Ерөнхий сайд асны оффист гар бөмбөг дэлбэрчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд асны оффист гар бөмбөг дэлбэрчээ

Грекийн Ерөнхий сайд асан Константинос Симитисийн ажлын өрөөнд мягмар гаригийн орой орон нутгийн цагаар 21.00 цагийн орчимд гар хийцийн бөмбөг дэлбэрсэн талаар ИТАР-ТАСС мэдээллээ.

Афин хотын төвд байдаг Константинос Симитисийн ажлын өрөөний үүдэнд ахуйн хийгээр хийсэн тэсрэх бөмбөг тавьсан байжээ. Хийтэй бөмбөг дэлбэрснээс ихээхэн гал гарсан ч хүмүүс гэмтэж, бэртээгүй байна. Гал сөнөөгчид болон цагдаа нар дэлбэрэлт болсон байшинд байсан хүмүүсийг гаргаж, галыг унтраасан ажээ. Галыг  унтраахаар  27 гал сөнөөгч ажилласан гэнэ. Одоогоор бөмбөг тавьсан эзнийг олоогүй байгаа боловч Афины үймээн самуун дэгдээгчид тавьсан байх гэж таамаглаж байна.

Константинос Симитис нь Грекийн нэр хүндтэй улс төрч бөгөөд Бүх грекийн социалист хөдөлгөөн намын гишүүн юм. Тэрбээр Грекийн Ерөнхий сайдын албыг 1996-2004 оны хооронд хашиж байжээ. Түүнчлэн Константинос Симитис  зарим сайдын ажлыг хийж байсан туршлагатай улс төрч аж. Өдгөө 75 настай тэрээр ямар нэгэн албан тушаал хашаагүй байгаа юм.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж