Өвөрмонголд дахин бослого гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Өвөрмонголд дахин бослого гарчээ

Газар нутгийг нь Хятадууд булаан эзэлж буйг эсэргүүцсэн өвөрмонголчуудын бослогын үеэр Хятадын хууль сахиулагчид 22 хүнийг баривчлан хорьсон байна. Нью-Йорк дахь Өвөрмонголын хүний эрхийг хамгаалах мэдээллийн төвийн мэдээлснээр өчигдөр буюу энэ дөрөвдүгээр сарын 3-нд Өвөрмонголын Тунляо,  хотын Түлээ сууринд газар нутгаа хамгаалсан хэдэн зуун Өвөрмонгол иргэдийн бослого дэгдсэн аж. Бослогыг Хятадын 80 гаруй цагдаагийн ажилтнууд хүчээр тараасан гэнэ. 

Бослого дэгдээсэн өвөрмонгол иргэдийг Хятадын төрийн өмчит мод бэлтгэлийн компанийн бульдозероор түрэх үед таван хүн хүнд гэмтжээ. Бослогод оролцсон нэгний мэдээлснээр цагдаа нар тэднийг бороохойгоор нүдэж, чирч гулдран машин руу оруулж байсан гэнэ. Бээжингээс 600 км-ийн зайтай орших тус бүс нутгийн уугуул оршин суугч Өвөрмонголчууд Хятадын мод бэлтгэлийн компани үйл ажиллагаа явуулж буй 4,000 гектар газраа хамгаалан эсэргүүцлийн бослого дэгдээсэн гэнэ.

Тунляо хотын цагдаагийн газраас бослого хөдөлгөөн дэгдсэн талаар "Ройтерс" агентлаг утсаар лавлахад өчигдөр буюу мягмар гариг Үндэсний баярын өдөр байсан тул хотын аюулаас хамгаалах товчоо ажиллаагүй гэж хариулсан байна. Өнгөрсөн долоо хоногт Өвөрмонголын Баяннуур аймагт мөн л уул уурхайн үйл ажиллагааг эсэргүүцсэн малчдын бослого гарчээ. Хүнд даацын авто машин, техникүүд бэлчээр нутгийг талхалж буйд бухимдсан иргэд аймгийн захиргаанд удаа дараа мэдэгдэж, арга хэмжээ авахыг хүссэн ч хангалттай хариу сонсоогүй тул уурхайн усны шахуургыг хааж, хятад компанийн үйл ажиллагаанд саад хийхийг оролдсон аж. Харин хятад цагдаа нар эсэргүүцэл үзүүлсэн малчдыг бороохойгоор нүдэж, баривчилсан хэрэг гарсан байна.

24 сая хүн амтай Өвөрмонголын уугуул оршин суугч өвөрмонголчууд хүн амын 20 хүрэхгүй хувийг эзэлдэг үндэстний цөөнх аж. Байгалийн баялаг ихтэй Өвөрмонголд 1978 оноос хойш Хятадын компаниуд уул уурхайн хайгуул, олборлолт явуулах болсноос бэлчээр нутаг ихээр сүйтгэгдэж, цөлжилт нэмэгдэх болсон гэнэ. Нөгөө талаар өвөрмонголчуудын нүүдлийн уламжлалт соёлыг өөрчилж, суурин иргэншилд дасгах Хятадын эрх баригчдын бодлогыг эсэргүүцсэн бослого хөдөлгөөн тасрахаа больжээ. Өнгөрсөн онд бэлчээрээ талхлуулахгүй гэж эсэргүүцсэн өвөрмонгол малчныг хятад жолооч машинаар дайрч хөнөөсөн хэрэг гарсан билээ.

Дээрх хэргийн дараа уламжлал соёл, байгаль орчноо онгон зэрлэг хэвээр нь хамгаалж үлдэх гэсэн өвөрмонголчуудын эсэргүүцлийн хэд хэдэн хөдөлгөөн өрнөсөн. Хятадын хууль сахиулагчид өвөрмонголчуудын эсэргүүцлийг дарахын тулд өвөрмонгол малчныг дайрч хөнөөсөн хятад жолоочид цаазаар авах ял оноосон юм.

Газар нутгаа хамгаалсан өвөрмонголчуудын эсэргүүцлийн хөдөлгөөн Хятадын толгойн өвчин болсон ганц асуудал биш юм. Хятадын автономит улс Түвд, угсаатны цөөнх лалын шашинт Уйгурын асуудал даравч дардайсан хэвээр. Хятадын алс баруун хязгаар нутаг дахь Уйгарын салан тусгаарлагчид байсхийгээд бослого хөдөлгөөн дэгдээж, онц байдал зарлахад хүргэдэг бол Түвдийг Хятадын нэг хэсэг биш гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх гэж тэмцэж буй лам хуврагууд амьдаараа зулын гол болж байна. Өвөрмонгол саяхныг хүртэл Хятадын хамгийн тайван бүс байсан ч Шинжань, Уйгурын нэг адил сөргөлдөөний талбар болон хувирчээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж