тамирчин Стефан Лив нар байсан билээ. Ослоос амьд үлдсэн Оросын хоккейчин Александр Галимовын бие 80 хувь түлэгдсэн. Энэхүү аймшигт ослын шалтгаан нь техникийн гэмтэлтэй хол­боотой гэдгийг шинжээчид но­толсон. Онгоцны хар хайрцагт хий­сэн судалгаагаар нислэгийн үед онгоцны системд гэмтэл гарч, авто­матаар тоорзолсон нь ослын шалт­гаан болжээ. Хэдийгээр тухайн үед онгоцны нисэгчид хоорондоо маргалдсанаас болж ийм осол гарсан гэх тайлбарыг зарим хүн хийж байсан ч бүх зүйл Оросын агаарын тээврийн салбарын аюулгүй байдалд алдагдсантай холбогдож байв.

Өнгөрсөн оны есдүгээр са­раас хойш Орост 30 удаа онгоц нис­­­лэ­гийн үед ослын буулт хийх зөв­шөө­рөл хүсчээ. Гэвч тэд­ний за­рим нь амжилттай бууж чад­сан­гүй. Өмнө нь “Локомотив” хок­­кейн ба­гийн тамирчид, ха­рин одоо “Сур­гултнефтьгаз” компа­нийн ажил­чид амиа алдав. Одоо ашиг­лагдаж байгаа зорчигч тээврийн онгоц­нуудын дийлэнх нь ЗХУ-ын үед бүтээгдсэн. Ихэнхийнх нь ашиг­лах хугацаа дууссан. Үүнтэй хол­богдуулан ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин хуучин онгоц­нуудыг “актлах” ажлыг хийх ту­шаалыг саяхан өгчээ. Түүнчлэн энэ оны эцэс гэхэд нисэгчдийг шалгах шал­гуурыг өн­дөрсгөж, онгоцнуудыг стресс тестэд оруулахаар болсон байна.

Т.ЭЛИСА

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж