Уул уурхайн салбарт 3 тэрбум доллар оржээ

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Уул уурхайн салбарт 3 тэрбум доллар оржээ

Манай улсын эдийн засгийн гол тулгуур уул уурхайн салбар болохын хэрээр салбар руу чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт болон “зузаатгал” эрчимтэй хийгдэж байна. Өөрөөр хэлбэл салбарын компаниудын хооронд хэрэгжүүлж буй төслүүдээ наймаалцах ажил ид өрнөж байна.

Өнгөрсөн оны байдлаар Монгол улсын бизнесийн салбарт оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 3.8 тэрбум ам.долларт хүрчээ. Үүний 80 гаруй хувь нь уул уурхайн салбарт орсон байна. Тэр дундаа “Оюутолгой” төсөлд оруулж буй хөрөнгийн хэмжээ өнгөрсөн жилийн байдлаар 2.4 тэрбум ам.доллар байсан нь уул уурхайн салбарт орсон санхүүжилтийн хэмжээ өндөр гарахад нөлөөлжээ.

Үүнээс гадна уул уурхайн салбарт дотоодын болон гадаадын компаниудын Монголд хэрэгжүүлж буй төслүүдийг бүрэн болон хэсэгчилсэн байдлаар худалдаж авахад зориулсан хөрөнгийн хэмжээ өнгөрсөн жилийн дүнгээр 1.65 тэрбум ам.долларт хүрсэн байна. Иймэрхүү тохиролцоонд 27 нүүрсний төсөл багтсан байна. Тухайлбал Тайландын “Банпу” нүүрсний магнат Монголд хэд хэдэн нүүрсний төсөл хэрэгжүүлдэг “Хүннү Коал” компанийг 493 сая ам.доллараар, “Энержи Ресурс” компани “Баруун наран” коксжих нүүрсний ордыг “QGX”-ээс 464 сая ам.доллараар худалдаж авсан нь өнгөрсөн жилийн хамгийн том тохиролцоонууд байсан юм.

Энэ жилийн хувьд уг үзүүлэлт өнгөрсөн жилийнхээс буурахгүй болов уу. Учир нь дөнгөж эхний дөрвөн сарын байдлаар нүүрсний төслүүдийг худалдаж авах тохиролцоонууд хэдийнэ тэрбум гаруй доллар давах нь тодорхой болоод байна. Үүнд “Саут гоби сэндс”, “Занаду Майнс”, “Модун Ресорсез” зэргийг дурдаж болно.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж