Хятадууд кг ноолуурыг 70 мянгаар авч байна

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Хятадууд кг ноолуурыг 70 мянгаар авч байна

Засгийн газраас үндэсний үйлдвэрээ дэмжих төлөвлөгөө боловсруулж, ноолуур боловсруулдаг компаниудад мөнгө тараасан. Энэ нь ноолуураа эх орондоо авч үлдэнэ гэсэн тооцоо юм.

Үүнийг бататгаж үндэсний компаниуд зөвлөгөөн хийж, энэ хавар нэг кг ноолуурыг 50 мянган төгрөгт барих тухай ярьж байсан. Гэтэл Хятадын компаниуд мөнгөөр цохиж нэг кг ноолуурын үнийг 10-100 мянган төгрөгт хүргэх тухай яриа дуулдаж байна. Үүнийг бодитой эсэхийг тодруулахаар малын түүхийн эдийн "Эмээлт" захыг зорьсон юм.

Тэнд "Ноолуур авна" гэсэн зарын самбар элбэг таарах ч авч байгаа нь ховор байлаа. Зарим ченжүүдийн яриаг сонсох нь ноолуур гарч эхлээгүй, ханш нь эргэлзээтэй байгаа учраас бага зэрэг хүлээлт үүсээд байгаа ажээ. Харин долоо хоногийн сүүлээс үнэ, ханш жигдрэх бололтой. Учир нь малчид ямаагаа хэд хоногийн өмнөөс самнаж эхэлжээ. Гэхдээ ноолуураа авч очоод, "заръя" гэвэл авах л юм билээ. Хамгийн гол нь ханш тогтоогүй байгаа учраас ченжүүд амандаа багтсан үнээр авах гээд байх аж.

Ер нь ченжүүд мэдээллийн сүлжээтэй лут холбогдсон байх юм. "Өнөөдөр Доржийнх ямаагаа самналаа. Маргаашнаас нь Батынх самнах гэнэ" гээд бараг малчны хотонд юу болж байгааг хором алдахгүй утсаар авч байдаг бололтой. Тэд байнга утсаар ярьж үнэ ханш, хаанаас их хэмжээний ноолуур ирж байгааг судалсан хүмүүс байх юм билээ. Ямар сайндаа л бидэнд ноолуур байхгүйг аль эрт мэдчихээд, олигтой зүйл ярихгүй нүүр буруулж байхав. Бид ийн "Ноолуур авна" гэсэн хэд хэдэн газраар орсон юм.

Биднийг эхний газраар ороход ченжүүд сүрхий сонирхож байснаа сүүлдээ хаана ч очсон ижилхэн “Та нар хаанахын ноолуур зарах гэж байгаа юм. Ноолуур чинь хаана байна” гэж тоомжиргүй хандаж байсан. Нөгөөдүүл нь биднийг очихоос өмнө утсаар "Энд ноолуурын үнэ асуусан хэдэн нөхөд яваад байна" гээд хэлчихсэн бололтой юм. Ийнхүү нэлээд сурагласны үр дүнд "Эмээлт"-ээс хот руу явах замд "Ханбогд" гэх төвд Хятадууд кг ноолуурыг 70 мянган төгрөгөөр авч байгаа тухай олж мэдлээ.

"Эмээлт" рүү явах замд "Өндөр цагаан"-ыг өнгөрөөд гэхээр ченжүүд болон тэр орчмын хүмүүс андахгүй мэдэж байна. Бид "Ханбогд"-ын үүдэнд ирж зогсоход Өмнөговь, Төв аймгийн дугаартай хоёр ачааны машин ирж зогссон байлаа. Тэд ойролцоогоор тонн ноолуур ачиж ирсэн харагдана. Тэдний тушааж буй ноолуур самнаад удаагүй нь илт.

Хятадууд шуудайг нь зад татаад, шалгаж үзээд, шинэ ноолуур байвал газар дээр нь нэг кг-ыг нь 70 мянган төгрөгөөр авч байсан. Харин хуучин өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил самнасан ноолуур байвал авахгүй байв.

Хятадууд ноолуурын шинэ, хуучныг ялгахдаа гаргуун юм. Тэнд ноолуур тушааж байсан нэг залуу "Энэ шинэ ноолуур" гэтэл. Ноолуур авч буй хятадууд бөөн шуугиан болж "Шинэ ноолуур бол хагтай байдаг. Чиний ноолуур яавч шинэ ноолуур биш ээ" хэмээн ууттай ноолуурыг өшиглөж төрөлх хэлээрээ шулганахыг сонсоход яавч өөдтэй үг хэлээгүй нь илт. Ингэж хятадуудын голсон ноолуурыг авдаг Монгол ченжүүд тэнд бас байна.

Тэд "Өнгөрсөн жил самнаж дарсан ноолуурыг 49-50 мянган төгрөгөөр авна" хэмээж байв. Гологдсон болохоор амандаа орсон үнээ хэлж байгаа энэ аж. "Ноолуураа ийм хямд өгөхгүй" гэхэд Та асуугаад яв. Өнжмөл ноолуур 49 мянгаас дээш гарахгүй байгаа. Бид харин ч 50 мянга хүргэж байна шүү" хэмээнэ. Харин нөгөө ноолуур нь гологдсон залуу ченжүүдийн аманд багтаж, хэлсэн үнээр нь өгөхөөс өөр аргагүй болжээ.

Учир нь шуудайтай ноолуур нэг задарчихвал үнэд хүрдэггүй байна. Дээр хэлсэнчлэн ченжүүд бүгд хоорондоо холбоотой учраас нөгөөд нь бариад очиход бүр хямд үнэ хэлдэг аж. Ингэсээр ноолуурын үнийг нь унагаж орхидог гэнэ. Тиймээс иргэд голдуу анхных нь хэлсэн үнээр өгдөг байна.

Бид ноолуураа тушааж явсан Төв аймгийн Сант сумын малчин Г.Хангайтай цөөн хором ярилцсан юм. Тэрбээр өнгөрсөн бямба гарагт хэдэн ямаагаа самнаж, 100 орчим кг ноолуур дараад наашаа хөдөлжээ. Гэхдээ шинээр самнасан ноолуур дундаа өнгөрсөн жил хожуу самнаад үнэд хүргэж, өгч чадаагүй 10 орчим кг ноолуураа дараад ирж. Харин түүнийг нь хятадууд голсноор Монгол ченжүүдэд 50 мянгаар өгч байгаа нь энэ аж.

Тэрбээр энэ зуураа утсаараа залгаж хэн нэгэнтэй холбогдоод "Эмээлтэд ноолуур ижилхэн 70 мянган төгрөг гэж байна. Сант дээр хятадууд 70-аар авч байсан. Тэнд ноолуураа тушаасан нь дээр юм байна" гэв. Ямартай ч Төв аймгийн зам дагуух сумдад ноолуурын ханш "Эмээлт" захын ханштай ижил байгаа бололтой. Түүнчлэн тэнд байсан ченжүүдийн яриагаар бол хятадууд "Эмээлт" зах дээр ноолуур их хэмжээгээр авахгүй байгаа гэнэ.

Учир нь үндэсний компаниуд хэл ам хийгээд байхаар хөдөө суманд очиж, эсвэл Монгол ченжүүдээр дамжуулан ноолуурыг замаас нь өндөр үнээр худалдаж авч байгаа гэнэ. Тэгэхээр энэ хавар нэг кг ноолуурын үнэ 50 мянган төгрөгт баригдахгүй бололтой.

Д.Баатар
"Монголын мэдээ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж