Сөрөг хүчний лидерүүдээс Тимошенког хоригдсоны дараа намыг толгойлж байгаа Александр Турчинов, “Өөрчлөлтийн фронт” намын лидер Арсений Яценюк, тэдний хамтран зүтгэгч “Украины төлөө” намын Николай Мартыненко, Вячеслав Кириленко, Александра Кужель, “Украины ард түмний хөдөлгөөн” намын лидер Борис Тарасюк нар хуралд иржээ.
Хурлын үеэр “Өнөөдөр би та нараас нэгэн зүйлийг хичээнгүйлан гуйж байна. Янз бүрийн сөргөлдөөн, намын явцуу эрх ашиг, үзэл суртлын зөрөлдөөн, амбициа мартан нэгдэгтүн. Энэ нь бидэнд өнөөдөр хамгийн чухал” гэсэн Тимошенкогийн уриалгыг индрээс уншин сонсгов. Тимошенко энэхүү уриалгадаа “Эрх баригчдад хамгийн их айдас төрүүлж чадах хүчин бол сөрөг хүчний эв нэгдэл бөгөөд бид эрх баригчдын хувьд “аймшгийн зүүд” нь болно” гэж бичсэн байна.
Лукьяновын урьдчилан хорих төвд хоригдож байгаа Дотоод хэргийн сайд асан Юрий Луценкогийн илгээлтийг түүний дүү Сергей мөн уншин сонсгов. “Депутатуудад нэгдсэн жагсаалтаар нэр дэвшүүлэхийг зөвхөн намын штабууд зөвшөөрөөд зогсоогүй, хууль зүй, татварын систем, монополийн эсрэг бодлого ба улсын нөөцийн ашиглалтын ил тод байдлыг хангасан Украины европ засварын хамтарсан хөтөлбөрийг боловсруулахаар сонгогчидтой хийсэн зөвшилцөл юм” гэж Луценко бичжээ. Үүний зэрэгцээ сонгуулийн кампанит ажил Луценко болон Тимошенког суллуулах уриа биш “Украиныг чөлөөлөх” уриан дор явагдах ёстой хэмээн тэрээр захидалдаа онцолжээ.
Ийнхүү сөрөг хүчний намууд нэгдэнэ хэмээн сөрөг хүчин орон нутгийн сонгуульд ялагдсанаас хойш бараг хагас жилийн турш Украины улс төрийн хүрээнд яригдаж байсан. Яценюко “Одоо хэн энэхүү нэгдлийг дэмжихгүй байна, тэр Януковчийн талд байгаа гэсэн үг” гэж хэлэв. Тимошенко шиг “өөрийгөө золиосонд” гарган “жагсаалтаас хасагдах, албан тушаал, ашиг сонирхлоо мартахад” бэлэн байхыг Турчинов уриалжээ.
Сөрөг хүчин Тимошенкогоор толгойлуулсан сонгуулийн нэр дэвшигчдийн жагсаалтаа гаргаж буйгаа зарлав. Ял эдэлж байгаа учраас Радад сонгогдох эрхгүй Тимошенког жагсаалтын эхэнд бичсэн нь бэлгэдлийн чанартай гэж хэлж болохоор. Жагсаалтын хоёрдугаарт Яценюк бичигджээ. Яценюк “Батькивщина” намын туг дор сонгуульд оролцохоор тохиролцсон учраас ийнхүү жагсаалтыг толгойлох болов. Жагсаалтын гуравдугаарт Турчинов бичигдэх бололтой, харин хоригдол Луценког яах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. “Дараагийн гурван долоо хоногийн дотор бид энэ асуудалд цэг тавин олон нийтэд 2012 оны сонгуульд нэгдсэн сөрөг хүчин ямар байдлаар оролцох талаар тайлбарлах болно” хэмээн Яценюк амлажээ.
Сөрөг хүчин энэ намар Дээд радад олонх болох магадлал өндөр байгаа. Ямар ч тохиолдолд Тимошенко, Луценко нарын нам нэгдэж байгаа давуу тал болж байна гэж шинжээчид дүгнэв. “Тимошенко ба Яценюк нарын сонгогчдын хэмжээ нь бараг адил. Хэрэв тэд тус тусдаа сонгуульд орсон бол хоорондоо өрсөлдөх байсан. Харин нэгдсэнээр тэд дэмжигчдээ өргөжүүлэх боломжтой” хэмээн шинжээч хэлэв. Намууд жагсаалтаа хэрхэн эрэмбэлэх нь одоогоор тодорхойгүй бөгөөд сонирхолтой байгаа. Тимошенкогийн “Батькивщина” нам “Өөрчлөлтийн фронт” намаас чансаагаар илүү харин Яценюкийн хувийн чансаа одоо чөлөөтэй байгаа лидрүүдийнхээс өндөр байгаа юм.
Үлдсэн жижиг улс төрийн хүчнүүд болох Олег Тягнибокийн “Эрх чөлөө” намын үндсэрхэг үзэлтнүүд Виталий Кличкогийн “Цохилт” намынхан нэгдэх эсэхээ одоогоор зарлаагүй байна. Гэхдээ үндсэрхэг үзэлтнүүдтэй тэд нэгдэхгүй болов уу гэсэн таамаг байгаа юм.
450 суудалтай Дээд радад одоогоор Бүс нутгийн нам хамгийн олон буюу 175, Виктор Януковичийг дэмжигч коммунистууд 27, “Владимир Литвины холбоо” 20 мандаттай байгаа. Тимошенкогийн БЮТ жигүүр болон Виктор Ющенкогийн “Манай Украин-Ард түмний өөрийгөө хамгаалалт” хоёр нийлээд Радын олонх болж чадах боловч тэд эвсэл болоогүй. Нэгдсэн намуудын удирдлага одоогоор Ющенкогийн штабтай яриа хэлцэл явуулах боломжийн талаар авч хэлэлцээгүй байгаа юм. Украины экс ерөнхийлөгч Тимошенког мөрдөн мөшгөх ажиллагааг бараг дэмжсэн байр суурьтай байснаас тэд яриа хэлцэл хийхгүй байгаа юм.