Хариулт
нь одоохондоо чухал биш. Харин эдгээр асуултуудын ард нуугдаж буй
нэг зүйлийг, тодруулбал төрийн эрх мэдлийг хэнээс хэнд шилжүүлэхийг
ард түмэн сонгуулиар шийддэг гэдгийг л сануулах гэсэн юм. Тэр тусмаа
хэнээс хэнд яаж шилжүүлэх вэ гэдэг нь бүр чухал.
Энэ удаагийн
сонгуулийн тогтолцооны онцлог нь гэвэл парламентын суудлын 48-ыг нь
тойрог дээрх өрсөлдөөний дүнд сонгох бол 28-ыг нь намуудын авсан саналд
хувь тэнцүүлэх байдлаар сонгох юм. Өөрөөр хэлбэл, мажоритари болон
пропорциональ холилдсон тогтолцоогоор сонгуулийг явуулна.
Өмнөх
шиг тойрог дээр очиж өрсөлдөхгүй, зүгээр л намынхаа авсан саналын
дүнгээр парламентад төлөөлөл болох “гавьяатай” 28 хүний нэрийг намууд
өөрсдөө жагсаах юм. Эдгээр 28 нэр дээрээс доош түрэгдэн гулсдаг байхаар
хуульд тусгасан нь Үндсэн хуулийн Цэц дээр бүдэрчихээд байгаа бөгөөд энэ
нь МАН-ын томчуудын хүсэлд нийцэж байгаа захиалгат шийдвэр. Цэцийн
энэхүү шийдвэрийг нэгэнт МАН хүссэн учраас олонхиороо түрээ бариад УИХ
дээр дэмжчих болов уу гэсэн таамаглал байгаа.
Намуудын
гаргах 28 нэрс бүхий жагсаалтад бичигдэх эрхмүүд тойрогт очиж өрсөлдөх
ба тэндээс авсан саналынхаа хувь хэмжээгээр эрэмбэлэгдэн дугаарлагдахыг
“гулсах” гэж ойлгож болно. Тойрогт унасан ч сонгогчдын 28 хувиас доошгүй
санал авсан бол авсан саналынхаа хувиар эрэмбэлэгдэн нэрсийн жагсаалт
руу гулсч орж ирэхээр хуульд заасан байгаа.
Харин “гулсахгүй” гэдэг нь 28 хүн намаас тогтоосон эрэмбэ, дарааллын дагуу нэрсийн жагсаалтад хөдөлгөөнгүй байршина л гэсэн үг.
Энэхүү
гулсах, гулсахгүйн тухай маргаан Үндсэн хуулийн Цэцэд хүрч, улмаар цэц
“гулсахгүй байх нь зөв” гэдэг шийдэр гаргаад буй. “Хаалгаар хөөгөөд
гаргахаар тооноор ороод ирэх гэлээ” гэдэг шүүмжлэл үүгээр хаагдаад
байна. Тойрогт нэр дэвшигчид тойрог дээрээсээ л шаансаа олно, тэнд
ялагдвал тэгээд бүх зүйл дуусна гэсэн үг.
Сонгуулийн холимог
тогтолцоотой улс орнуудад намын лист буюу нэрсийн жагсаалтыг гулсдаг
байдлаар гаргадаг жишиг бий. Тухайлбал, ХБНГУ Бундестагийн 600 суудлын
50 хувийг буюу 300-гийн нэрсийн жагсаалтыг гулсдагаар гаргадаг бол мөн
Японд нэрсийн жагсаалтын эрэмбийг гулсуулан тогтоодог. Энэ нь нэрсийн
жагсаалтад бичигдэгчдийн эрэмбэ, рейтингийг зөвхөн намын хүрээнд биш
олон нийтийн хэмжээнд тодорхойлж байгаагаараа шударга гэж үздэг. Харин
нэрсийн жагсаалтыг гулсдаггүй байдлаар гаргах нь пропорциональ
тогтолцооны мөн чанарыг илүүтэй хадгалдаг гэж үздэг. Нэрсийн жагсаалтыг
“гулсдаг “байдлаар гаргахыг Ардчилсан нам анхнаас нь дэмжиж хуульд
тусгасан бол МАН-ын эрх ашиг “гулсдаггүй” дээр хадгалагдаж байсныг энд
дурдууштай.
Хэрэв
Цэцийн дээрх шийдвэрийг УИХ хүлээж авна гэж үзвэл намууд нэрсийн
жагсаалтаа нухацтай гаргах болж байна. Тэр тусмаа жагсаалтын 28 нэрийн
эхний 10 нь л хамгийн чухал өрсөлдөөний талбар болох аж. Учир нь
пропорционалиар сонгогдох 28 суудлыг 100 хувь гэж үзвэл тухайн намын
сонгогчдоос авсан саналын хувьтай тэнцүүлэх замаар 28 нэрсийн тодорхой
хэсэг /эхний хэсэг/ нь л парламентад суудал авна гэсэн үг. Сонгогчдын
100 хувийн санал авах нам гэж байхгүй нь тодорхой учраас жагсаалтад
багтсан 28 хүн бүгдээрээ гишүүн болохгүй нь ойлгомжтой юм.
Эх
сурвалжуудын судалгаагаар пропорционалиар сонгогдох 28 суудлыг МАН,
АН, бусад буюу үүн дотроо ИЗНН ба МАХН+МҮАН-ын нэгдэл ойролцоогоор
30х30х30 гэсэн харьцаагаар хуваахаар байгаа аж. Эдгээр гурван блок тус
бүр 30 хувийн санал сонгогчдоос авлаа гэхэд тэдгээрийн нэрсийн
жагсаалтын эхний найм дотор бичигдсэн нэр дэвшигч л парламентад нам,
хүчнээ төлөөлөх эрхтэй болох юм. Ийм учраас намуудын нэрсийн жагсаалтын
эхний 10 нь хамгийн чухал аж.
Намууд нэрсийн жагсаалтыг
гаргахдаа нам дахь албан тушаал, хувь хүний хүчин зүйлийг харгалзан үзэх
нь тодорхой. Өөрөөр хэлбэл, намын удирдлагын үзэмжээр нэрсийн
жагсаалтыг эрэмбэлнэ гэсэн үг. Албан тушаалын эрэмбээр гэвэл аль ч намын
хувьд нэгдүгээрт намын дарга, хоёрдугаарт генсек, гуравдугаарт
нийслэлийн намын дарга гэхчлэн жагсаалтыг магнайлна. Тэдгээрийн хувьд
сонгууль нь нэгэнт дуусч, их хурлын гишүүний үнэмлэхээ хүлээх л үлдсэн
гэхэд хилсдэхгүй. Тэгвэл жагсаалтын сүүлийг мушгих “азгүй” горилогчид
хэн байж таарах вэ. Нэгэнт эхний аравт жагсахгүйгээс хойш тойрогт очиж
азаа үзье гэх хүмүүс аль ч намд олон гарах болов уу. Тэдгээр
азгүйчүүдийн эгнээнд улс төрийн квотоор орж ирж буй эмэгтэй нэр
дэвшигчид голчлох юм биш биз гэсэн хар сэр ч цухалзаж байгаа. Юутай ч
Ардчилсан намын хувьд тойрог болон жагсаалтад эмэгтэйчүүдээ ойролцоо
харьцаагаар хуваарилах бодлого баримталж байгаа гэсэн. Мэдээж, шаансыг ч
бас эмэгтэйчүүдтэйгээ хуваалцаж, жендерийн мэдрэмжээ харуулах болов
уу.
Дашрамд дурдахад, зарим судалгаагаар намуудаас хамгийн
өндөр рейтингтэй байгаа нь Ардчилсан нам 15 хувь, МАН 13 хувийн
дэмжлэгтэй байх аж. Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарсны дараа
рейтинг нь 2-3 хувиар бодитой өссөн байна. Сонгуулийн сурталчилгааны
явцад дээрх хоёр намын чансаа 30 хувьд хүрэх ба Ардчилсан намынх арай
илүүрхэх төлөвтэй байгааг судалгаанууд харуулж буй гэх.
Хэрэв
нэрсийн жагсаалтыг хуульд тусгасанчлан гулсуулах байдлаар гаргана гэвэл
нэр дэвшигчдийн эрэмбийг намын хүрээнд биш нийт сонгогчдын үнэлэмжээр
тогтоох сайн талтай. Гэхдээ үүнээс МАН-ын лидерүүд, тэр байтугай
У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар ч халгаж байгаа гэх яриа
гарчээ. Урьд өмнө амлаж аваад ялдаг байсан тойргууд дээрээ энэ жил өвдөг
шороодчихоор төлөвтэй байгаа “томчууд” дархан цолныхоо эрэмбээр намын
нэрсийн жагсаалтаар далайлгаад дахиад парламентад ороод ирэх нь эрсдэл
багатай алхам. Энэ утгаар харвал гулсдагийг хуулиас гээх Цэцийн шийдвэр
МАН-ын олонх бүхий УИХ дээр баталгаажих магадлалтай бололтой.
Юутай
ч энэ удаагийн сонгуулиар сонгогчдын хувьд нэр дэвшигчдийн гулсах,
гулсахгүйгээс чухал зүйл нь “санал гулсах” цоорхой багассан явдал.
Сонгогчдын санал гээгддэг сул талтай, хоёр намын тогтолцоо руу шахдаг
гэмтэй мажоритари тогтолцоог холимгоор сольсон нь дэвшил юм.