Лааны тосон Ханхүү Уильям & Кейт

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Лааны тосон Ханхүү Уильям & Кейт

Их Британийн нийслэл Лондон хотод байдаг Мадам Тюссогийн музей өнөөдөр Кэмбрижийн гүн Уильям болон гэргий Кейт нарын лааны тосон баримлыг нийтэд дэлгэх болсноо зарлалаа.

Дөрөвдүгээр сарын 29-нд тэдний хуримласны нэг жилийн ой болох бөгөөд тэдний хуримын үеийн хамгийн сэтгэл татам мөчийг нь санагдуулах лааны тосон баримлыг урласан гэнэ. Гэрлэх ёслолын үеэр бие бие рүүгээ хараад, жаргалтай гэгч нь инээмсэглэж буй Уильям Кейтийн гарыг барьсан байдлаар лааны тосон баримлыг хийжээ. Хуримын хувцсыг жинхэнэ хувилбартай нь яг ижлээр хийсэн бөгөөд харин Кейтийн гар дахь хуримын бөгжний цэнхэр сафир чулуу нь дуураймал гэнэ. Уильям өөрийн ээж Диана гүнжийн хуримын цэнхэр сафиртай бөгжийг сүйт бүсгүйдээ бэлэглэсэн юм. Уильям  болон Кейтийн баримал тус бүрийг хийхэд 150 мянган фунт буюу 240 мянган ам.доллар зарцуулсан  ажээ.

Музейн үзэгчид лааны тосон баримлуудтай зургаа татуулах боломжтой байдаг бөгөөд Мадам Тюссо Музейд хүмүүс хамгийн их зургаа даруулдаг баримал нь Хатан хаан Елизавет II, Майкл Жексон болон Барак Обама юм байна.

Өмнө нь Ханхүү Уильямын лааны тосон баримал музейд байсан бөгөөд хосыг хуримаа хийхээс өмнө музейн захиргаа Уильям, Кейт хоёрын баримлыг хийхээр шийдсэн ажээ. Харин Кэмбрижийн гүн болон сүйт бүсгүйд нь барималчдад өөрсдийгөө харуулан суух болох цаг зав гарахгүй байсаар жил болсон юм. Тиймээс тэдний фото зургаар баримлыг хийхээр болсон байна. Барималчид 200 гаруй фотоо зургаас хэмжээ авсан бөгөөд хүний баримал хийхэд ам, чих зэргээс эхлээд хүний биеийн 250 хэмжээс ордог гэнэ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж