Монгол эмэгтэйчүүдийн оролцоогоор сүүлийн гуравт оржээ

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Монгол эмэгтэйчүүдийн оролцоогоор сүүлийн гуравт оржээ

“Чингис” зочид буудалд Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь сэдвээр Азийн бүсийн бага хурал үргэлжилж байна. Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн хангах вэ гэсэн сэдвээр тэдний заримын байр суурийг сонирхлоо.

НҮБХХ-ийн Нью-Йорк дахь төвийн Жендэрийн багийн захирал, Уганда улсын иргэн Винни Бянима:

-Азийн бүсийн хувьд эдийн засгийн өсөлт хурдан байна. Сүүлийн үед эрэгтэй, эмэгтэй хүүхдийн сургуульд хамрагдах хувь сайжирч байгаа. Энэ бүхэн дээр суурилаад эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд түлхүү анхаарах шаардлага гарч ирж байгаа. Бусад тивийнхнээс сурах зүйл Азид бий. Тухайлбал, Латин Америк, Африк тив байна. Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд эхлээд квотын систем нэвтрүүлдэг. Энэ бол эмэгтэйчүүдийн оролцоог идэвхжүүлэх хамгийн үр нөлөөтэй арга хэрэгсэл болдог.

Сонгуульд өрсөлдөхөд нэр дэвшигчдээс ихээхэн хэмжээний санхүүгийн зардал гардаг. Энэ зардлыг бууруулах нь эмэгтэйчүүдэд эерэг нөлөө үзүүлдэг. Мөн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр эмэгтэйчүүдийн дүр төрхийг эерэгээр гаргаж сурталчлах нь нийгэмд үр нөлөөтэй байдаг. Энэ талын ажлыг Монголд эхлүүлж, үүнд хэвлэл, мэдээллийн байгууллагууд идэвхтэй оролцож байгаа нь таатай байна.

УИХ-ын гишүүн С.Оюун:

-Бага хурлаар эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны сэдвээр олон чухал асуудал хөндөж байна. Монгол Улс сонгуулийн хуульдаа эмэгтэй нэр дэвшигчдийн 20 хувийн квоттой боллоо. Гэхдээ намууд нэр дэвшүүлэхдээ журамдаа сайн анхаарахгүй бол бэрхшээл үүснэ. Хуульдаа 20-иос доошгүй гэсэн квот дэвшүүлсэн ч намууд жагсаалтынхаа бүр хойгуур эмэгтэйчүүдээ биччих юм бол тэд сонгогдож чадахгүй. Тэгэхээр эрэгтэй, эмэгтэйгээр сөөлжиж жагсаах гэх зэрэг аргууд хэрэглэж болно. Туршлагатай хуучин улс төрчтэй шинэ эмэгтэй нэр дэвшигч нэг тойрогт өрсөлдөөд гарахгүй. Лидерүүд хүсэл зориг гаргахгүй бол квот ёс төдий заалт болж хоцрох гэж байна. 

Эмэгтэйчүүд улс төрд оролцсоноор маш олон зүйл сайнаар өөрчлөгдөнө. Нийгмийн амьдралд наалдаж нийцсэн олон шийдвэр, заалтууд хуульд тусч, улсын төсөв ч энэ чиглэлд нэмэгдэнэ. Уул уурхай зэрэг том асуудлын цаана нийгэмд шаардлагатай олон асуудал орхигдож байдаг. Гурав биш 30 эмэгтэй УИХ-д байвал нийгмийн чиглэлийн асуудлууд хуульд тусч чадна. Ажилгүйдэл ядуурал тэр хэрээр буурна.

Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Жендэрийн үндэсний хорооны дэд дарга Б.Долгор:

-Зүүн Азийн бүс нутгийн эмэгтэйчүүд цугларч эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ гэсэн сэдвээр чуулж байгаа нь чухал арга хэмжээ болж байна. Яагаад бага хурлыг Монгол Улсад хийхээр болсон бэ гэвэл Монголд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо тааруухан байгаа нь нөлөөлсөн. Азийн бүсийн зарим орон парламентын гишүүдийнхээ гуравны нэгийг бусгүйчүүдээр бүрдүүлсэн байна. Нэг ч эмэгтэй гишүүнгүй ганц нэг орон байна. Монгол Улс энэ бүс нутагтаа парламентын эмэгтэй гишүүнийхээ тоогоор сүүлийн гурван орны нэг болж байгаа юм. Нэлээд эвгүй дүр зураг гарсан.

Энэ байдлаас гарах гол арга механизм нь суудлын квот тогтоох явдал гэдэг дээр оролцогчид санал нэгтэй байна. Манайд энэ квот байхгүй. Үүний ач холбогдлыг эрэгтэй улстөрчиддөө ойлгуулахын ач холбогдлын талаар ярилцаж байна. Суудлын квотгүй орнууд нэр дэвшигчийн квотыг нэлээд өндөр тогтоох шаардлагатай байдаг юм байна.  Ингэснээр сонгогчдод сонголт хийх боломж үүсдэг. Нэр дэвшигчийн квотыг Монгол Улс Сонгуулийн хуульдаа 20 хувь гэж сая тусгасан.

Намууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны талаар мэдрэмжтэй ажиллах нь их үр нөлөөтэй байдаг гэж оролцогчид нэлээд дэлгэрүүлж ярилцлаа. Нэр дэвшсэн эмэгтэйчүүдийг дэмжих нийгмийн сэтгэлгээг бий болгох хэрэгтэй юм. Энэ талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээс авч буй дэмжлэг Монгол Улсын нэг сайн туршлага болж яригдаж байна.

                    Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж