Америкийн кино театруудаар өнөөдрөөс эхлэн 3D “Титаник” гарч эхэлнэ. 1997 онд дэлгэцнээ гаран дэлхийн сая сая үзэгчийг байлдан дагуулж байсан уг киног орчин үеийн 3D хэлбэрт оруулахад 18 сая ам.доллар зарцуулсан гэнэ. Энэ бол тун өндөр зардал. “Дисней” гэхэд “Араатны хаан арслан” зэрэг алдартай бүтээлүүдээ 3D болгон хувиргахад дунджаар 8-10 сая ам.доллар зарцуулдаг гэдэг.
Энэ сарын 15-нд “Титаник” хөлөг онгоц сүйрсний 100 жилийг тэмдэглэнэ. Оскарын 11 шагналтай, найруулагч Жэймс Камероны бүтээл уг киноны 3D хувилбарыг энэхүү тэмдэглэлт ойд зориулан бүтээжээ. Анх 1997 хийгдсэн “Титаник” кино Америкт 601 сая, хилийн чанадад 1.2 тэрбум ам.долларын ашиг олж байсан түүхтэй. 3D “Титаник”-ийг гаргаж буй “Парамонт” компани энэ удаад ч мөн ийм өндөр ашиг олно гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдэж байна.