Р.Тамир: Амжилтаа ахиулах нь бидний гол зорилго

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Р.Тамир: Амжилтаа ахиулах нь бидний гол зорилго

Монголын эмэгтэй волейболын үндэсний шигшээ багийнхан одоо Ус сувгийн удирдах газрын “Чандмань” спорт цогцолбор болон МУИС-ийн Эдийн Засгийн сургуулийн зааланд бэлтгэл сургуулилтаа базааж байгаа билээ. Үүнээс гадна тэд тэмцээн болох Спортын шинэ ордонд мөн бэлтгэл хийх юм. Тэмцээн эхлэх хугацаа ойртсон учраас нэлээд эрчимжүүлсэн бэлтгэлд орсон шигшээ багийнхны бэлтгэлтэй танилцаж, энэ үеэр дасгалжуулагч Р.Тамиртай цөөн хором ярилцлаа. Өдөрт хоёр ээлжээр нийт зургаан цагийн бэлтгэл хийж байгаа волейболын шигшээ багийнхны ур чадвар харьцангуй дээшилсэн нь харагдаж байлаа. Нурууны хувьд ч гэсэн дасгалжуулагчийн хэлсэнчлэн боломжийн юм билээ. Дундаж өндөр 176 см гэхээр амжилт үзүүлэх магадлал их. УСУГ-ын спорт заал нь шинэхэн баригдсан болохоор бэлтгэл хийхэд тун боломжийн. Харин МУИС-ийн Эдийн засгийн заал нэлээд хуучирсан учраас хүндрэл гарч байгааг үгүйсгэсэнгүй. Болдог бол УСУГ-ын спорт зааландаа л бэлтгэлээ хийгээд байж болдоггүй юм байх даа гэсэн бодол төрөв. 

-21 хоног Эрдэнэтийн “Хангарьд” цогцолбор бэлтгэл хийлээ. Шигшээ багийнхны тамирчдын бэлтгэл хэр хангагдаж байна вэ?

-Гурван дасгалжуулагч, нэг орчуулагч, 21 тамирчны бүрэлдэхүүнтэй баг хоёр сарын өмнөөс үндсэн бэлтгэлдээ гарсан. Эрдэнэтэд бид нэгдсэн бэлтгэл хийгээд одоо УСУГ болон МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн спорт зааланд бэлтгэлээ хийж байна. Тамирчдын бэлтгэл боломжийн төвшинд байгаа. Ямар ч байсан одоогоор ямар нэгэн асуудал гараагүй.

-21 тамирчнаас 12-ыг тэмцээнд оролцуулахаар үлдээсэн байна. Тамирчдыг хэрхэн сонгон шалгаруулав?

-Өнгөрсөн лигийн тэмцээнд оролцсон байдлыг нь харж байгаад 21 тамирчныг сонгосон. Тэгээд бэлтгэлийнх нь явцыг хараад 12 тамирчнаа сонголоо. Одоо яг тэмцээнд оролцох бүрэлдэхүүнээрээ эрчимжсэн бэлтгэл хийж байгаа. Шигшээ багийн 70 хувийг “Энагура”-гийн тоглогчид бүрдүүлсэн. Харин үлдсэн тамирчдыг сонгон шалгаруулсан. Ер нь бол “Энагура”-г шигшээ багийг бүрдүүлэх зорилготойгоор байгуулсан юм билээ.

-2009 онд манайхан хүрэл медаль авч байсан. Тэр бүрэлдэхүүн хэвээрээ юү. Эсвэл өөрчлөгдсөн үү?

-2008 оны Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан ганцхан тамирчин одоогийн шигшээ багт бий. Бусад нь тэр чигээрээ өөрчлөгдсөн. 2009 оноос хойш бага зэргийн өөрчлөлт орсон байгаа.

-Анхдугаар тэмцээнд үзүүлсэн амжилтаа давтах, цаашлаад ахиулах магадлал хэр өндөр байна вэ?

-Бид амжилтаа ахиулахыг гол зорилгоо болгоод бэлтгэл хийж байна. Бидэнд хангалттай боломж бий. Манай багийнханд байгаа хамгийн том давуу тал бол бид нутгийнхаа үзэгчдийн өмнө тоглоно. Үзэгчдийн дэмжлэг багийн хожилд онцгой үүрэг гүйцэтгэдэг учир хожил авахын төлөө хичээх болно.

-Одоогийн шигшээ багийн бүрэлдэхүүний онцлог юу вэ?

-Нуруугаар арай илүү болсон. Бас солонгос мэргэжилтэн ажиллаж байгаа болохоор ур чадварын тал дээр тодорхой хэмжээний ахиц гарсан гэж дүгнэж байна. Харьцангуй залуу тоглогчид учраас сайн амжилт үзүүлэх байх.

“Спортын шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж