”Намын нэр дугуйлах нь үндсэн хууль зөрчихгүй”

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

”Намын нэр дугуйлах нь үндсэн хууль зөрчихгүй”

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардын намын бүлгийн дэд дарга Су.Батболдыг “Ярилцах танхим”-даа урилаа. Түүнтэй УИХ-ын сонгуулийн тухай хууль, Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хууль болон намынх нь дотоод асуудлын талаар ярилцсан юм.

-УИХ-ын сонгуулийн ту­хай хуулийн “гулсах” заал­тыг Үндсэн хуулийн Цэц хү­чингүй болгох шийдвэр гар­гасан. Гэтэл сонгууль боло­хоос зургаан сарын өмнө УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруу­лах боломжгүй гэж хуульд заасан байдаг. Тэгэхээр Үнд­сэн хуулийн Цэцийн шийд­вэрийг УИХ хүлээж авах бо­ломжгүй гэсэн үг үү?

-Үндсэн хуулийн Цэцэд ир­гэд гомдол гаргасны дагуу Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болж УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй бол­гох шийдвэр гаргасан. Энэ нь ямар заалт вэ гэхээр  УИХ-д нэр дэвшигч тодорхой той­рог  дээр өрсөлдөөд олон­хийн санал авч чадаагүй ч гэ­сэн 28 хувиас дээш санал ав­сан бол намын жагсаалтад гул­сан орж УИХ-ын гишүүн бо­лох боломжийг бүрдүүлсэн заалт юм. Гэхдээ Үндсэн хуу­лийн Цэцийн шийдвэрийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэх учиртай.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд сонгууль болохоос зургаан са­рын өмнө хуульд ямар нэгэн өөрч­лөлт оруулж болохгүй гэдэг заалтыг багтааж өгсөн шалтгаан нь хууль са­наачлагч субъектууд, өөрөөр хэл­бэл, УИХ-ын гишүүд УИХ-ын сон­гуулийн тухай хуулийн тодорхой зүйл заалтыг өөрийн эрх ашигт ний­цүүлж өөрчлөх боломжийг хязгаар­лах үүднээс хийсэн заалт юм. Харин Үндсэн хуулийн Цэцийн дүг­нэлт гарсны үндсэн дээр УИХ-ын сон­гуулийн тухай хуулийн холбогдох заалт хүчингүй болох нь үүнтэй огт хамаагүй асуудал. Хуульд өөрчлөлт оруулах санаачилга гаргана гэдэг нь хуулийн төсөл өргөн барина, хэлэлцүүлэг хийнэ гэсэн үг шүү дээ. Үндсэн хуулийн Цэцээс гаргасан шийдвэрийг хуулийн зохицуулалтын дагуу 14 хоногийн дотор УИХ-аар хэлэлцээд холбогдох заалтыг нь хүчингүй болгох боломжтой юм. Тиймээс Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг УИХ-аар хэлэлцэж болно. 

-Үндсэн хуулийн Цэцийн шийд­вэрийг УИХ хүлээж авсан тохиол­долд УИХ-ын 28 гишүүнийг намын нэр дугуйлах буюу паралель ху­вил­бараар сонгох болж таараад байгаа. Зарим гишүүн үүнийг огт хү­лээн зөвшөөрөхгүй байгаа. Та ямар байр суурьтай байна вэ?

-Сонгуулийн тогтолцоог өөрч­лөх талаар анх ярилцаж байхдаа ма­жоратари тогтолцооноос татгал­заж пропорциональ тогтолцооны эле­ментийг хуулинд тусгаж өгөхөөр шийд­сэний үндсэн дээр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг санаа­чилсан юм. Энэ хүрээнд “Дээрх хоёр тогтолцоог зэрэгцүүлэн сонго­дог хэлбэрээр нь нэвтрүүлэх нь зүйтэй юм” гэдэг дээр УИХ-ын гишүүд санал нэгдсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр мажаротари тог­тол­цооны хувьд хамгийн олон хүний санал авсан хүн нь сонгогдоод пропорциональ нь намынхаа нэрийн жагсаалтын дагуу намын УИХ-д авсан суудлын тоогоор гишүүд нь хуваарилагддаг тогтолцоогоор сонгуулийг зохион байгуулах байсан. Гэхдээ “Аль ч тогтолцоог сонгосон байсан хамаагүй, хамгийн гол нь сонгогчдод ойлгомжтой байх ёстой” гэх байр суурийг баримталсан. Гэтэл хуулийн хэлэлцүүлгийн явцад гэнэт “гулсах” тухай заалтыг оруулж ир­сэн юм. Би анхнаасаа сонгодог ху­вилбар буюу иргэдэд ойлгомжтой дээрх хэлбэрээр сонгуулийг зохион байгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Иргэд ч гэсэн “Уна­сан бөх туг тойрдоггүй. Үүдээр гаргаад явуулахаар тооноор ороод ирдэг” гэдэг байдлаар хандаж байсан зэргээс үүдээд Үндсэн хуулийн Цэц зөв шийдвэр гаргасан гэсэн байр суурьтай байгаа.

-Пропорциональ тогтолцоогоор сонгуулиа явуулдаг ХБНГУ-д на­мын даргаа гишүүд нь тахин шүтэх ёс газар авсан гэдэг юм билээ. Үүн шиг манай улсад намын гишүүд нь УИХ-д сонгогдохын тулд намын даргаа тахин шүтдэг ёс бий болчих вий дээ?

-Пропорциональ, мажоратори тог­тол­цоонд хоёуланд нь сайн, муу тал бий. Сүүлийн жилүүдэд монголчууд мажоратори тогтолцоог “Хамгийн муу тогтолцоо. УИХ-ын гишүүд жи­жиг тойргоос сонгогдож байгаа нь мөнгө, амлалтын уралдааныг бий бол­гож байна” зэргээр шүүжмлэх болсон. Тэр ч утгаар нь бид УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөр­чилсөн. Пропорциональ тогтолцоо ч гэсэн сөрөг талтай. Намын даргыг тахин шүтэх үзэгдэл гарна гэдэг нь нэг илрэл. Гэхдээ бид үүнийг нь засаж, дээрх хоёр тогтолцооны сайн талуудыг хуульдаа тусгах үүд­нээс холимог системийг сонго­сон. Нөгөөтэйгүүр зөвхөн намын дарга намын нэрээр УИХ-д сон­гогдох боломжтой хүмүүсийн жаг­­саал­тыг гаргахгүй шүү дээ. На­­мын байгууллагууд ардчиллын зарч­маар анхан шатнаасаа эхэлж хэ­лэл­цээд тодорхой шалгуураар оруулж санал хураалтаар шийдсэний дараа жагсаалтад нэр нь орох хүмүүсийг сонгох юм. Тиймээс намууд жаг­саалтад багтах хүмүүсээ сон­гохдоо намынхаа лидерүүдийг сонгож байж жагсаалтаа гаргаж ёстой.

-Гэтэл өнөөдөр бодит байдал дээр хөрөнгө мөнгөтэй хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэх гээд бэлтгээд байгаа дүр зураг ажиглагдаад байгаа шүү дээ. Тухайлбал, дэд сай­дуудын томилогоо байна. Энэ бүхнээс харахад практик, онол хоёр зөрчилдөөд байгаа юм биш үү?

-Жагсаалтын аргыг анх удаа хэрэглэх гэж байгаа учир урьдчилсан байдлаар таамаг төдий зүйл яриад  яах вэ. Мэдээж тийм асуудал үүсгэх­гүй байх бүх бололцоог хуульд тус­гаж өгсөн байгаа. Харж л байя. Сонгуулийн дараа бүх зүйл тодорхой болно. Хэрэв мөнгөтэй хүмүүсийн нэрсээр жагсаалт гаргачих юм бол тухайн нам ард түмний итгэлийг хүлээж саналыг нь авч чадахгүй. Тиймээс жагсаалтад ард түмний дэмжлэгийг авч чадахуйц төлөөллийг оруулах байх.

-Намын нэр дугуйлах хувил­бараар УИХ-ын 28 гишүүнийг сон­гох нь Үндсэн хуулийг мөн л зөрчиж байгаа юм биш үү. Үндсэн хуульд “УИХ-ын гишүүнийг шууд сонгоно”  гэж заасан байдаг шүү дээ?

-Тийм зүйл болохгүй. Тухайн сонгогч саналын хоёр хуудас авах юм. Нэгэн дээр нь тухайн тойргоос мажоратори хувилбараар нэр дэвших хүмүүсийн нэрсийн жагсаалт байна. Нөгөө дээр нь намуудын нэрийн ар талд нь сонгогдох боломжтой 28 хүний нэр байх юм. Тиймээс сонгогч санал өгөхдөө хүнийхээ нэрийг харж байгаад “Энэ намыг сонговол энэ хүн сонгогдох боломжтой юм байна” гэсэн үүднээс сонголт хийх учир шууд сонголтын агуулга алдагдахгүй гэж үзээд байгаа юм. Нөгөөтэйгүүр шууд сонгоно гэдэг бол хэн нэгнээр дамжуулахгүйгээр өөрөө сонгуульд шууд оролцохыг хэлж байгаа юм. Тиймээс энэ хувилбарыг сонголоо гэхэд маргаан үүсэхгүй.

-Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хууль Үндсэн хуулийн “ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрх дөрвөн жилээр дуусгавар болно” гэсэн заалтыг зөрчиж бай­гаа учир мөн л Үндсэн хуулийн Цэцэд Ардын намынхан энэ асууд­лаар хандсан байгаа гэсэн. Энэ асуудал юу болж байгаа вэ?

-Үндсэн хуулийн Цэцэд Ардын намынхан хандаагүй. Харин иргэд энэ асуудлаар хандсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Манай намын бүлэг хоёр сонгуулийг тусад нь хийх нь зүйтэй гэсэн байр суурь дээрээ бат зогсож байгаа. Тусад нь явуулах хэд хэдэн үндэслэл бий. Учир нь энэ хоёр сонгууль хоёулаа өөр утга агуулгатай шүү дээ. Бид л орон нутгийн хурлын сонгууль гэж яриад сурчихсан бо­ло­хоос биш орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг сон­гох сонгууль юм. Тиймээс улс орон даяар явагддаг улстөржсөн сон­гуулиас нэлээд өөр агуулгаар яваг­дах учиртай. Үүнийг УИХ-ын сонгуулийн хавсрага маягаар явуулах нь орон нутгийн удирдлагын бүрэн эрхэд халдаж байгаа зүйл гэж үзэж байгаа юм. Нөгөөтэйгүүр, хүн хүч, зохион байгуулалт муу байна. УИХ-ын сонгуулийг шинэ тогтолцоогоор анх удаа явуулж үзэх гэж байж энэ сонгуулийнхаа шинэ туршилтад хажууд нь орон нутгийн хурлын сонгуулийг наагаад орох нь сонгуулийн үр дүнд муу нөлөө үзүүлэх магадлалтай. Түүнээс биш үүний цаана ямар нэг намын ялалт, ялагдлын тухай асуудлыг ярих ёсгүй. Улс орны эрх ашгийг л ярих ёстой. Зэрэг явуулахаар нь Ардчилсан нам ялалт байгуулаад, Ардын нам ялагдчих гээд байгаа ч юм биш.

-Ардчилсан намынхан одоо үйлчилж байгаа Орон нутгийн хурлын тухай сонгуулийн хуулийн дагуу бэлтгэл ажлыг хангах үүргийг Засгийн газарт өгсөн. Харин Засгийн газраас “Боломжгүй” гэх хариулт хэлснээс болж “Засгийн газар хууль хэрэгжүүлэх үүргээ биелүүлсэнгүй” гэж огцруулах хэм­жээнд ярихаа мэдэгдээд байгаа. Та үүнийг юу гэж дүгнэж байна вэ?

-Сонгуулийг Засгийн газар явуулдаггүй юм. УИХ-ын сонгуулийг Сонгуулийн ерөнхий хороо зохион байгуулдаг. Харин орон нутгийн хурлын сонгуулийг ИТХ-аас байгуул­сан сонгуулийн хороо зохион бай­гуулдаг. Засгийн газрын үүрэг бол сонгууль явуулах байраар хангах, төрийн албан хаагчдыг сонгуульд ажиллах бололцоогоор хангах юм.

-Хоёр нам хоёр тийшээ харж суучихаад Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрч­лөлт оруулах боломжгүй бол­чихвол танай намын байр суурь хазайхаас өөр аргагүй болно гэсэн үг үү?

-Манай намынхан эцсээ хүртэл байр сууриа хамгаална. Тэгсэн ч гэсэн Ардчилсан намынхан гэдий­гээд байвал хоёр сонгууль зэрэг л болох байх даа. Харин дараа нь гарах үр дүнгийн хариуцлагыг хэн хүлээх вэ гэ­дэг асуудлыг ярих хэрэгтэй. Бид үүсэж болох асуудлаас болгоомжилж, бо­лохгүй асуудлуудыг гаргаж тавь­сан гэдгийг санах хэрэгтэй.

-Сонгуулийн ерөнхий хороо­ныхон санал тоолох автомат маши­нуудыг АНУ-аас авчирж эхэлж байна. Гэтэл эдгээр машиныг нь “АНУ-ын Ерөнхийлөгчийн сон­гуулийг будилаантуулсан машин. Тийм будилаан үүсгэсэн машинаар Монголын УИХ-ын сонгуулийг буди­лаантуулах гэж байна” гэсэн яриа гараад байгаа. Та санал тоо­лох машинуудтай танилцсан уу?

-Олон зуун сая сонгогчтой улс орон санал автоматаар тоолох машин хэрэглэх тохиолдол бий. Гэхдээ хөгжингүй улс орнууд бүгд санал автоматаар тоолох машин хэрэглэдэг үү, гэвэл үгүй. Ер нь бол гараар давхар тоолдог юм. Бид бие биедээ итгэхээ больсны нэг тод жишээ бол санал автоматаар тоолох машиныг авсан тохиолдол. Гэхдээ энэ машиныг авах асуудлыг би анхнаас нь дэмжсэн. Санал тоолох явцад үнэхээр хүний хүчин зүйл нөлөөлчихдөг юм бол автомат машин хэрэглэх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр шүү дээ. Дээрх тохиолдлыг сайн мэддэг улстөрчид л “Энэ аргаар саналаа тоолох ёстой” гээд байсан юм. Уг нь машин хэрэгтэй эд л дээ. Гэхдээ манай сонгогчид сайндаа л 800 мянга орчим шүү дээ. Саналыг автоматаар тоолохын хажуугаар гараар тоолох нь зүйтэй гэдэг саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос хэлсэн. Би тэр машиныг нь мэдэхгүй байна.  Зарим улстөрч “Заавал АНУ, БНСУ-ын машин байх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Үүний цаана ямар бодлого байгааг би сайн мэдэхгүй л дээ. Машин гэдэг бол машин. “Программыг нь хэн зохиож байгаа юм, ямар программ хангамжтай байгаа юм” гээд улстөрчдийн эргэлзээг төрүүлж байгаа олон асуудал бий. Гэхдээ үүнийгээ маш сайн зүгшрүүлээд явах байх гэж найдаж байна. Яг ийм тохиолдолд бүх зүйлийг хамж шимж хоёр сонгуулийг зэрэг явуулах гээд зүтгээд байгаа нь зөв үү гэдгийг бодох хэрэгтэй.

-Сүүлийн үед танай намын дотоод асуудал олны анхаарлын төвд ороод байгаа. Зарим гишүүн нь намынхаа дотоод уур амьсгалыг шүүмжилсний төлөө Ес зүйн хорооноос нь “амаа хамхих”-ыг шаардсан бичиг өгсөн гэж байсан. Үүнээс нь болоод Ардын намын зарим гишүүд МАХН-тай нэгдэх тухай яриа гаргаад байгаа гэж сонссон. Танай намын дотоод уур амьсгал ямархуу байна вэ?

-Улс төрийн аль нэгэн намд нэгдэх эсэх нь хувь хүний сонголт. Өөрөөр хэлбэл, хүмүүс үзэл бодлоо нэгтгээд, нэг онол, ёс суртахууны төлөө байхыг хэлж байгаа юм. Улс төрийг ганц нэгээрээ хийдэггүйн учир энэ. Хэрэв нэг үзэл бодолтой улс төрийн том цул нэгдэлд нэгдчихээд үзэл баримтлалыг нь хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа бол тухайн намаасаа гараад явах сонголт байна. Өөрсдөө анхнаасаа сонголтоо хийчихээд  са­наа нийлэхгүй тохиолдол гарах бүрт улс төрийн хүчнээ буруутгаж тайлбарлаж болохгүй. Миний хувьд улс төрийн том нэгдэлд нэгэнт л нэгдсэн бол үзэл бодолдоо үнэнч тууштай явах хэрэгтэй гэж боддог. Манай намын дотоод дүрэм журмд зохицуулснаар бол Ёс зүйн хороогоор дамжуулж намынхаа гишүүдтэй уулздаг. Тэр л журмаар асуудлыг зохицуулах гэж оролдсон байх гэж бодож байна. Одоогийн байдлаар “Намаасаа гарна” гэж мэдэгдсэн тохиолдол гараагүй л байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Р.САРАНГОО

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж