”Хугацаандаа бүх ажлаа хийх боломж байгаа”

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

”Хугацаандаа бүх ажлаа хийх боломж байгаа”

Сонгуулийн Ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнгээс сонгуулийн бэлтгэл ажлын талаар тодруулга хийлээ.

-Сонгуулийн
тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн Цэц дээр унасантай
холбоотойгоор танай үйл ажиллагаа, байр сууринд ямар нэг өөрчлөлт гарч
байна уу, сонгуулийг зохион байгуулахтай холбоотой бэлтгэл ажлаа
танилцуулаач?

-Энэ нь Үндсэн хуулийн Цэц, УИХ-ын хоорондын
асуудал. Сонгуулийн Ерөнхий хороо хуулийг хэрэгжүүлэх л үүрэгтэй. Энэ ч
утгаараа хуулийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад л явж байна.
Хуулийн хүрээнд, хуулийн дагуу хуваарь гаргаж, түүнийгээ мөрдөөд л
ажиллаж байгаа. Тойрог, хэсгийг байгуулсан. Одоогийн байдлаар 1904 хэсэг
байгуулагдаад байна. Хэсэг гэдэг маань санал авах газар. Энэ газрыг
сум, дүүргүүдэд байгуулсан. Энэ жилийн нэг онцлог гэвэл өмнөх
жилүүдээсээ хэсгийн тоо тодорхой хувиар нэмэгдсэн. Яагаад гэвэл хуульд
нэг хэсэгт байх сонгогчдын тоог цөөрүүлж зүйлчилсан юм. Хэсэгт өмнөх
Сонгуулийн хуулиараа 6000 орчим хүн багтдаг байсан бол шинэ хуулиар 3000
хүн байхаар тусгасан. Нэг хэсэгт байх сонгогчдын тоо хоёр дахин цөөрсөн
учраас хэсгийн тоо ингэж нэмэгдэж байгаа юм. Сонгогчдын нэрийн
жагсаалтыг гаргаж гуравдугаар сарын 15-ны дотор веб сайтад тавих ёстой
байдаг. Үүнийг Улсын бүртгэлийн ерөнхий газар хариуцан хийж байна. Ажлын
явцтай манайх танилцсан. Ажлыг зохих журмын дагуу хийсэн байна билээ.
Мөн Улсын бүртгэлийн газартай хамтран сонгогчдын бүртгэлийг хянаж,
нягтлах ажлын хэсэг байгуулсан. Үйл явцыг хийх журмын төслийг ч
боловсруулсан байгаа. УИХ-ын хаврын чуулганд үүнийгээ танилцуулж
батлуулна. Нийт Сонгуулийн ерөнхий хороо 50 гаруй хууль, заавар, загвар
маягтыг гаргах ёстой байдаг. Үүнийхээ 30 орчим хувийг нь хийчихсэн
байна. Мөн бэлэн болгосон 10 гаруй журам, заавар байгаа. Сонгуулиас өмнө
хугацаандаа бүх ажлаа хийх боломж байгаа. Эндээсээ журам, заавар
маягтаа батлаад хэсэг, хороодод тараах ажил хийгдэнэ.

-Хоёр сонгуулийг нэг өдөр явуу­лах боломжтой эсэхийг дахин асууя. Нөхцөл байдал өөрчлөгдөөгүй биз?

-Хуулиндаа
заачихсан байгаа учраас хэрэгжүүлэх үүрэгтэй. Тухайлбал, Татварын
хуулиар та татвар төлөх ёстой гээд заачихсан байхад хэрэгжүүлэх боломж
бий юу, үгүй юу гэж асуух нь сонин биз дээ. Бэлтгэл ажлаа бид хийж
байгаа. Орон нутгийн сонгуулийг орон нутаг өөрөө зохион байгуулдаг.
Манайхаас арга зүйн зөвлөгөө л өгдөг. Арга зүйн зөвлөгөөгөө өгч байгаа.

-Санал тоолох машины түрүүч ирсэн гэсэн. Энэ тал дээр асуудалгүй биз дээ?

-Гэрээнд
зааснаар 2500 машин ирэх ёстой. Одоогийн байдлаар 740 автомат машин
заасан хугацаандаа ирээд байна. Энэ машинуудыг нэг бүрчлэн шалгаж хүлээн
авах ажил хийгдэж байгаа.

Б.Энхмаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж