70 мянгаас ”шомбодсон” их, дээд сургуулиуд

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

70 мянгаас ”шомбодсон” их, дээд сургуулиуд

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар их дээд сургуулиудын оюутнуудад “Үндэсний тэтгэлэг” нэрээр сар бүр 70 мянга 200 төгрөгийг энэ оны нэгдүгээр сараас эхлэн олгож эхэлсэн. Гэхдээ санхүүжилт, бичиг баримтын бүрдүүлэлт дутуу гэсэн шалтгаанаас болж тухайн сардаа тарааж амжаагүй. Харин өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр их, дээд сургуулиудын дансанд тус мөнгө шилжээд буй. Гэтэл зарим сургуулиудын дансанд мөнгийг нь шилжүүлчихээд байхад оюутнууддаа тараахгүй байна гэсэн шүүмжлэл чих дэлсэх болов. Тухайн үед холбогдох байгууллагуудын зүгээс тайлбар өгөхдөө “Оюутнуудын бичиг баримт сайн бүрдээгүй бай­гаагийн улмаас тараахгүй бай­гаа хэрэг” хэмээж байв. Гэвч тийм биш бололтой. Тодруулбал, сур­гуулиудын удирд­лага өөрсдийн эрх ашгийн үүднээс халааслаж бай­сан гэх гомдол Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монголын оюутны холбоонд иржээ. Мөн тухайн сургуулиуд зарим ангийн оюутнуудад олгосон мөртлөө заримд нь олгоогүй, сургуулийн дүрэмт хувцас өгсөн. Түүнчлэн оюутан, сургуулийн удирдлага харилцан то­хиролцоо хийгээгүй байхад тэт­гэлгийг сургалтын төлбөрт удирд­лагууд нь дур мэдэн суутгасан асуудал гарчээ. Иймэрхүү асуудлыг гаргасан их, дээд сургууль дотроос төрийн толгой таван сургуулийн нэр “цохиж” яваа нь хачирхалтай. Мөн хувийн сургуулиуд дотроо нэлээд олон оюутантай, сургалтын чанараараа гайгүйд тооцогддог за­рим их, дээд сургуулиуд зөрчил гаргасан байна. Тэдний энэ зөрчилд салбарын сайд Ё.Отгонбаяр ха­туухан хандсан бололтой. Тод­руулбал, дээд боловсролын сан­хүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль, Журам батлах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 19 дүгээр тогтоолын хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн тушаал гаргажээ. Үүнд их, дээд сургуулиуд оюутны тэтгэлгийг ол­гохгүй удаах, өөр зүйлд ашиглавал цаашид сургалтын эрхлэгчийн тус­гай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл заалт тусгасан байна.

ҮБТДС ОЮУТНУУДЫН 70 МЯНГЫГ ХУВЦАСНЫ ҮНЭД СУУТГАЖЭЭ

Боловсрол, соёл, шинжлэх ухаа­ны яам, Монголын оюутны хол­бооноос бүрдсэн ажлын хэсэг өнгөрсөн гуравдугаар сарын 19-нөөс их, дээд сургуулиудад шалгалт хийж эхэлсэн. Ингэхдээ төрийн болон хувийн нийт 40 сургуульд шалгалт хийжээ. Шалгалтад бүдэрсэн сур­гуулиудыг нэрлэвэл МУИС-ийн Хими инженерчлэлийн сургууль, Үндэсний биеийн тамирын дээд сургууль, Улаанбаатар эрдэм оюу, Маргад, Газарчин, Сэрүүлэг, Хүрээ зэрэг дээд сургуулиуд дээр дурьдсан зөрчлийг гаргав.

Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэр­гэж­лийн боловсролын газрын ахлах мэргэжилтэн Б.Баднайнямба “Үндэс­ний тэтгэлгийг олгож буйтай хол­боотойгоор тэтгэлэг олголтын ажил ямар байдалтай байгаад хяналт тавих үүднээс манай ажлын хэсэг шалгалт хийсэн. Шалгалтын явцад сургуулиудаас олон дутагдал гар­лаа. Хамгийн гол нь хоёр талын харилцан тохиролцоогүйгээс болж тухайн сургууль нь дур мэдэн оюутанд мөнгийг нь олгохгүй бай­сан тохиолдлууд илэрсэн. Мөн оюутнууд тэтгэлгийн талаар мэ­дээлэл дутмагаас болж бичиг ба­римтаа дутуу бүрдүүлэн мөнгөө авч чадаагүй тохиолдол их бий. Зөрчил илэрсэн сургуулиудад сайдын ту­шаалаар анхааруулга, шаардлагыг хүргүүлж зөрчлийг газар дээр нь зогсоосон. Тэтгэлгийн мөнгө сар бүрийн сүүлчээр сургуулиудын дан­санд орно” гэлээ. Түүнчлэн за­рим эх сурвалжийн мэдээлснээр дур мэдэн тэтгэлгийг нь суутгаж байгаа сургуулиуд дотроос хувцас өмсгөлд “татсан” гэх нэрийдлээр мөнгийг нь олголгүй оюутнуудаа бухимдуулжээ. Энэ сургууль бол Үндэсний биеийн тамирын дээд сургууль аж. Сургуулийн зүгээс өгсөн тайлбар нь “Оюутнуудаас өөрсдөөс нь бэлэн мөнгө авах гэхээр өгдөггүй. Тиймээс аль аль талдаа амар хялбар байхыг бодож тэтгэлгийн мөнгөнөөс нь татсан” хэмээх хариултыг өгсөн. Үүнтэй адил хариултыг зөрчил гаргасан гэх бусад сургуулийн удирдлагаас ч өгч байсан юм. Нэг талаараа тэдний хэлж буй санал зөв гэж бодмоор. Учир нь “Ямар нэгэн бэлэн мөнгө хураалгах тохиолдол гарахад оюут­нууд сайн дураараа өгдөггүй. Араас нь бөөн нэхэл, сурал болж байж арай гэж авдаг” талаар нэрээ нууцлахыг хүссэн сургалтын албаны дарга хэлсэн. Харин нөгөө талаараа нэгэнт л улсаас тухайн оюутанд хишиг хүртээж байгаа хойно сургуулиуд зөвшөөрөлгүй хүний өмчид халдаж хууль зөрчсөн болж таарна. Ямартай ч ажлын хэсгийнхэн асуудлыг оюутнуудын талд шийдэж чаджээ.

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН НЯГТЛАНГУУД ХҮНД СУРТАЛ ГАРГАХ НЬ ИХЭСЧЭЭ

Зөрчил илэрсэн хэмээж буй зарим сургуулийн оюутантай уулзаж байр суурийг нь сонслоо. Батлан хамгаалахын их сур­гуулийн оюутан Г “Манай сур­гуулийн Цэргийн командын сур­гууль гэхэд одоо хүртэл 70 мянган төгрөгийг зарим ангиуд олгоогүй. Уг нь сургуулийн дансанд мөнгө нь орчихсон юм билээ. Манай сургуулийн нягтлан дөрөвдүгээр курсын нэг ангид хувийн үзэл бодлын үүднээс “Танай мөнгийг өгөхгүй. Дараа сард өгнө” хэмээн аашилсан гэж манай найзууд хэлж байсан. Ер нь их дээд сургуулиудын нягтлангууд харьцаа муутай байдаг гэдэг нь үнэн шүү дээ. Тэднээс болж бид хохирох ёстой гэж үү” гэлээ. Мөн Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн оюутан н.Оюунцэцэг “Манай сургууль 70 мянган төгрөгийг саяхнаас олгож эхэлсэн. Гэхдээ төлбөрийн өртэй оюутнуудад мөнгийг нь олгохгүй байгаа” гэсэн юм.

Л.БААТАРХҮҮ

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж