-“Газрын тос” клуб нь хэзээ байгуулагдсан бэ. Ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Энэхүү клуб 2006 онд Геологи газрын тосны сургуулийн оюутнуудын санаачилан байгуулсан. Манай клубын тэргүүнээр доктор багш В.Алимаа ажилладаг. “Газрын тос” клубын гол зорилго нь оюутан залуучуудыг цаашид суралцах хүсэл эрмэлзлийг төрүүлэх, мөн мэргэжлийг нь эзэмшүүлэх талаас нь тэмцээн уралдаан зохион байгуулдаг.
-Газрын тосны чиглэлээр суралцаж төгссөний дараа ажлын байр хэр их олддог бол. Мэргэжлээрээ ажиллах улсын байгууллага байдаг уу?
-Төгсөөд ажлын байр олдохын хувьд олддог. Гэхдээ яг газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг улсын байгууллага, үйлдвэр байхгүй. Харин газрын тос боловсруулах үйлдвэр байгуулчихвал бид ажлын байраар бүрэн хангагдана. Ганц газрын тосны мэргэжил ч биш өөр маш олон ажлын байр бий болно шүү дээ. Хамгийн их эрэлттэй ажлын байр гэвэл нефтийн агуулах барих л байна. Төгссөн оюутнуудын ихэнх нь шатахуун түгээх станцид ажилд ордог. Оюутнуудад 70 мянган төгрөг өгч байхаар энэ их мөнгийг цуглуулж байгаад боловсруулах үйлдвэр байгуулсан бол ирээдүйд үлдэх үйлдвэртэй, сонгуулиар хэлэх үгтэй болох байсан байх. Өнөөдөр оюутнууд 70 мянган төгрөгөөр юу хийж байгаа юм. Шоудах нь шоудаад л дуусгаж байгаа.
-Засгийн газраас “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” асуудал яригдаж байгаа. Та нарын бодлоор боловсруулах үйлдвэр байгуулвал ямархуу үйлдвэр байгуулвал зүгээр гэж бодож байна вэ?
-Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах хүсэлтэй хувийн хэвшлийн дөрөв, таван компани байгаа. Тэд өөрсдөө хөрөнгө мөнгөө гаргаад байгуулъя гэхэд төр засаг хүлээн зөвшөөрөхгүй 50 орчим хувийг нь эзэмших гээд байгаа. Тэр нь ч бас зөв. Хувийн компаниуд газрын тос боловсруулаад эхлэхээр үнэ ханшинд монополь байдал тогтчих гээд байна. Хувийн хэвшлийн компаниуд Засгийн газар хоорондоо тохиролцоод аль, аль талдаа ашигтайгаар шийдээд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах хэрэгтэй. Дан ганц хувийн хэвшлийнхэн нефтийн салбарыг атгачихвал хожим хойно бензиний үнэ дөрөв, таван мянган төгрөг болохыг үгүйсгэхгүй. Тийм учраас төр засаг тодорхой хэмжээгээр үнэ, ханшийг хянах шаардлагатай байгаа юм.
-Манай улсад газрын тосны нөөц хэр их байгаа болоо. Энэ мэргэжлээр суралцаж байгаагийн хувьд судалсан зүйл байдаг уу?
-Ер нь 300 жилийн нөөцтэй гэж сонссон юм байна. Тэгэхээр 300 жил биш ч гэсэн тодорхой хэмжээний нөөц байгаа байх. Ирээдүйд газрын тос хэрэггүй болох байлгүй дээ. Манай улс газрын тос олборлоод урагшаа Хятад руу маш хямдхан экспортолж байгаа. Импортлохоо болиод өөрсдөө боловсруулаад эхэлбэл газрын тосны нөөц хангалттай гэж бодож байна.
-Газрын тос боловсруулах үйлдвэр дөрвөн газар байгуулахаар яригдаж байгаа гэсэн. Хаана баригдах гэж байгаа юм бэ?
-Дархан, Ухаа худаг, Зүүн баян байгуулах гээд шавийг нь тавьсан.
-Газрын тосыг боловсруулаад бензин, шатахуун гаргаж авах боломж хэр их байгаа вэ?
-Өмнө нь газрын тосыг нэрж бензин гаргаж байсан.Одоо ч болох байх. Манай улсын газрын тос нь маш өтгөн шинж чанартай шатахууны фракци маш бага байдаг. Харин зуухны түлш болон мазутын хийн түлш гарган авах бүрэн боломжтой. Манай улс ОХУ-аас нефть импортолдог. Тэд хэд гэж хэлнэ тэр үнээр нь авдаг. Ингэж бусдын хараанд байснаас өөрсдөө газрын тос боловсруулах үйлдвэр байгуулчихаад гадаадын оронд экспортлох бүрэн боломжтой. УИХ-ын гишүүд сонгууль ойртохоор нөгөө л нэг газрын тос боловсруулах үйлдвэр, бас бус хийх зүйлээ санадаг юм шиг байгаа юм. Өнгөрсөн сонгуулиар боловсруулах үйлдвэрийн шав тавигдлаа гээд л байсан тэр нь хэвээрээ байсаар байна.
"Улс төрийн тойм" сонин