Дарханы Дулааны цахилгаан станцад “Эрчим хүчний үр ашиг-1” хөтөлбөрийн хүрээнд 35 мвт-ын шинэ уурын турбин суурилуулах төслийн нээлт, шав тавих ёслол болжээ. Уг төсөл нь Дархан хотын дулааны эх үүсвэрийг найдваржуулах, өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор ХБНГУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу ХБНГУ-ын сэргээн босголт банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж байгаа ажээ. Энэ турбо генераторыг суурилуулснаар тус станцын суурилагдсан хүчин чадал 35 мвт-аар нэмэгдэж цаашид 50 хүртэл жил ашиглах баталгаа болж, жилд боловсруулах цахилгаан эрчим хүчний хэмжээ 415 сая квт/цагт хүрэх гэнэ. Төсөл хэрэгжсэнээр шинэ турбины уурын хувийн зарцуулалт 1.2-4 т/ц хүртэл буурч байгаа нь нэгж бүтээгдэхүүний өөрийн өртөг хямдарч, байгаль орчны бохирдлын хэмжээг 30 хүртэл хувиар бууруулан, техник технологийн шинэчлэлт хийгдэх ач холбогдолтой гэнэ. Дарханы Дулааны цахилгаан станц энэ төслийг хэрэгжүүлснээр жилд үйлдвэрлэж байгаа цахилгаан эрчим хүчний хэмжээ хоёр дахин нэмэгдэж, түлш эрчим хүчний салбарын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээнд тус станц одоо эзэлж байгаа зургаан хувь 12 болж өснө. Мөн дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ хоёр дахин өсч тус аймагт үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэх, хотыг цаашид хөгжүүлэхэд нэн шаардлагатай дулааны найдвартай эх үүсвэр бий болох юм байна.
Б.Норовсамбуу /Дархан/