Интернетийг жолоодогч

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Уралдааны болзлыг хангах хэмжээний ганц ч атугай санал ирүүлээгүйн улмаас гуравдугаар сарын 10-ны өдөр Интернетийг удирдах эрхийн төлөөх тендер бүтэлгүйтсэн талаар олон нийтэд мэдээллээ. Хамгийн сонирхолтой нь ийм тендер байдаг эсэхийг олонх хүн тэр өдөр л мэдсэн гэхэд болно. Энэ нь ч аргагүй юм. Өнөөдрийг хүртэл Интернетийн сүлжээг удирдах тухай гэрээг гагцхүү ICANN корпорацитай л байгуулж байсан билээ.

ICANN бол арилжааны бус байгууллага бөгөөд Интернетийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдсон асуудлуудыг зохицуулах үүрэгтэйгээр 1998 онд байгуулагджээ. Тус компани шинэ домэн нэр үүсгэх, DNS-ийн бүтцийг өөрчлөх г.м. дэлхийн хэмжээний асуудлуудыг шийддэг. ICANN компанийг байгуулагдахаас өмнө эдгээр асуудлыг АНУ-ын Засгийн газар хариуцан ажилладаг байв. Интернетийг Пентагоны ARPANET сүлжээнээс үүсгэн бий болгосон гэж үзвэл тэгэхээс ч аргагүй байсан биз ээ. Гэвч яваандаа Сүлжээ өргөжих болсонд бусад орон түгшиж эхэлсэн. Хэдийгээр ICANN тусдаа гарч бие даасан байгууллага гэгдэж байсан ч “хараат” хэвээр байсан юм. Тодруулбал, тус байгууллага 2006 он хүртэл АНУ-ын Худалдааны яамны дэргэдэх Үндэсний мэдээлэл, харилцаа холбооны удирдах газарт (NTIA) үйл ажиллагаагаа байнга тайлагнадаг байлаа. Улмаар 2009 он хүртэл үйл ажиллагааныхаа зарчмуудын талаар дээрх байгууллагатай зөвлөлдсөөр ирсэн юм.

1999 онд ICANN-ы бүрэлдэхүүнд бас нэг арилжааны бус IANA хэмээх байгууллага багтах болов. Хэрэв ICANN-ыг Интернетийн “хууль ёсны удирдлагын нэгж” гэж үзвэл IANA нь “гүйцэтгэгч байгууллага” болно. Интернетийн сүлжээ дөнгөж хөгжиж байсан тэр л үед бий болсон IANA домэн нэр удирдах, интернетэд ашиглагдаж буй протоколуудыг тодорхойлох, IP хаягийн блокуудыг хувиарлах гэсэн ажлуудыг хариуцдаг.

Ер нь Интернетийг удирдах тухай асуудал яагаад босох болсон бэ. Интернет нь маш олон салаатай, тэдгээр нь харьцангуй бие даасан үйл ажиллагаатай хэрнээ яаж ч бодсон дээрээс доош захирах бүтэцтэйгээр оршиж байгаад хамаг учир байна. Интернет хангамжийн компаниуд сүлжээнд холбогдсон компьютер бүрт IP хаяг оноож өгдөг. Харин энэхүү IP хаягуудыг дээрх компаниуд Орон нутгийнхаа (LIR) эсвэл Үндэснийхээ интернет-регистраторуудаас (NIR) авдаг. LIR, NIR нь цаашлаад Бүс нутгийн регистраторуудаас (RIR) тэрхүү IP хаягийн блокуудыг авдаг. Тэгвэл IANA нь RIR-үүдэд IP хаяг хуваарилах асуудлыг хариуцдаг юм. Ингэснээр сүлжээнд ижил хаягтай төхөөрөмж бий болох, ийм төрлийн алдаа үүсэхээс зайлсхийх нөхцөл бүрддэг байна. Мөн DNS-ийн мэдээлэл (сайтын нэр тухайн сайтдаа л гарч ирэх ёстой), ашиглагдаж буй протоколуудыг ч ийм маягаар зохицуулдаг юм.

ICANN-ийн бүрэлдэхүүнд багтах болсноосоо хойш IANA Интернетийг бараг тасралтгүй удирдсан гэж хэлж болно. Энэ хоёр компани 2000 онд анхны гэрээгээ байгуулж байсан бөгөөд 2006 онд дахиад таван жилээр сунгажээ. Тус байгууллагууд хэт холилдон ажилласан. Тиймээс IANA-ийн албан ёсны сайтад ICANN-ы бүтцэд багтдаг гэж бичсэн байдаг хэдий ч IANA-ийн гүйцэтгэх ажил үүргүүд ICANN-ы үндсэн чиг үүрэгт давхар дурдагдсан нь бий. Энэ удаагийн тендерт ICANN дахиад ялна гэж найдаж байсан. Учир нь 2011 оны есдүгээр сард тендер зарлалгүйгээр IANA-тай байгуулсан гэрээг ахин хагас жилээр сунгасан байв. Энэ хугацаандаа IANA-г удирдах эрхийн төлөөх тендерийг явуулах төлөвлөгөөтэй байсан ажээ.

Гэтэл энэ удаад ажил санаснаар явсангүй. Америкийн эрх баригчид (нөгөө л NTIA) ICANN-д шууд нөлөөлөх мэдэлгүй болсон хэдий ч IANA-г удирдах гэрээний болзлуудын агуулгыг хариуцсан хэвээр байгаа. Тиймээс 2011 оны эцэст зарласан тендерийн болзолдоо “интернет ертөнцийнхний хүсэлтийг харгалзан үзсэн” нөхцөлүүдийг тусгасан гэдгээ онцолсон байв.

Яриад байгаа гэрээ нь энэ мөн (https://www.fbo.gov/index?s=opportunity&mode=form&id=e90ec616702fd6c52c91c0e67ccbf501&tab=core&_cview=1) юм бол интернет ертөнцийнхөн сүлжээг удирдаж буй компанийн ил тод байдлыг улам тунгалаг болгох, олон нийтэд зайлшгүй тайлагнадаг байх, орон бүрийн хууль журмыг хүндэтгэх, IANA-ийн бодлогыг бий болгож ажил үүргийг нь хуваарилах, тэдгээрийг хэрэгжүүлэх гэсэн хүсэлтүүдийг гаргасан бололтой. Тэгвэл эдгээр болон бусад болзлыг биелүүлэхэд ганц ч компани бэлэн биш байгаа нь ойлгомжтой болов. Дээрх тендерт ICANN-аас гадна гурван байгууллага оролцжээ. Тэдний хоёр нь үнэндээ арилжааны байгууллага байв. Харин гурав дахь нь үйл ажиллагааныхаа чиглэлийг дурдахыг ч хүсээгүй бололтой. Тэгсэн ч эдгээр байгууллагыг ноцтой хүлээн авах хэрэггүй. Учир нь нэг дэх компани нь нэг сэдэв дагнасан мэдээллийн сайт, хоёр дахь нь намхан эмэгтэй даргатай гэдгээ давууд үздэг, харин гурав дахь нь сайтаа ч олигтой хийлгэж чадаагүй, ердөө таван ажилтантай компани байна. Эдгээр компани Интернетийн удирдлагыг гартаа авах чин хүсэлтэй байв уу эсвэл хэн нэгэнд өөрсдийгөө “ашиглуулах” бодлоготой байв уу гэдэг нь ойлгомжгүй. Гэхдээ одоо энэ чухал биш. Хамгийн гол нь ICANN-ы зүгээс ирүүлсэн санал ч бас тендерийн болзлыг хангаагүй гэдэг нь сонин байна. Тэгсэн атлаа үүнийг харгалзан үзэлгүй “онцгой тохиолдол” гэх шалтгаанаар IANA-тай байгуулсан ICANN-ы гэрээг ахиад хагас жилээр буюу 2012 оны есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгачихлаа. Америкийн эрх баригчдад өөр арга зам байгаагүй ээ. Учир нь Интернетийг “жолоодох” чадвар өнөөдөр зөвхөн ICANN-д л байна. Хүнд суртлын зарим нэг асуудлаас болж сүлжээний тогтвортой үйл ажиллагааг эрсдэлд оруулахыг хэн хүсэх юм. Гэвч Вашингтон, ICANN хоёр юуг хувааж чадахгүй, юун дээр санаа нийлэхгүй байгаад байна вэ гэсэн асуулт сонин байна.

ICANN-ы зүгээс одоогоор ямар нэг тайлбар гаргаагүй байгаа. Гэхдээ тэдний явуулсан санал унаж, тендер хойшлогдоно гэдгийг ICANN эцсийн мөч хүртлээ мэдээгүй гэх яриа гараад байна http://news.dot-nxt.com/2012/03/10/icann-no-idea-icann-rejection. Тус компани нэгдүгээр түвшний шинэ домэнуудыг бий болгох ажилд хэт “эрх чөлөөтэй” хандсаны улмаас энэхүү тендерт бүдэрсэн гэх таамаглалуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэвшүүлж эхэллээ. Үнэндээ ч ICANN байгуулагдсан цагаасаа эхлээд л энэ ажилд нь хошуу дүрсэн хэнбугайд ч “жинхэнэ төрхөө” харуулдаг байв.

Аль 1999 онд ICANN компани домэн нэр бүртгэгчдийн зах зээлийг эмхэлж домэн нэрүүдийг бүртгэх эрх ганц компанийн мэдэлд байсныг халж чадсан юм. Гэсэн хэдий ч аль нэг орны мэдэлд байдаггүй дээд түвшний домэнийг (.com, .net г.м.) үүсгэх ажил 2011 он хүртэлх хугацаанд маш түвэгтэй, өртөг өндөртэй хэвээр байлаа. Харин саяхнаас 200 мянган ам.доллар зарцуулан хэдэн сар (өмнө нь хэдэн жилээр яригддаг байв) хэлэлцсэний эцэст өөрийн гэсэн хувийн талбартай болох боломж бүрдсэн.

Бизнесийн үйл ажиллагаанд зориулсан домэнуудыг бий болгож эхлэхэд Вашингтоны зүгээс хошуу дүрэхгүй байж чадсан. Харин “.ххх” талбарыг үүсгэхэд чадлынхаа хэрээр эсэргүүцсэн юм. Эсэргүүцлээ илэрхийлэх чадал нь ч байсан. Учир нь ICANN-ыг хянадаг байгууллагуудын нэг болох GAC буюу Засгийн газрын зөвлөх хороо тус компанид (ICANN) гишүүнчлэлтэй тул АНУ-ын эсэргүүцлийг дамжуулж байв. GAC энэхүү эсэргүүцэлдээ “.ххх” өргөтгөлтэй талбарыг дэлхий нийтийн эрх ашигт нийцэхгүй гэсэн үндэслэлийг иш татаж байв. Эцсийн дүнд Америкийн эрх баригчид (нөгөө л NTIA) шинэ домэн нэр бүртгэх ажлыг зохицуулж буй ICANN компанийг цаашдаа “дэлхий нийтийн сонирхол (эрх ашиг)” гэсэн хүчин зүйлийг өөрийн албан ёсны үүрэгт ажилдаа тусгаж байхыг тулган хүлээлгэж чаджээ. (http://domainincite.com/gac-gets-more-power-to-block-controversial-gtlds/) Дээрх шийдвэр нь цаашид “.gay” (гей) мэтийн өргөтгөлтэй талбар үүсэхэд GAC шууд блоклох боломжтой болгосон гэж ажиглагчид үзэж байна.

ICANN-ы тэргүүн Род Бекстром (Rod Beckstrom) Америкийн зүгээс тулган шаардаж байсан дээрх нөхцлүүдийг маш их эсэргүүцэж байсан гэдгийг мартаж болохгүй http://domainincite.com/icann-fights-government-gtld-power-grab/. Америкийн эрх баригчид IANA-г удирдах эрхийн гэрээгээр шалтаглан ICANN-ы үйл ажиллагаанд дарамт учруулах ёсгүй хэмээн Род мэдэгдэж байсан. Иймэрхүү арга хэрэглэснээр нөгөө л “хууль ёсны” болоод “гүйцэтгэх” үүргүүдийг ялгаж үзэх зарчмаа зөрчсөн хэрэг болж байгаа талаар тэрбээр 2011 оны зун хийсэн мэдэгдэлдээ дурдсан байв. Гэтэл америкчууд энэ л зарчмыг байнга тулгадгийн сацуу саяхан зарласан IANA-г удирдах эрхийн тендерийн болзолд ч тусгасан байлаа.

Бекстромын эсэргүүцэж байгаа шалтгааныг сая байгуулсан ICANN-ы хагас жилийн гэрээтэй холбон үзэх хүн бас байна. Учир нь Бекстром энэ оны зургаадугаар сарын эцсээр огцорно гэдгээ мэдэгдсэн. Тиймээс түүний суудалд суух дараагийн хүн нь америкчуудтай хэл амаа ололцож чадах нэгэн байхыг үгүйсгэхгүй. Хэрэв бүх ажил Америкийн эрх баригчдын санаснаар явбал энэ жилийн эцсээр ICANN компани IANA-г удирдах эрхийн гэрээг дахиад өөрийн болгоно (өөр хэндээ шилжүүлэх вэ дээ). Ингэснээр Америкийн эрх баригчид Интернетийг хянаж байгаа компанид улам их хяналтыг тогтоох болно. Ямар ч тохиолдолд дээрх гэрээг зөвхөн Америкийн компани эзэмшинэ. Гэрээнд тэгж тусгасан байгаа.

Үйл явдал яаж ч төгссөн бай, жирийн хэрэглэгчид үүнийг эсэргүүцэхгүй нь лавтай. Эцсийн эцэст хэрэглэгчдэд ийм төрлийн хэрүүл уруул сонирхолтой биш бөгөөд “SOPA”, “PIPA” шиг хүний анхаарлыг тэгтэл татаад байдаггүй. Одоо ICANN ямар алхам хийхийг харах л үлдлээ.

Нэмэлт мэдээлэл

IANA-г бие даасан байгууллага болж ажиллаж байгааг нь буруушах хүн цөөнгүй байдаг. Тухайлбал, Домэн нэрийг зүй бусаар ашиглахын эсрэг бүлэглэлээс (CADNA) IANA-ийн хэрэгжүүлж буй үүрэгт ажлын тодорхой хэсгүүдийг өдгөө үйл ажиллагаагаа явуулж буй зарим байгуулагад, тухайлбал Интернетийн инженерийн зөвлөл (IETF), Интернетийн архитектурын зөвлөл (IAB) болон ICANN-д хуваан хуваарилахыг санал болгоод байгаа http://www.ntia.doc.gov/files/ntia/comments/110207099-1099-01/attachments

/CADNA%20Comments%20on%20the%20IANA%20Contract.pdf.
ICANN-ы зүгээс IANA-ийн хэрэгжүүлж буй зарим ажил нь бусад байгууллагын үүрэгт ажилтай давхцаж байгааг хүлээн зөвшөөрсөн хэдий ч энэ хэвээр нь үлдээхийг санал болгожээ. Энэ явдал интернетийг үр бүтээлтэй удирдахад саад учруулахгүй гэж тус компани үзэж байгаа аж http://www.ntia.doc.gov/files/ntia/icann_fnoi_comments_20110722.pdf.

ОХУ-ын Харилцаа холбооны сайд Игорь Щёголев интернетийн удирдлагыг тухайн орнуудын эрх мэдэлд шилжүүлэн өгөх тухай саналыг бас гаргаж байсан юм http://lenta.ru/news/2009/02/24/demonopol/. Гэвч энэхүү асуудал нь ICANN-ыг хянах үйл ажиллагаанд ОХУ-ыг оролцуулдаггүй гэсэн “гоморхлоос” үүдэн гарсан байх магадлалтай. Хожмоо тус компанийн Захирлуудын зөвлөлд Оросын төлөөлөл орсноор иймэрхүү санал дахин хөндөгдөөгүй билээ http://lenta.ru/news/2011/05/12/icann/.
http://lenta.ru/articles/2012/03/13/iana/

Эх сурвалж: http://uynaa.wordpress.com
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж