УИХ-ын хаврын хамгийн сүүлчийн чуулганы нээлт маргааш болно. УИХ-ын 2012 сонгууль гурав хүрэхгүй сарын дараа болох гэж байгаа учраас хаврын чуулган богино хугацаанд хуралдах товтой байгааг УИХ-ын дарга, дэд дарга нар мэдэгдсэн. Тиймээс ч чуулганы нэгдсэн хуралдаанаар чухал гэж үзсэн 11 хуулийн төслийг хэлэлцэхээр болсон билээ. Зайлшгүй хэлэлцэх шаардлагатай бөгөөд олон нийтийн анхаарлын төвд байгаа хуулийн төслүүдийг ч хаврын чуулганаар ч хэлэлцэх учиртай. Тэрхүү хуулийн төслийн жагсаалтыг УИХ дахь Ардчилсан нам болон Ардын намын гишүүдээс өргөн барьсан Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл тэргүүлж байгаа юм.
УИХ дахь Ардчилсан нам, Ардын намынхан УИХ, орон нутгийн хурлын сонгуулийг хамтатгах эсэх дээр саналаа нэгтгээгүй байгаа. Тиймээс ч хаврын чуулган хуралдах үеэр халуухан, маргаан дагуулсан үйл явдлууд ар, араасаа өрнөх төлөвтэй байна. УИХ дахь намын бүлгүүд санасандаа хүрэхийн тулд ямар арга хэрэглэхийг таамаглахын аргагүй. Ерөнхийдөө хаврын чуулганы нээлтийг хиймэгц УИХ дахь Ардын нам, Ардчилсан намын бүлгийнхэн УИХ, орон нутгийн хурлын сонгуулийг хамтатгах асуудлаар нааштай шийдвэр гаргуулахын ана мана үзэлцэх нь.
Ардчилсан намын бүлгийнхний хувьд “Хоёр сонгуулийг хамт явуулна” гэсэн байр суурь дээрээ хатуу зогсохоо илэрхийлсэн. Энэ байр сууриа хамгаалахын тулд “УИХ байж болох бүхий л бололцоогоо ашигласан. Гэсэн ч тохиролцож чадсангүй. Засгийн газар одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу сонгуулийг зохион байгуулах ёстой” гээд Засгийн газарт шаардлага хүргүүлсэн юм. Удаа ч үгүй “Засгийн газар үүргээ биелүүлэхгүй гэдгээ мэдэгдлээ. Тиймээс манай намын бүлгийнхэнд Засгийн газрыг огцруулах шаардлага тавихаас өөр арга үлдсэнгүй” гэж хатуухан мэдэгдсэн юм.
Тэд хаврын чуулган хуралдаж эхэлмэгц Засгийн газарт “Орон нутгийн хурлын сонгуулийн бэлтгэл ажлыг ханга. Эс бөгөөс огцор” гэсэн шаардлага тавих нь дамжиггүй. Мөн Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл дээр завсарлага авахыг зарим гишүүн үгүйсгэхгүй байгаа юм. Харин Ардын намын бүлгийнхэн тэдэнд “Орон нутгийн хурлын сонгуулийн бүрэн эрх дөрвөн жил байх ёстой. Сонгуулийг зургаадугаар сард явуулбал хууль зөрчсөн үйлдэл болно” гэсэн хариулт өгч байгаа юм. Хаврын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх үеэр ч энэ тайлбараа дахин хэлэх биз ээ. Ардчилсан намын бүлгийн зарим гишүүд “Засгийн газрыг огцруулах шалтгаан олон бий. Орон нутгийн хурлын сонгуулийн бэлтгэл ажлыг хангаагүй. Дээрээс нь УИХ-аас баталсан тогтоолуудыг ч огт хэрэгжүүлээгүй. Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай 39 дүгээр тогтоолын дагуу иргэдэд 1074 ширхэг хувьцаа, нэг сая төгрөг олгоогүй. УИХ-ын 27, 40 дүгаар тогтоолыг ч гэсэн хэрэгжүүлээгүй” гэж үзэж байгаагаа хэлж буй. Хэрвээ Засгийн газрыг огцруулах асуудал хөндвөл Ардчилсан намынханд ярих зүйл дээрхээс өгсүүлээд бишгүй их байгаа бололтой. УИХ-ын гишүүн Х.Баттулга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын хооронд өрнөж буй маргаан ч дарин дээр давс нэмж, Ардчилсан намын бүлгийнхний Засгийн газрыг огцруулах шалтгаануудын нэг болох нь тодорхой. Түүнчлэн УИХ-ын хаврын чуулганаар Үндсэн хуулийн Цэцээс гаргасан “Сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчиж байна” гэсэн дүгнэлтийг хүлээж авах эсэхийг хэлэлцэх юм. Гишүүдийн олонхи нь “Цэцийн дүгнэлтийг хүлээж авна” гэсэн байр суурь илэрхийлж буй. Гэхдээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн удирдлагууд “Сонгуулийн тухай хууль ямар нэг хууль зөрчихгүй” гэж хэлж байсныг нь бодвол “Цэц хууль бус шийдвэр гаргасан” гэсэн маргаан чуулганы танхимд өрнөж мэдэхээр байна. Энэ бүх асуудал нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгааг харуулж байгаа аж. Эс бөгөөс намуудын хооронд өрнөж буй “Үндсэн хууль зөрчсөн, зөрчөөгүй” гэх маргаан удаан үргэлжлэх төлөвтэй байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүдийг УИХ-ын гаднаас бүрдүүлдэг болох заалтыг тусгуулахаар хуулийн төсөл өргөн барьсан. Гэхдээ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг мөн л оруулаагүй байна. Ийнхүү хаврын чуулганаар хэлэлцэх маргаан дагуулсан асуудал шийдлээ хүлээж байна. Харин сонгууль угтан өрнөж буй намын бүлгүүдийн тулаанд аль нь ялах бол.
"Улс төрийн тойм" сонин
Холбоотой мэдээ