Тэгвэл уржигдар буюу дөрөвдүгээр сарын 2-нд боксчид Астанаг зорилоо. Эрдэнэтэд нэгдсэн бэлтгэл хийсэн боксын шигшээ багийнхан долоон тамирчнаа дагуулаад олимпийн эрхийн тулаанд оролцохоор явсан. Д.Ганзориг, Р.Сайнбилэг нар баг тамирчдыг дасгалжуулах аж. Багийн бүрэлдэхүүнд 52 кг-ын жинд гавьяат тамирчин Н.Төгсцогт, 56 кг-д олон улсын хэмжээний мастер Д.Отгондалай, 60 кг-д З.Энхзориг, 69 кг-д Б.Түвшинбат, 75 кг-д Т.Чулуунтөмөр, 81 кг-д С.Эрдэнэбаяр, -91 кг-д Т.Эрболат нар багтжээ. Харин 49 кг-д П.Сэрдамба, 64 кг-д У.Мөнх-Эрдэнэ нар хэдийнэ эрхээ авсан учраас түр амарч байна. Энэ удаагийн тэмцээн Азийн боксчдын хувьд олимпийн эрх авах сүүлийн боломж учраас манайхан бүх хүчээ дайчлах нь тодорхой биз. 60, -91 кг-ын жингийг эс тооцвол манайханд олимпийн эрх авах боломж бий. Тэмцээн өнөөдөр эхлэх бөгөөд нийт есөн хоног үргэлжлэх юм. Ингээд жин тус бүрт Монголын боксчдын эрх авах магадлалыг тандъя.
52 кг: Гавьяат тамирчин Н.Төгсцогтын хувьд эрх авах магадлал хамгийн өндөртэй гэж тооцож болно. Уг жинд одоо Ази тивд дөрвөн эрх үлдсэн байгаа. Тэгэхээр Н.Төгсцогтын хувьд медаль дээр буухад л Лондоныг зорих тийзээ өвөртөлнө гэсэн үг. Бүх зүйл түүнээс л шалтгаална.
56 кг: Энэ жинд олимпийн аварга Э.Бадар-Ууган оролцох ёстой байсан. Гэвч бэртлийн улмаас Лондоны олимпийг өнжихөөс өөр аргагүйд хүрсэн. Харин түүнийг олон улсын хэмжээний мастер Д.Отгондалай орлож байна. Гурван эрх үлдсэн бөгөөд хүрэл медаль хүртсэн хоёр тамирчин гурав дахь эрхийн төлөө халз тулалдаж магадгүй. Яагаад гэвэл 2008 оны Бээжингийн олимпийн сүүлийн эрхийг ийм маягаар өгч байсан билээ. Д.Отгондалайгийн хувьд ДАШТ-д боломжийн амжилт үзүүлсэн болохоор тивдээ дээгүүр өрсөлдөж Лондоны рингэнд гарч болох юм.
60 кг: Уг нь Монголын боксчдын амжилт үзүүлдэг гол жин гэж байгаа. Гэхдээ энэ удаа З.Энхзоригийг тун хүнд даваа хүлээж байна. Ердөө ганцхан эрх үлдсэн учраас тэрээр заавал алтан медаль зүүж байж олимпод оролцоно. Тэгэхээр энэ жинд эрх авна гэж 100 хувь найдаад хэрэггүй. З.Энхзоригийн хувьд Монголын шилдгүүдийн нэг хэдий ч томоохон гол тэмцээнүүдэд азгүйтдэг тал бий. Харин энэ удаа ямар амжилт үзүүлэхийг харж л байя.
69 кг: Эрх авах боломжтой жингүүдийн нэг. Яагаад гэвэл энэ жинд олимпийн эрхийн төлөө өрсөлдөж буй Б.Түвшинбатын хувьд 2008 онд азгүйтэж байсан. Олимпийн эрх авахад ганцхан алхам дутаж байсныг спорт сонирхогчид санаж байгаа биз. Одоо энэ жинд гурван эрх бий.
75 кг: Т.Чулуунтөмөрийн хувьд өөрийгөө дайчилж чадвал Лондоныг зорих боломж харьцангуй нээлттэй байна. Энэ жинд одоо таван эрх байгаа учраас медаль дээр буухад л олимпод оролцоно гэсэн үг. Бүр муугаар бодвол шөвгийн наймд шалгараад тус тэмцээнд түрүүлсэн боксчинд ялагдлаа гэхэд тав дахь эрхийг авах боломжтой юм.
81 кг: С.Эрдэнэбаярын хувьд ДАШТ-д боломжийн амжилт үзүүлж байсан учраас тивдээ дээгүүр өрсөлдөж эрх авах боломж бий. Түүний хувьд медальд хүрвэл олимпийн эрхтэй үлдэнэ.
-91 кг: Сүүлийн хэдэн жил Монголдоо мандаж байгаа С.Эрболат энэ жинд эх орноо төлөөлөн өрсөлдөж байна. Гэхдээ түүнийг амаргүй даваа хүлээж байгаа. Угаасаа хүнд жинд Азийнхан хол явдаггүй учраас манай тивд ердөө хоёрхон эрх оногдсон. Нэг нь аль хэдийнэ эзэндээ очжээ. Харин үлдсэн ганц эрхийн төлөө шар тивийнхэн нударга зөрүүлнэ. Алтан медаль авч төрийн дууллаа эгшиглүүлж чадсан нь Лондоныг зорьж бусад 2016 оныг хүлээхээс өөр аргагүй болно.